Ирэх жил орос хэл сургалтын программаас хасагдах ч юм билүү, мэдэхгүй

Харин өнөөдрийн залуус орос хэл мэдэхгүй, мэддэг нэг нь мартах дөхсөн гэхэд хилсдэхгүй болж. Учир нь, ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн программаас орос хэл үзэх цагийг хассантай холбоотой гэх. Тэр битгий хэл, арваннэгдүгээр ангийн хичээлийн программаас орос хэлийг бүр хасчээ. Сурах сонирхолтой хүүхдүүд сонгон хичээлээр л судлах боломжтой аж. Орос хэл орох цаг багасахаар багш нарын цаг багасч, цалин нь багадаж байна. Зарим нь ажилгүй боллоо гэсэн мэдээлэл манай сонины редакид ирсэн юм. Ингээд энэ мэдээллийг тодруулахаар гадаад хэл, урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 сургуулийн орос хэлний багш Ч.Рэнцэнмаатай ярилцлаа.

-Орос хэлийг сургалтын программаас хасагдсан гэх юм?

-Сургалтын программаас хасагдсан юм бол байхгүй. Харин орох цаг нь багассан. Шинэчилсэн сургалтаар. Өмнө нь тавдугаар ангиас эхэлж орос хэл ордог байсан бол 2006-2007 оны хичээлийн жилд 7-9 ангид л орохоор болсон. Ингэхлээр багш нарын орох цаг ч багасна. Аравдугаар ангийнхны хувьд заавал сонгож үзэх хичээл дотор орос хэл байгаа. Тухайн сурагч тэндээс гурван хичээл сонгоно. Тэгэхдээ орос хэлийг сонгох, үгүй нь өөрийнх нь эрх.

-Тэгвэл орос хэлнмй багш нар ажилгүй болж байна гэсэн яриа эндээс гарсан байх нээ?

-Тийм байх. Залуу багш нарын хувьд хоёр, гурван хэл хавсарч эзэмшсэн болохоор ажлаас чөлөөлөгдөх нь арай гайгүй. Миний үеийнхэн гэхээр хэцүү л дээ. Ганцхан орос хэлтэй болохоор. Гэтэл манай сургууль дээр л гэхэд ганцхан орос хэлтэй багш хоёр, гурав байна.
Тэдний орох цаг нь багассан. Түүнийгээ дагаад цалин нь ч буурсан. Тиймээс багш нарын бухимдах нь зөв. Зарим сургууль дээр анги дүүргэлт байхгүй гээд сонгон хичээлийг нь ч оруулдаггүй гэсэн. Тиймээс багш нар ярилцаад энэ талаарх асуудлыг холбогдох газарт мэдэгдье гээд байгаа. Гэхдээ энэ жилдээ худлаа болох шиг боллоо. Саяхан миний танидаг орос багш Танай боловсролын бодлого их хачин юм аа. Танайхан их, дээд сургуулийнхаа үндсэн бааз сууриа оросоос авч байсан. Одоо шинэчлэгдээгүй бол техник, тоног төхөөрөмж, оюутнуудын үзэж судлах сурах бичиг бүгд орос хэл дээр байгаа гэж байсан нь яг үнэн. Өнөөдөр оюутан болсон хүүхдүүд англи гэхээсээ илүү орос хэл дээр байгаа сурах бичиг үзэж байна шүү дээ. Гэхдээ дэлхий нийтийн хэл англи хэлийг эзэмшиж байгаа нь сайшаалтай ч орос хэл дээр ямар ч мэдээллийг авчихдаг байх ёстой.

-Хуучин цаг нь багасаагүй байхад долоо хоногт хэдэн цаг орос хэл ордог байв. Одоо хэд болсон бэ?

-Хуучин анхан шатны ангид долоо хоногт дөрвөөс таван цагийн давталттай ордог байсан бол энэ жилээс эхэлж гуравхан цаг л орж байна. Найм, есдүгээр ангид долоо хоногт хоёр цаг ордог. Хичээл орох цаг нь багасаад ирэхээр хүүхдүүд энэ хэлийг сурах нь юу л бол. Хичээл нь шахагдаад. Тиймээс ирэх жил энэ хичээл сургалтын программаас хасагдах үгүйг нь хэлж мэдэхгүй байна.

-Сурагчид орос хэлийг сонгох нь хэр юм бэ?

-Гайгүй шүү. Хараад байхад амьдралын түвшин дээгүүр, сэхээтэн айлын хүүхдүүд их сонгодог. Гэртээ тайван биш байдаг, амьдрал нь боломжгүй айлын хүүхдүүд бараг л сонгохгүй дээ.

-Та долоо хоногт хэдэн цаг орж байна. Нууц биш бол хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?

-Багш хүн долоо хоног 19 цагийн нормтой ч бүгд л илүү цаг хардаг. Тэгэхгүй бол яаж амьдрах юм бэ. Идэж, уух өмсөж зүүхээс эхлээд. Тиймээс долоо хоногт илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Цалингийн хувьд ажилласан жилээсээ хамаараад өөр л дөө. Би хорин тав, зургаан жил ажиллаж байна. Илүү цаггүйгээр гар дээрээ 100 мянга гаргаад л авдаг. Илүү цагаа нэмэхээр 130.000-150.000 төгрөг авдаг юм. Ер нь, багш нарын цалин бага. Бидний ажлын үр дүн тэр дороо гарахгүй, хэдэн жилийн дараа гардаг.

-Та нарын хэдэн багш 10 дугаар ангийн сурах бичиг зохиосон гэсэн. Тэр ном хэвлэгдсэн үү?

-Тиймээ. Үүнийг яамны бодлого алдагдсантай холбож тайлбарлана. Өнгөрсөн жил яамнаас сурах бичгүүдийн тендер зарласан. Тэр тендерт манай сургуулийн багш оролцсон юм. Дасгалын дэвтэр, багшийн ном, видео бичлэг бэлтгээд. Тэгээд сурах бичиг зохиох эрхээ аваад номоо бичсэн. Сургуулиуд ч захиалсан. Гэтэл 11 дүгээр ангид орос хэл орохыг хасч, хэвлэл дээр ч асуудал гарсан. Үүнээс болж олон хүн хохирсон. Тиймээс яам ийм бодлогогүй зүйл хийж болохгүй биз дээ.

-Тэгвэл хэвлүүлээгүй гэсэн үг үү?

-Хэвлүүлсэн. Манай сургуулийн есдүгээр ангийнхан тэр сурах бичгийг үзэж байгаа. Уг нь тэдэнд зориулсан юм биш шүү дээ.

Өнөөдрийн монгол сонины 229 /399/
Ц. Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button