Хайр нэхэх жаалууд бэлэг гардлаа

Хоёр гapaa өвдөг дээрээ тавин цомцойн суух Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгийн жаалууд өчигдөр бэлэг гардлаа. Хүн бүрийн нүднээс хайр гуйн бүлтэгнэх тэдгээр жаалуудын харцнаас Миний ээж, аав ирээ болов уу гэх эрлийг төвөггүй уншиж болохоор байв. Гэхдээ бяцхан жаалууд бэлэгний бараа харуутаа зүрхэндээ нуусан гунигаа мартаж бүгд л дуу шуу болдог юм байна. Цэцэрлэгийн захирал Ц.Тунгалаг хүүхдүүдэд хандаж Томоотой сууцгааж байгаарай Хүүхэд бүрт бэлэг хүртээнэ гэж хэлсэн ч ууттай боов, таргийг бусдаасаа өрсч авах гэж хэрээрээ л хичээцгээсэн юм.

Монгол-Калифорнийн бизнесийн форумаас Улс тунхагласны баярын өдрийг тохиолдуулан хүүхдүүдэд тусламжаа хүртээсэн нь энэ юм. АНУ-д жил бүрийн Талархалын баярын өдрөөр өнчин хүүхдүүддээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор бэлэг өгдөг юм байна. Энэхүү уламжлалыг Монгол-Калифорнийн бизнесийн форумынхан нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн цэцэрлэгт хэрэгжүүлсэн нь энэ бөгөөд цаашид уламжлал болох аж. Тус цэцэрлэгт бүтэн болон хагас өнчин өргөст торны цаана ял эдэлж буй эцэг, эхчүүдийн болон, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн хүүхдүүд хүмүүждэг юм байна. Орц гудамжнаас олдсон хүүхдүүд ч бүл нэмдэг гэсэн. Одоо дээрх цэцэрлэгт 120 орчим хүүхэд хүмүүжиж байгаагаас 40 орчим хувь нь төрөлхийн оюуны хомсдолтой, саажилттай, архаг суурь өвчтэй, тулгуур эрхтний гажигтай хүүхдүүд.

Тэдэнд бусад хүүхдүүдээс илүү асаргаа арчилгаа шаарддаг бөгөөд жилд хоёр удаа Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эмчлүүлдэг юм байна. АНУ-ын Калифорни мужийн иргэн Монгол-Калифорнийн бизнесийн форумыг санаачлагч хатагтай Грейс хүүхдүүдэд бэлэг гардуулахдаа Би та нарыг бүгдийг өөрийнхөө хүүхэд болгомоор байна гэж хэлсэн нь тэдэнд ихэд таалагдах шиг болсон. Бүгд л нэгэн дуугаар Баярлалаа гэж талархлаа илэрхийлэн ууттай таргаа уухын түүс болсон юм. Гэсэн ч зочдоо дуу хуураар үдэхээ мартаагүй ээ.

Ардын эрх сонин 232 /510/
Г. Нэргүй

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button