Х. Баатарын хэргийг мөрдөн байцаалтанд буцаах болов уу?

Авлигын хэргээр ял шийтгүүлээд байгаа Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхийн танхимд болно. Анхан шатны шүүх хурал өмнө нь бүтэн хоёр өдрийн турш үргэлжилж байсан бол өнөөдөр болох давж заалдах шатны шүүх хурлыг ганцхан өдрийн багтаахаар төлөвлөж байгаа гэнэ.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх эл шүүх хурал нэлээд ширүүхэн, маргаан ихтэй болох бололтой. Учир нь анхан шатны шүүх хурлын үеэр хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн хорооны дарга асан Б.Даваажавын Х.Баатарт өгсөн гэх 64 сая төгрөгийн асуудлыг эргэн сөхөж, эсэргүүцэл гаргаад байгаа улсын яллагч Ё.Сагсай өнөөдрийн шүүх хуралдаан дээр байр суурин дээрээ баттай зогсох болно гэдгээ мэдэгдэж байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хурлаар дээрх 64 сая төгрөгийг Х.Баатараас гаргуулах шийдвэрийг гаргасан ч ялын тогтоолд нөлөө үзүүлээгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байгаа аж. Мөн эл мөнгийг намынхаа хандивт өгсөн биш, Х.Баатар өөрөө завшсан байх гэж үзэж байгаа юм байна. Хэрвээ прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу энэ асуудлыг дахин сэргээвэл анхан шатны шүүх хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгон Х.Баатар нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах юм.
Түүнээс гадна нь давж заалдах гомдлоо гаргасан ялтнууд буюу нэхэмжлэгч нар бүгд өөр өөрийн санал хүсэлтээ Нийслэлийн шүүхэд гаргасан байгаа нь ч эл шүүх хурал халуухан болно гэсэн таамгийг төрүүлж байна.
Х.Баатар нарын хэрэгт ял сонссон бусад ялтнууд ч мөн адил Х.Баатарын адил давж заалдах шатны шүүх хуралд өнөөдөр өөрсдийн биеэр оролцох юм байна.
Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн шүүгч, гавъяат хуульч А.Чимидцогзол даргалан явуулна.

Ардын 232 /510/
С.Бадарч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button