Түүнд уран гар, амьдрах ухаан заяажээ

Гол усанд үсэрнэ гэж гуйхгүй ээ, ганц алхам, ердөө ганц алхам аа…
Бурхнаас ингэж гуймаар.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо-ны удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны хүний эрхийн багш, Эверланд сургалтын төвийн гар урлалын багш, Чадамж бүлгийн тэргүүн Батын Чулуундолгор. Өөртөө ахадсан гэмээр олон ажлыг амжуулж яваа энэ шавилхан бүсгүй 30 настай. Тэрээр 1992 онд ахуйн ослын улмаас нуруу нугасны гэмтэл авч тэргэнцэртэй байх болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд өөрийгөө нээсэн, гэрэлт ирээдүйгээ олж харсан авьяаслаг хөдөлмөрч, боловсролтой хүн олон байдгийн нэг нь Чулуундолгор. Тэрээр 16 настай байхдаа гэмтчихээд хөл дээрээ босно, би алхана гэсэн итгэл буцалж байсан ч тийм боломж олдсонгүй. Хүнд гэмтэл гэж огтхон ч төсөөлөөгүй, нугас гэдэг нөхөн сэргээгддэггүй эрхтэн гэж ойлгодоггүй байж. Тэргэнцэр гэж юу байдгийг ч мэддэггүй. Хөл дээрээ босъё гэж бодлоо, босно гэж итгэлээ. Гэвч тийм биш байж. Зургаан жил эмчилгээ хийлгэлээ. Амьдралд дахин хөл тавилаа. Хэцүү байсаан, тэр үед хэмээн тэрээр санаа алдах. Yе үе урт амьсгаа авах. Гэвч эрдэмт хүмүүн зовлон даадаг, жаргал даадаггүй гэдэг дээ. Ихийг бүтээх их замын аянд мордлоо тэрээр. Түүнд уран гар, нарийн мэдрэмж, ур ухаан заяажээ. Тэрчлэн гэртээ зүгээр сууя гэсэн ядмагхан сэтгэл ч түүнд байсангүй. Тиймээс анх 2003 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сургалт явуулдаг Эверланд сургалтын төвд сурлаа. Энэ хугацаанд уран бүтээлийн үзэсгэлэн худалдаанд хамтран оролцож байсан ангийнхаа тэргэнцэртэй хоёр бүсгүйтэй нийлж Чадамж бүлгийг байгуулжээ. Зүрх сэтгэл итгэл, бүтээлээ хамтдаа урлавал хөдөлмөрийн бүтээмж чадамж өндөр байна гэсэн холч ухаан сийлсэн хэрэг. Ингээд л гарын уртай, дүйтэй гурван бүсгүй, хүний хэрэгцээнд нийцсэн бүтээлийг урлаж, шаглаж эхлэв. Тэд эсгий урлал, гар сүлжмэл, нэхмэл, шүрэн урлал гэсэн дөрвөн чиглэлээр бүтээл хийдэг аж. Яагаад заавал урын чадамжийг байгуулсан юм бэ гэхээр тэргэнцэртэй тэд хэдийгээр сайхан мэргэжил эзэмшсэн өндөр боловсролтой ч нийгэмд ороод ажиллах эрх зүйн орчин байхгүй. Тэргэнцэртэй хүмүүсийн зориулалтын хаалга, шат, довжоо, ариун цэврийн өрөө алга. Хотын гудамжинд чөлөөтэй явах боломж алга. Монголд ийм зүйл бүрдээгүй л байна. Б.Чулуундолгор багш яармагт аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Халамжийн 26 мянган төгрөг нь хотын төв рүү ажилдаа хоёрхон удаа орж ирээд л дуусчихдаг гэсэн. Аргагүй ээ. Тэр байнга таксигаар явах шаардлагатай. Тэрээр энэ жил Бизнесийн дээд сургууль-ийг бизнесийн эдийн засаг-удирдах менежер мэргэжлээр төгсчээ. Сургуулиа төгсөөд холбоондоо багшлах болж. Ирэх арванхоёрдугаар сарын нэгэнд Ерөнхийлөгчийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо-ны чуулган болох гэж байна. Энэ чуулганыг угтаад 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар нийслэлд иржээ. Тийм болохоор тэдэнд хүний эрхийн тухай хичээлийг Б.Чулуундолгор багш зааж байгаа юм байна. Мөн 2006 оны наймдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенцийн төсөл батлагдсан байна. Тиймээс тэдний эрх ямар байх ёстой, конвенцэд нэгдсэнээр ямар болох талаар тус холбоондоо сургагч багшаар ажиллаж байгаа аж. Амьдралын боломж муу байна, нийгэм биднийг харж үзэхгүй, ойлгохгүй байна гээд зүгээр суух нь буруу. Энэ нь хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална. Эхлээд өөрт ямар боломж байна түүнийгээ олж харах хэрэгтэй. Бага гэлтгүй. Тэгээд зорилгоо зөв тодорхойлоод урагшаа алхвал амжилтад хүрнэ. Заавал надад тийм зүйл дутаад байна. Хэрвээ боломжтой бол би ийм зүйл хиймээр байна гэж бодож хойш суух хэрэггүй. Б.Чулуундолгор багш ийм бодолтой явдаг нэгэн. Болохгүй, бүтэхгүй байгааг урьтал болговол угаасаа энэ амьдрал гэгч их усыг туулж гарахад сэтгэлийн тэнхээ дутна. Тэрээр өөрийнхөө боломж, чадамжаа дайчлаад ажиллаж, амьдардаг. Бас ийм хүмүүсээс сэтгэлийн их тэнхээг авч амьдардаг гэсэн. Тэрээр циркчин, гавьяат жүжигчин Цогцэцэг эгч, гавьяат тамирчин Энхээ ах, Тахилт нөхөн сэргээх төвийн Энхтуяа эгчээсээ үлгэр дууриал авч, ийм дайчин цоглог зоригтой байх юмсан гэсэн амьдралыг туулах сэтгэлийн тэнхээг олж хардаг. Бүхнээс илүү аав ээж, ахан дүүс нь түүнд аз жаргал гэгч мөнхийн их усанд хөвөх сэтгэлийн их тэнхээг өгдөг. Ийм хүмүүсийг чадваргүй, тэдэнд туслах, үйлчлэх ёстой гэсэн ойлголт нийгэмд тэнэсээр л. Гэвч тийм биш. Тэд хүнээр өрөвдүүлэх, хайр энхрийлэл, халамж хүсэх хүмүүс огтхон ч биш. Харин хажууд нь алхах жирийн нэгэн тэдэнд атаархах, өөрөөсөө ичих, гутах үе таарна.
Б.Чулуундолгор багш адтай жөдтэй бас нэгэн авъяастай. Тэр спортоор хичээллэдэг байлаа. 2003 оноос эхлэн тэргэнцэрийн марафоны тэмцээнд жил дараалан амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэн болсон. Энэ амжилтаа ахиулахаар 2005 онд Солонгосын Сөүл хотноо болсон тэргэнцэрийн марафоны XIҮ тэмцээнд амжилттай оролцжээ. Мөн тэрээр эмэгтэй хүнд эрдсэн гэмээр онч мэргэн. Буудлагын спортын XI спартакиадаас мөнгөн медаль хүртэж, мэргэн буудагч гэдгээ олны өмнө гайхуулжээ. Уг нь тэрээр спортод хайртай, сонирхолтой боловч одоогоор зав нь болдоггүй гэнэ. Түүнд уйдах зав ч алга. Чадамж-ийнхаа төслийг бичнэ. Ажилчдаа удирдаж, бизнесийн чадамжаа өргөжүүлнэ гээд хийх ажил нь үнэхээр их. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой нийгэмд хүчтэй гарч ирэх цаг тун ойрхон байна. Энэ нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулж тэр амьдарсаар л

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button