Авилгын 250 сая төгрөг батлагдвал яах вэ

2007 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн босгыг давсан авилгын мөнгө хэвээр батлагдвал яах вэ гэсэн асуултыг зарим нам, хөдөлгөөний холбогдох хүмүүст тавьж, хариулт авсан юм.

УИХ-ыг тараана

Yндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн С.Ганбаатар
-Манай хөдөлгөөн энэ мөнгийг эхнээс нь хууль бус гэж үзэж эсэргүүцэж байсан. Одоо ч энэ байр суурь хэвээр байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүд эрх мэдлээ ашиглан 250 сая төгрөгийг тойрогтоо сан маягаар олгохоор баталчихвал төсвийн байгууллагын ажилтнууд түүний дотор хөдөө орон нутгийн болон нийслэлийн эмч, багш нарыг орон сууцаар хангахад зарцуулахыг УИХ-ын гишүүдэд шаардана. Бид ийм хөтөлбөр боловсруулж байгаа. УИХ-ын гишүүдэд тараана.

Шийдвэртэй тэмцэл явуулна

Миний Монголын газар шороо хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар
-Бүх ард түмний их хуралдайгаас хойш манай Yндэсний фронт-ынхон хөдөө орон нутгаар явж байна. Сая УИХ-аар сонгуулийн тойрог бүрт хуваарилах 250 сая төгрөгийн асуудлыг ярьж эхэлснээс хойш ард түмэн илт дургүйцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн. Бид өнөөдөр 250 саяын авилгын мөнгө-ийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргаж байна. Энэ асуудлыг хэвээр баталбал улс төрийн бүхий л хэлбэрийн тэмцлийг өрнүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа. Yндэсний фронт-ын удирдлагууд хөдөө орон нутгаас ирмэгц энэ талаар нухацтай ярилцана.

Хуулийг хүчингүй болгуулахын төлөө тэмцэнэ

Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөө-ий тэргүүн Ж.Батзандан
-Хэн ч бодсон арай дэндүү юм болж байна. 250 сая төгрөг бол аль ч аймгийн таван сумын төсөв, 500 оюутны сургалтын төлбөр гээд бод доо. Цаашилбал 100 ажилчинтай хөнгөн үйлдвэр барих хэмжээний мөнгө шүү дээ.
Нөгөө талаар, хөрөнгө оруулалт, төсвийг засаг захиргааны нэгжид нь хуваарилдаг болохоос сонгуулийн тойрогт цацаад байдаггүйг УИХ-ын гишүүд бүгд мэдэж байгаа. Өнгөрсөн жилийн 100 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан тухай бодит мэдээлэл алга байна. Хуулиар орлого зарлагын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой албан тушаалтнууд түүнийгээ одоо хэр өгөхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Хэрэв УИХ-ын гишүүд энэ алхмыг хийвэл эрх зүйн чадамжгүйгээ харуулсан УИХ түүнийгээ бататгаж, өөрсдийн ирээдүйд цэг тавьж байгаа хэрэг. Бид УИХ-ыг тарааж, 2007 оныг ээлжит бус сонгууль явуулах жил болгохын төлөө тууштай тэмцэнэ.

Авилгатай тэмцэх байгууллага гишүүдийг шалгах хэрэг гарна

Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга
-250 сая төгрөг бол улс төрийн авилга. Yүнийг баталбал УИХ тарахаас өөр замгүй. Яагаад гэвэл, энэ нь Yндсэн хууль болоод бусад хуулийн олон заалтыг зөрчиж байгаа. Мөн удахгүй байгуулах авилгатай тэмцэх байгууллага ч энэ үүднээс УИХ-ын бүх гишүүнийг цагдаж, шалгах хэрэг гарна.

Намын удирдлагууддаа эсэргүүцэл хүргүүлнэ

Уламжлал, шинэчлэл ардчилал-шударга ёс жигүүрийн зохицуулагч Ж.Бат-Эрдэнэ
-Ямар ч байсан 250 сая төгрөгийг эсэргүүцэж байгаагаа намын удирдлагууд хүргүүлнэ. Батлагдсан тохиолдолд хэцүү л дээ. Жигүүр байгуулахад намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс санал дэвшүүлж болно гэж заасан. Гэхдээ олонхиороо шийддэг учир дагах ёстой.

Бид шатны байгууллага, албан тушаалтанд хандана

МУНН-ын Тамгын газрын дарга Л.Жаргалсайхан
-Бид энэ талаар мэдэгдэл гаргасан. Одоо улс төрийн намуудад хандсан уриалга гаргахаар бэлдэж байна. Хэрвээ энэ хууль бус үйлдэл хэвээр батлагдвал УИХ-ын шийдвэрт хориг тавих эрх бүхий Ерөнхийлөгч, тайлбар хийх үүрэгтэй Yндсэн хуулийн цэцэд хандана. Гэхдээ 250 саяын асуудал батлагдахгүй байх гэж найдаж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button