Б. Энххуягийг 100 хувь дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Энххуягийг 100 хувь дэмжсэн санал өгөв. Монголбанкны ерөнхийлөгч А.Батсүхийн танилцуулснаар Б.Энххуяг нь төв банкинд арав гаруй жил ажиллаж буй туршлагатай нэгэн аж. Илүү сайн сонголт байгаагүй гэж төв банкны ерөнхийлөгч хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Дамиран нэр дэвшигчээс Монголбанкны дүрмийн санг нэмэх шаардлага бий эсэхийг асуугаад 2000 оноос хойш Монголбанкны үзүүлэлтүүд 4-7 дахин өссөн. Арилжааны 16 банкиндэа эцсийн шатны зээлдэгч нь Монголбанк байдаг. Иймд баталгаа болохуйц өөрийн хөрөнгө байх ёстой. Нөгөө талаас Монголбанкын ерөнхийлөгч нь төрийн нэрийн өмнөөс баталгаа гаргах эрхтэй байдаг тул Монголбанк өөрийн хөрөнгөө өсгөх нь зүйтэй болов уу гэсэн хариу сонсов. Харин эрхэм гишүүн Батж.Батбаяр дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх журам бий эсэхийг Монголбанкны ерөнхийлөгчөөс лавлав. Түүнийхээр нэг бус хоёр, гурван хүнийг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх нь олон сайны дундаас илүү сайныг сонгох боломж олгох гэнэ.

Монголбанкны хуульд тэргүүн дэд ерөнхийлөгчийг өргөн мэдүүлэх үйл ажиллагааг нэг бүрчлэн заасан байдаг. Үүнийг ёсчлон биелүүлж байгаа гэж А.Батсүх хэлэв. Тэгээд ч Б.Энххуягийг дэвшүүлэхдээ өндөр шалгуур тавьсан гэлээ.
Ийнхүү байнгын хорооны гишүүд нэр дэвшигчийг 100 хувь дэмжсэнээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг парламент маргаашийн чуулганаараа ёсчлох л үлдэв бололтой.

Ардын эрх сонин 232 /510/
С.Мөнх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button