Литвиненкогийн үхэл Найман хувилбар

Гэмт хэргийн захиалагчдыг хэн ч нэрлэж зүрхлээгүй боловч Путины захиргааны үеийн Оросыг шүүмжилсэн материалыг хэд хэдэн сонин нийтэлжээ.
Дэйли телеграф сонин найман таамаглалыг уншигчдадаа дэлгэв. Эхнийх нь Энэ бол Путин. Гэхдээ багагүй хугацаанд тун ч зовлонтойгоор олон нийтийн өмнө өрнөсөн Литвиненкогийн үхэл Кремлийн эзэнд ашиггүй байсан гэдгээр сонин эхний таамаглалаа үгүйсгэх гэж оролджээ. Харин иймэрхүү хорлол дэглэмийн дайснуудад ашигтай байж болох юм хэмээн онцлов.

Хоёр дахь таамаглал Үүнийг Путины дайснууд гүйцэтгэсэн. Энэ хувилбар Кремльд хамгийн их яригдаж байгаа. Олон улсын чухал уулзалтын өмнө ийм хэрэг хоёр дахиа гарч байгаа нь сэжигтэй гэж Кремль үзэж байна. Дэйли телеграф сонины үзэж байгаагаар Анна Политковскаягийн аллагын дараа чухал мэдээлэл олж авсан тухай Литвиненкогийн мэдэгдэл нь хэн нэгнийг золигт гаргахыг эрмэлзэгч Оросын хуулиас зугтсан олон хүнд тус болсон тухай Путин тайлбарласан, энэ нь хоёр дахь таамаглалыг нэлээд жинтэй болгож байгаа ажээ. Гурав дахь таамаглал нь гадаадад байгаа Путины дайснууд. Энд Борис Березовскийн нэр гарч ирэв. Литвиненко тухайн цагтаа Березовскийг хорлох гэж байгааг өөрт нь сонсгосон хүн. Оросын Ерөнхийлөгчийг эвгүй байдалд оруулахын Березовский найзыгаа золигт гаргах нь арай ч байж боломгүй хэрэг. Сонинд КГБ-гийн офицер байсан Олег Горидоёвскийн хэлсэн үгнээс иш татан амийг нь аварсан хүнийг Березовский хэзээ ч золигт гаргахгүй гэж бичжээ.

Дөрөв дэх таамаглал Путинд гай тарих зорилгоор Литвиненког хүчнийхэн хорлосон байж магадгүй. Хүчнийхний зарим нь Путиныг Орост аюултай гэж үзсэн байх. Ийм маягийн хордуулалт 2008 оны засгийн эрхийн төлөөх тэмцэлд нөлөө үзүүлэх нь дамжиггүй гэж тооцоолсон болов уу.
Тав дахь таамаглал нь Оросын Ерөнхийлөгчид талтай ханддаг КГБ-гийн туршуулууд улс орныхоо нэр хүндэд халгаатай тэрслүү үзэлтнүүдийг шийтгэж буй хэрэг. Дэйли телеграф бичсэнээс үзвэл тусгай албаны ахмад дайчин Игорь хордуулагч гэгч этгээд Литвиненког хөнөөжээ. Италийн Марио Скарамеллагийн Литвиненкод дамжуулсан баримт бичигт Игорь гэсэн нэр байсан гэдэг.

Холбооны аюулгүйн албанд ажиллаж байхдаа Литвиненко өөртөө дайсантай болсон байх талтай хэмээн зургаа дахь таамаглалыг сонин дэвшүүлжээ. ХАБ Оросыг дэлбэлж байна гэсэн ном нь хамтран ажиллагчдынх нь дундаас дайсан төрүүлсэн байж болох юм. Үлдсэн хоёр таамаглал болох амиа золиослосон явдал, азгүй тохиолдол гэдгийг Дэйли телеграф чухал гэж үзэхгүй байна. Гэхдээ 1991-2002 онд хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэрээс 40 кг орчим зэвсгийн уран, плутоний алга болсон гэх МАГАТЭ-гийн мэдээллийг сонины нийтлэлд сануулан бичжээ. Полоний гэх бодис дамчдын гараас Литвиненкод санамсаргүй орсон байхыг ч үгүйсгэсэнгүй.

ОРОС ДАРАНГУЙЛАЛ РУУ УХРАВ УУ?
Орост өрнөж буй хэрэг явдалд бусад сониныхон Литвиненкогийн хэргээс илүүтэй анхаарсан байна. Independent сонины тоймч Йоханн Хари өгүүллээ Ирээдүйдээ хийсэн ухралт Оросын дарангуйлагч дэглэм тэрсүү үзэлтнүүдээ ээлж дараалан зайлуулж байна гэж гарчигласан байна. Хүйтэн дайнаас хойш Оросын мэдээллийг сонирхохоо больсон хүнд Оросын Жеймс Бондыг Лондонд илгээж, нэр цуутай зочид буудалд тэрслүү үзэлтнийг хордуулсан гэх нь өнгөрсөн үеийн тайлбарлашгүй агшин мэт санагдаж магадгүй. Харин үйл явдлыг сонирхдог хүмүүст бол Владимир Путины үед Орос орон эргээд дарангуйлагч дэглэм руугаа алхаж яваа нь тодорхой болсон билээ гэж сонинд бичсэн байна.
Политковская, Литвиненко, Ющенко нар. Нэг хордуулгыг нь амжилтгүй болсон ажиллагаа гэж болно.

Гэхдээ энэ гурван халдлага нь санамсаргүй биш, төлөвлөсөн стратеги бөгөөд хохирогчдын жагсаалт өссөөр байна гэж уг сонин үзжээ. Эхлээд харвал Литвиненког хордуулсан нь найдвартай арга биш мэт. Гэхдээ өмнөх халдлага шиг л та нар хаа ч байсан бид олно, та зовон зүдэрч төгсөнө гэсэн Путины шүүмжлэгчдэд сануулга юм. Сонин хэрэг явдалд Путины шууд холбоог тогтоож чадаагүйг хүлээн зөвшөөрсөн ч Путины эрх мэдэлд хүрсэн бүхий л замналыг бичсэн байна. Тоймч энэ бүгдийг дурдахдаа өнгөрсөн долоо хоногийн турш Оростой холбоотой өрнөсөн гол үйл явдал нь Хельсингийн хэлэлцээр гэсэн байна. Европ Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байгаа цагт Европ Путины эсрэг зогсч чадахгүй гэдгийг сонин онцолжээ.

Ардын эрх сонин 232 /510/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button