МАХН-ын шинэчлэлээс Монгол төрийн шинэчлэл хамаарна

МАХН-ын шинэчлэлтийн асуудал оздэвт уулзалт ярилцлага өчигдөр боллоо. МАХН-ын Уламжлал, шинэчлэл, шударга ёс-ардчилал жигүүр, МАХН-ын Онц их хурлын төлөө гишүүд, дэмжигчдын хөдөлгөөн, МАХН-ыг шинэчлэх бүлэг, Улаан сарнай хөдөлгөөнөөс хамтран зохион байгуулсан энэ уулзалтад дээрх жирүүр хөдөлгөөнүүдийг дэмжигч МАХН-ын гишүүд, дэмжигчид, улс төр судлаачид оролцож санал бодлоо солилцлоо.

МАХН-ын шинэчлэлийн асуудал нь Монгол Улсын төрийн бодлогод шууд хамааралтай учраас зөвхөн намын гишүүд дэмжигчдээр зогсохгүй нийт Монголын ард түмэнд хамаатай асуудал юм гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байлаа. Аливаа улс төрийн нам цаг ямагт шинэчлэгдэж байж амьд оршдог хуультай гэнэ. Харамсалтай нь МАХН-ын өнөөгийн удирдлагууд шинэчлэлийн төлөөх жигүүр, хөдөлгөөнүүдийн зүгээс тавьж байгаа санал санаачилгад хөшүүн хойрго хандсаар ирлээ. Бусад улс төрийн хүчнүүд ч иймэрхүү асуудалд мөн адил хандсаар ирсэн нь Монгол Улсад улс төрийн намуудын үйл ажиллагаа нь МАХН-ын хэв загварыг шууд хуулбарлан авч, зөвхөн өнгөн төдий өөрчлөх маягаар явж ирсний илрэл гэж уулзалтад оролцогчид үзэж байна.

Тийм ч учраас өнөөдрийн улс төрийн хүчнүүд төрийн эрх авахыг чухалчлан, улмаар төр засгийг намынхаа олиггүй үзэл суртал, бүтэц зохион байгуулалтаар удирдан жолоодохыг эрмэлзэж, иргэдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчих боллоо. Иймд Монголын төрд чухал үүрэг гүйцэтгэж байгаа МАХН-ыг системийн шинжтэй хямралаас гаргахын тулд ирэх арванхоёрдугаар сарын эхээр хуралдах МАХН-ын Бага хурлаар МАХН-ын жигүүр хөдөлгөөнүүдээс тавьсан санал санаачилгыг нэг бүрчлэн авч хэлэлцэж тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж уулзалтад оролцогчид мэдэгдлээ.

Ардын эрх сонин 232 /510/
Г.Бодрол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button