Хуулийн бодлогын төвд хүүхэд

Токио хотод очоод ирсэн багш нэг зүйлийг эрхэмлэн бодож ирснээ надад хуучилж ярьдаг юм. Хот нь их чигжүү олон барилгатай юм гэнэ. Гэтэл эзэмшлийн том газартай онцгой объектууд нь сургууль юм байна. Тэнд хүүхэд эрүүл өсч, чийрэгжих, сурах, хөгжих, зөв төлөвших сайн орчинг бүрдүүлдэг байна. Гэтэл манай нийслэлийн сургуулиудын эзэмшлийн талбай руу яаж байгаа билээ.
Сонгуулийн үеэс эхлэн хүүхдэд сар бүр мөнгө өгөх тухай ярилцсаар, бага хэмжээний мөнгө өгөх болсон. Энэ жилээс нэг, хоёрдугаар ангийнханд үдийн цай өгч эхэллээ. Чамлахаар чанга атга гэдэг. Баярлахаас яах вэ. Витаминжуулах гэж том ажил бас бий. Ийнхүү бор ходоодыг нь божийлгох, бодь гал биеийг нь эрүүл байлгах талаар чамгүй анхаарч байна. Хүүхдийн төлөө анхаардгийн өөр нэг эрхэм үзүүлэлт бол эрдэмтэй, номтой болгож буй ажил. Энэ талаархи ололт багагүй юм. Харин ололтдоо баярлах, тайвшрах, нэг байрандаа зогсох, ухрах л буруу. Хүүхдийг эрдэм номд сургах ажлыг хариуцдаг салбар, удирдлага, хүн гэж байгаа шүү дээ. 2021 оны Монголд өндөр соёлтой, боловсрол, мэргэжилтэй, өндөр чадвартай, баян чинээлэг жинхэнэ эзэн болсон хүмүүс байхыг хүснэ.

Yүний төлөө хэн юу хийх вэ
Улс гэдэг бол нэгэн гэр бүл юм. Нэгэн гэр бүлийн дотор хүүхэд, эцэг эх, өвөө эмээ бүгд байгаа. Миний хүндэлж байсан хар Дагва гэж нэг багш эхнэрээ манай Засгийн газар гэж ярих дуртай. Энэ багшийн бодлоор бол Засгийн газар чинь улс гэдэг гэр бүлийн эхнэр, ард түмний эх болж таараад байна. Дагва багш харин өөрийгөө өрх гэрийнхээ ерөнхийлөгч, их хурал, эзэн гэдэг байранд тавьдаг байсан эсэхийг яаж мэдэх билээ.
Эцэг, эх хүмүүс үр хүүхдээ гэсэн агуу сэтгэлээр өсгөдөг ба ялгаваргүй тэгш байдлаар хандаж, хэнийг ч сайн хүн болгохын төлөө ажилладаг шиг төр, засаг ч хүүхэд нэг бүрийн төлөө агуу сэтгэл гаргаж буй нь хөгжлийн төлөө цогц бодлогын төвд хүүхдийг тавьсан эсэхээр тод илэрнэ. Энэ тухай баримтжуулан хэлэх зүйл бас байна.
Нийслэлийн нэгэн дүүргийн … дугаар сургуулийн бага ангийн нэг багшийг өөрчлөх тушаал гаргажээ. Гэтэл ангийн сурагчид, тэдний эцэг, эх багшийгаа хэвээр байлгах саналаа тэр сургуулийн захиралд хэлэхэд захирал нь Би хуулийн дагуу хийх ажлаа хийсэн, мэргэжлийн багш томилсон хэмээн ярьж байгааг зурагтаар нэвтрүүлсэн.
Хүнийг халах, томилох эрх мэдэл хэн нэгэн хүнд ногддог хуультай. Харин томилох, халах ямар үзүүлэлт, шалгууруудтай байх, ямар хүмүүсийн саналд тулгуурлах гэх зэрэг халах, томилох чанд журам нэвтрүүлэх хамгийн чухал зүйл нь орхигдсоны гай их юм.
Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг чинь эдлэх ёстой эрхийг нь хүн олондоо эдлүүл, үүнд зориулсан хуультай бол гэсэн утга билээ. Түүнээс биш дарга нэртэй ганц нэг хүн дураар загнах боломжтой хуулиуд гаргаад бай гэсэн үг биш ээ. Хуулийг ард нийтээр хэлэлцүүлж байх нь чухал юм. Жишээлбэл, 2002 онд батлагдсан Боловсролын багц хуульд энэ салбарт ардчилал хөгжүүлэхэд бараг анхаараагүй гэхэд болохоор байгаа. Хувийн хэвшлийн сургуулиуд бол 2002 оноос өмнө үүсэн байгуулагдсан. Харин 2002 оны хуулиуд авилгыг хөгжүүлэх арга замыг чамгүй сайн бодож хуульд оруулсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Тодруулбал, доод шатны менежерээ түүний дээдэх менежер нь томилох, халах бүрэн эрхтэй. Энэхүү томилох, халах үйл ажиллагаанд олон түмэн оролцож санал өгөх ямар ч эрхгүй. Томилуулахын тулд, халагдахгүйн төлөө хийдэг ажил, хэрэглэдэг аргуудын нэг нь гарцаагүй авилга юм шиг байна. Хялбархан жишээ зохиож өгье. Нэг сургуулийн захирал болохыг хүсвэл дүүргийн болон хотын хэдэн хүний гарыг хүндрүүлэх хэрэг гарах байх. Харин захирал болчихвол багш, ажилтан авах, сурагч нэмж элсүүлэх зэрэг олон сувгаар гараа хүндрүүлэх тул цөөхөн дээдсийг талдаа авах, гарсан зардлаа нөхөх зэрэг нь төвөг тарих, уршиг удах зүйл огтхон ч биш бололтой. Дүүрэг ба хотдоо нэр хүндтэй болсон цөөн сургуульд энэ жишээ их тохирно. Ийм торон сүлжээгээр холбогдсон шат шатны дарга нар биеэ өмөөрч, нэг сайн туслагч-аа алдахгүйг хичээж, жаахан ширүүлээд халчихвал бүх балаг илэрнэ гэж айгаад байдаг болчихсон бололтой.

Эдлүүлээгүй эрхээ гэж…
Хүүхдээ тухайн сургуульд суралцуулж буй эцэг, эхчүүд энэ сургуулийн удирдлага багш нарын өгөөж, сурган хүмүүжүүлэх харилцаа, орчин ахуйн байдал гэх мэт олон зүйлийг авч хэлэлцдэг, үнэлгээ өгдөг, дүгнэлт хийдэг, дээд байгууллагад нь санал тавьдаг, өөрсдөө хэрхэн туслахаа хэлэлцэн шийдвэрлэдэг эрхийг эдлэхгүй байна.
Сурагчийн эдлэх ёстой эрхийг хангахгүй байна. Нийслэлийн сургуулиудад анги дүүргэлт ямар байгаа билээ. Нэг танхимд 40, 45, 50 хүүхэд суулгачихаад байгааг сурах нөхцөлтэй гэх үү. Хэрэв хүүхдийг хөгжлийн төвд тавьж, хүүхэд бидний ирээдүй гэж үздэг засаг, төр байгаа бол яавч ийм байдлыг тэвчихгүй нэн даруй өөрчлөх тухай зогсоо зайгүй бодож, зөв зохистой шийдэх арга замуудыг олж нэвтрүүлж байх учиртай. Тэгэхгүй байна. Харин хот руу чиглэсэн их нүүдлээс ийм болж байна гэх маягаар хандаж, ганц нэг сургууль нэмэх хөрөнгийг гадаад орнуудаас, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас гуйж байгаагаа их юм санаж, сэдэж, хийж буй мэт ярьчихаад зүгээр сууж байна.
Зууны мэдээ сонин Сэдэв дэлгэлээ, Та оролц булан нээж Төрөөс төрсөн тэрбумтнуудыг өршөөж нэг үзье гэсэн анхны өгүүллээ нийтэлсэн билээ. Дэлгэсэн сэдэв нь монгол зон олонд үнэхээр ач тустай гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэрбумтнууд гэмээ ухаарч, ард түмнийхээ төлөө хуримтлуулсан хөрөнгөөрөө юм хийвэл тэдэнд эдийн засгийн өршөөл үзүүлье гэсэн санаа байгаа. Yүний дотор улс, эх орны ирээдүй болсон хүүхдүүдийг сурах сайн нөхцөл бололцоогоор хангасан сургуулиудтай болго, багш нарын нийгмийн асуудлыг ч сайжруулж өг. Нэгэн суут ухаантан 1920 онд багш нарын нийгмийн асуудал, ялангуяа тэдний материаллаг ахуй амьдралд онцгой анхаарах хэрэгтэй. Ингэхгүй бол аливаа соёлын тухай ярих нь утга учиргүй хий хоосон зүйл болно гэж сургасныг мэддэг хүн олон бий. Энэ мэргэн сургаалыг эх оронч сэтгэлтэй хөрөнгөтнүүд, тэрбумтнууд маань бодож үз. Ухаарч юм хийе. Хүүхдийн эрх, хүүхдийн сайн сайхны төлөө гэж их ярьж, дуулж байна. Энэ нь үнэхээр хүүхдийг бодоод байх шиг. Гэвч хүүхэд сайн хүн болж төлөвших нь чухал гэх мэтээр манай эмээ нарын сэтгэл зүйд, яс маханд нь нэвт шингэсэн үгийг сүртэйеэ хэлэхээс нэг их хэтрэхгүй байна.
Хүүхдүүдэд эдлүүлэхгүй байгаа боловч эдлэх ёстой нэгэн эрхийнх нь тухай өгүүлье. Хүүхэд нэгдүгээр ангид орсноос эхлэн бага сургууль дүүргэх үедээ авьяас сонирхол нь тодорч, цаашдаа юуг илүү сурах, хэн болох хүсэл, сонирхол авьяас, сэтгэцийн онцлогтоо тохируулан гүнзгийрэх, мэргэших, хэтийн зорилгодоо дүйцүүлэн сонгон суралцах эрхийг эдлүүлэх нь асар их ач холбогдолтой. Ийм эрх олговол эцэг эх нь ч, багш нар нь ч хүүхдийг судална, ажиглана, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авна. Хүүхэд өөрөө өөрийнхөө төлөө эртнээс санаа тавьж, өөрийгөө таних, хөгжүүлэх гэсэн нэг чухал эрмэлзэлтэй болно.
Одоогийнх шиг сургууль, багш нарын ам харах, юу заасан бүгдэд нь суучихаад, би биш, багш нар л намайг мэдэх байх гэсэн мэт чиглэсэн зорилгогүй байдаг зохисгүй байдал арилна. Их, дээд сургуулийн оюутан нэр зүүчихээд гологдож, ажил олгогчдод чамлагдаж байдаг дутагдал алхам бүрээр багасна. Өөрийнхөө заадаг хичээлийг илүү сонирхолтой болгох ямар ач холбогдолтойг нь харуулах гэх зэргээр багш бүр мэрийж ажилладаг болно. Харин улсад нэг том бэрхшээл тохиолдоно. Юу гэвэл сонгон суралцах эрх олгохоор нэг ангийн хүүхдүүд хэд хэдэн дэд хэсэгт хуваагдах болно. Өөрөөр хэлбэл, гучин хүүхэд нэг цаг хичээллэдэг байснаа больж, хэсэг бүр нь тус тусдаа нэг цаг хичээллэнэ. Тэгэхээр цагийн хөлс нь гурваас дөрөв, тав дахин нэмэгдэхэд хүрнэ. Бас өрөө тасалгаа нь хүрэлцэхгүй болох тохиолдол гарч ирнэ. Эдгээр бэрхшээлийг гэтлэн давахад Ж.Сорос баян шиг мөн л нөгөө үндэсний хөрөнгөтнүүд их тус нэмэр болж чадна. Ер нь сургууль, багш нарт өгөөмөр гараа сунгах, хүүхдэд их буян үйлдэх эх оронч хөрөнгөтнүүдийн холбоо байгуулж ч болно шүү дээ.
Тэгээд хүүхэд бүрийг юм хийх чадвартай, мэдлэгтэй, сэтгэл сайхантай бахархах юмтай болгоход буян хий. Жишээлбэл, Залуу техникчдийн ордон, Урлан бүтээх төв, Хөдөлмөр амралтын зуслан зэргийг хот хөдөөгүй байгуулах, инженер техникийн чадварлаг зохион бүтээгчид, урчууд, агротехникч олон хүнийг тэнд багшлах эрх олгож, санхүүжүүлж болно.
Нөгөө талаас 2002 онд батлагдсан хуулиудад багшид ямар ч эрх эдлүүлэхгүй байна. Эдлэх ёстой эрхийг нь эдлүүлэхгүй байгаа нь ямар хор уршиг тарьж байна вэ. Өгүүллийн эхэнд нэг сургуулийн бага ангийн багшийг захирал нь халчихаад шавь нар нь, тэдний эцэг, эх нь багшийг нь халуулахгүй, энэ багштайгаа байлгана гэж тэмцэж байгаа талаар өгүүлсэн. Гэтэл багш нь юу ч ярьж чадахгүй, өөрийгөө ч хамгаалах эрхгүй байсан. Аргагүй шүү дээ. Би ангиа авч бага боловсролын шатыг нь заавал гүйцээнэ гэж хэлэх, үнэхээр гүйцээх тийм эрх багшид олгогдоогүй л байхгүй юу. Сургуулийнхаа захирал, эрхлэгчдэд үнэлгээ өгөх, тэднийг өөрчлөх, томилоход санал өгөх эрх багшид байхгүй. Зөвхөн дуулгавартай гүйцэтгэгч зарц байдлаар ажиллахаас аргагүй тийм байдалд хууль өөрөө хүргэсэн байгаа юм.
БСШУ-ы сайдын тушаалаар батлагдсан ЕБС-ийн сургалтын талаар баримтлах бодлого дотор сургалтын нээлттэй хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нэгэн чухал эрхийг багшид олгож байгаа. Гэвч энэ эрхийг хязгаарлан стандарт сургалтын төлөвлөгөө баталж гаргасан. Ядахдаа үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөө гэж нэрлэсэн бол аштай юу.

Доктор (PhD), профессор С.НЭРГYЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button