Ч.Наранбаатар Хятадын буцалтгүй тусламжаар спортын ордон барина

Энэ үеэр Хятадын тал Монголд спортын цогцолбор барьж өгөхөөр болсон гэнэ. Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ч.НАРАНБААТАРТАЙ ярилцлаа.

-Хятадын тал манайд спортын ордон барьж өгөхөөр болсон гэж сонслоо. Саяын айлчлалын үеэр үүнийг баталгаажуулж үзэглэсэн гэсэн?
-Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Ерөнхий сайдын урилгаар тус улсад тав хоногийн айлчлал хийлээ. Айлчлалын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллалаа. Энэ үеэр БНХАУ-ын тал буцалтгүй тусламжаар Монголд спортын ордон барих асуудлыг бүрэн шийдсэн. Сангийн сайд энэ гэрээг үзэглэсэн юм. Спортын салбарынхны магнай тэнийлээ. Мөн Хятадын талтай спортын тэмцээн уралдаан хамтарч зохиохоор болсон гээд яриад байвал олон талаар хамтарч ажиллахаар болов. Одоогоос 50 жилийн өмнө БНХАУ-аас Монголд Спортын төв ордныг барьж өгч байлаа. Харин өнөөдөр тэд хөршийн холбоогоо батжуулж спортын ордон барьж өгөх болсныг Монголын ард түмэн талархан хүлээж авах биз ээ.

-Шинэ ордныг хаана барих юм бэ?
-Нисэхийн цагаан хаалганы орчим.

-Хэдий хэмжээний өртгөөр барих вэ?
-160 сая юанийн буцалтгүй тусламжаар барих юм. Техникийн нөхцөлүүд, зураг төсөл нь хийгдсэн байгаа. 5000 хүний суудалтай байна. Yүн дээр 1000 хөдөлгөөнт суудал нэмэгдэнэ гэхээр нийт 6000 хүний суудалтай. Гадна талдаа 700, дороо 150 автомашины зогсоолтой байх юм.

-Хэдэн танхимтай байх вэ?
-Ерөнхийдөө нэг том танхимтай байна. Харин дотроо сагсан бөмбөгийн гурав, чөлөөт бөхийн дөрвөн дэвжээ засч болохоор том талбайтай. Ордны эргэн тойронд 400 метрийн урттай гүйлтийн талбай, хөлбөмбөгийн талбайтай шинэ цэнгэлдэх хүрээлэн, хүүхдийн болон спортын дээд сургууль, софт теннис, талбайн теннис, сагсан бөмбөгийн талбай, уран гулгалт, тэшүүрийн битүү цэнгэлдэх барихаар төлөвлөөд байна. Yндсэндээ спорт цогцолбор болох юм. Гэхдээ спортын танхимыг нь Хятадын буцалтгүй тусламжаар, бусдыг нь холбоодын хөрөнгөөр барих юм. 2007 оноос ажил нь эхэлж, 2008 оны Бээжингийн олимпийн өмнө Хятадын барилгачид хүлээлгэж өгөхөөр тохиролцсон.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button