Триллион төгрөг хянах хүмүүс 250 саяыг хөөцөлдөж явааг Ардчилсан нам буруутгав

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж тус намын Гүйцэтгэх зөвлөл хоёр удаа хуралдан, УИХ дахь гишүүдтэйгээ хамтран ярилцаж дээрх дүгнэлтэд хүрснийг мэдээлэв. УИХ-ын гишүүдийн тойрог бүрт хөрөнгө оруулалт гэсэн хаягтай 250 сая төгрөг хуваарилахаар ярилцаж байгаа нь буруу зүйл гэсэн нэгдсэн ойлголтод тэд хүрчээ. УИХ-ын эрх бол ард түмэнлэг, ард түмний төлөө байдаг. Гэтэл УИХ үүнээс ухарч алдагдууллаа. Шударга ёс алдагдлаа. УИХ-ын гишүүд гүйцэтгэх засаглалын эрх мэдэл рүү орж, мөнгө мэддэг боллоо. Төр, ард түмний хоорондох үл ойлголцлыг баталгаажуулж, тэднийг улам холтгож байна. УИХ төсвийн хуваарилалтад хяналт тавьдаг байснаа 20 тэрбум төгрөгийн хойноос хөөцөлддөг болжээ. Гишүүд нэг триллион төгрөгийн төсөв хянах бус тойргийнхоо 250 сая төгрөгийн төлөө санаа тавьдаг боллоо. Уг нь УИХ Засгийн газартаа эзэн хүн шиг хариуцлага тооцож, шүүх, хуулийн байгууллагаа дуудаад сууж байх ёстой гэж Ардчилсан намын дарга хэллээ.

Сонгогчид тэр мөнгийг УИХ-ын гишүүд гар дээрээ авдаг гэж буруу ойлгоод хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө, эмчилгээний зардал нэхдэг. Тэр мөнгийг өгч чадахгүй болохоор гишүүд эргээд муу нэртэй болдог гэж тэрээр тойргийн хөрөнгө оруулалтын мөнгөний сөрөг талыг тайлбарлав. Тойргийн гэх мөнгөөрөө ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сан байгуулж нэг хэсэг айлын амьдралыг дээшлүүлбэл улс орны амьдрал дээшлэхэд нэмэртэйг ч дурдсан. Тус намынхан хүүхдийн мөнгийг cap бүр олгох зарчмаас ухрахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.

Ц.Элбэгдорж дарга бас Парламентын шинэ ордны талаар үгээ хэлэв. Тэрээр УИХ-д бус Засгийн газарт байр хэрэгтэй. Хуучин хэвлэх үйлдвэрийн буурин дээр бүх яамыг төвлөрүүлсэн 15-20 давхар байр барьж, Тагнуулын ерөнхий газрын байрыг актлах гэж байгаа бол оронд нь агентлагуудад байр бариад доогуур нь Төрийн ордонтой хонгилоор холбох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг танай УИХ-ын гишүүд яаж хүлээж авч байгаа вэ?

-Тэндээс гарсан шийдвэрийг гишүүд биелүүлж ажиллах ёстой. Буруу зүйлийг мэдэнгүүтээ засах хэрэгтэй.

-Авлигын комиссар ажиллуулах талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Авлигын эсрэг хууль бол батлагдсан бус засагдсан хууль. Засварлагдсан хуулиар ажил явуулахгүй байх ёстой.

-Батлагдсан биш засагдсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Баримт материалыг нь харахад тийм байсан.

-БНХАУ-аас авах 300 сая ам. долларын зээлийг Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламжид зарцуулахаар болсныг та юу гэж үзэж байгаа вэ?

-Зээлийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад оруулах шаардлагагүй гэж бид ярьдаг байсан. Энэ бол тийм ч хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл биш. Түүний 60 саяд нь Засгийн газар баталгаа гаргана. Засгийн газрын өр болгож нуруун дээрээ ачих шаардлагагүй байсан.

-Танай намын УИХ-ын гишүүд 250 сая төгрөгт дуртай байгаа. Мөнгөнд дуртай гишүүдээсээ болж Ц.Элбэгдорж дарга гишүүдтэйгээ зөрчилдөх гэх мэт асуудал гарна. Энэ улс төрийн эрсдлийг яах вэ?

-УИХ-ын гишүүд бол намын хамт олны өмнө хариуцлага хүлээсэн хүмүүс. 250 сая ам.доллар бол төсвөө хугацаанд нь баталж чадахгүй болохоор гишүүдийг аргалах гэсэн заль мэх. Гишүүд, Засгийн газрын хооронд мөнгөөр дамжуулж хэлцэл хийдэг байдал үүсдэг. Төсөв хугацаандаа батлагдахгүй байгаад айх хэрэггүй. Ирэх жилийн төсөв батлагдаагүй бол тэр хүртэл 2006 оны хуулиар зохицуулагдаад л явна гэв.

Ардын эрх сонин 232 /510/
Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button