Монголоос Хятадад эрчим хүч экспортлох чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Гадаад хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д энэ сарын 22-27-нд хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Гадаад хэргийн дэд сайд Ц.Цолмон айлчлалын талаар мэдээлэл хийсэн юм. Айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр хамтран боловсруулах, эрчим хүчний хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хийж байгаа хамтын ажиллагааны эхлэлийг дэмжих, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах, худалдаанд учирдаг тарифын ба тарифын бус саад тотгорыг багасгах, батлан хамгаалах, соёл боловсрол, бусад салбарын харилцаа, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг олон чиглэлээр байр сууриа илэрхийлцгээжээ.

Хятадын талаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн талаар ч ярилцсан байна. Тайвань, Далай ламын асуудлыг ч хөндөж ярилцсан аж. Эдгээр асуудлаар өмнөх байр сууриа цаашид үргэлжлүүлэн баримталж, Хятадын талд дэмжлэг үзүүлэхийг Монголын Засгийн газраас хүсчээ. Тайвань бол БНХАУ-ын салшгүй хэсэг гэж үздэг, Далай ламтай зөвхөн шашны шугамаар харилцаатай байж, улс төрийн хэрэгт оролцуулдаггүй зэрэг манай талын байр суурийг Хятадын тал сайшаажээ.
Дэд сайдын мэдээлснээр бол Хятадын томоохон компаниуд Монголын нүүрс, зэсийн орд газруудыг хамтран ашиглахад дэмжлэг үзүүлэх, Монголд хөрөнгө оруулж байгаа Хятадын компаниудын эрх ашгийг хамгаалахыг цаад талаас хүссэн аж. Хятадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатарт биеийн тамирын цогцолбор барихаар болж, Хятадын талаас нэмж 50 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор болсон байна,

Сонирхолтой нэг зүйл гэвэл Монголын нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц байгуулж, Хятадад эрчим хүч экспортлох гэнэ. Энэ чиглэлээр хоёр талын холбогдох байгууллагуудын хийж байгаа судалгааны ажлыг дэмжиж, төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газрууд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн БНХАУ-д төлөх ёстой 28,3 сая шилжих рублийн болон 5,6 сая швейцарь франкийн өрийг хүчингүй болгохыг Ерөнхий сайд М.Энхболд хүсч, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Зябао нухацтай судлахаа илэрхийлжээ. Хоёр талын бизнесийн хүрээнийхэн уулзаж, түнш болон харилцах чиглэлээ тогтоосон байна. Ерөнхий сайд Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд айлчлах үедээ Үрэмч хотод Монголын ерөнхий консулын газар байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

БНХАУ-ын Засгийн газраас үзүүлэх 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Эгийн голд Усан цахилгаан станц барихад ашиглахаар болсон талаар АЭ-ийн сурвалжлагч асуусан юм. Энэ зээлийн зориулалт өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулах үед өөр байсныг яагаад Эгийн гол руу татах болсныг лавлахад дэд сайд Ц.Цолмон Зээлийг судалж үзээд олон жижиг төсөлд зарцуулснаас хэрэгжих үйл ажиллагаа нь тодорхой болсон Эгийн голын Усан цахилгаан станцад оруулсан нь зүйтэй санал гэж тохиролцсон. Урьд тохиролцсоноор 60 сая ам.доллар нь манай Засгийн газраас баталгаатай. Бусад 240 сая ам.доллар нь компаниудын баталгаатай гэж байв. Өмнө нь энэ зээлийг авахгүй байхыг Олон улсын валютын сан / ОУВС/-гаас сануулж байсан тухай асуухад тэрээр ОУВС, бусад орноос авдаг зээлтэй тэр зээл ижил нөхцөлтэй. Хангалттай хөнгөлөлттэй зээл гэдэг категорт багтана гэлээ.

Ардын эрх сонин 232 /510/
Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button