Шинэ түүх

улс орны лидер хэрхэн ажиллах ёстойг тов тодорхой сонирхолтой харуулж олон оронд хэвлэгдэж бестселлер болсон Сингапурын удирдагч Ли-Куан-Ю-гийн Шинэ түүх номыг Норовын Пүрэвдагвын орчуулгаар нийтэлж байгаа билээ.
Ли Куан Ю
Жон Робб үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хүссэн ёсоор мэдэгдье гэснээ Британийн цэргийн хүчнийхэн танай дотоод хэрэгт оролцож болохгүй шүү дээ хэмээн болгоомжтойгоор нэмж хэлж билээ. Тэгэхэд би үймээн самуун хяналтаас гарч, 1950 оны шашин хоорондын мөргөөний үеийнх шиг цагаан арьстнуудын айл гэрийн амгалан тайван байдалд халдаж болох учраас британийн цэргийн гарнизоны командлагч байдлыг мэдэж бэлэн байх ёстой хэмээн хэлж билээ.

Би бас санаа бодлоо нийгмийн асуудал хариуцсан сайд Отман Вок /Othman Wок/-той солилцоод Кен Свитэй хамт надад бараа болон ГХМГ-руу очихыг хүссэн. Ингээд би мегафон барьсаар ГХМГ-ын хашаан дотор байсан үймээн таригчдын өмнө гарч үг хэлсэн. Малай хэлээр ярьсан. Тэгэхэд би хошууч тушаалыг буруу тайлбарласан байна. Энэ бол Сингапурын иргэдэд л хамаатай тушаал. Тэрээр малайчуудыг цэрэгт татаж болохгүй гэж буруу ойлгосон байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ Сингапурын иргэн-малай хүн бол цэрэгт алба хаших эрхтэй гэж заасан байгаа гээд үймээн самууныг удирдан зохион байгуулсан хэмээн цагдаагийнхан үзэж байгаа 10 хүнээс бусад нь харьж болно хэмээн мэдэгдсэн. Мөн цааш нь би тэдэнд гэртээ очоод элдэв буруу үг хэл гаргахгүй байхыг анхааруулсан. Одоо гэр рүүгээ харих гэж хүмүүсээс дараа нь үймээн самуунд оролцвол хуулийн дагуу яллах болно гэдгээ ч хэлсэн.

Эцэст нь хэрэв та Сингапурын иргэн бол маргааш цэргийн ангидаа эргэж очоод албаа үргэлжлүүлэн хаших ёстой, дахин хэлэхэд, ийм эрхийг Сингапурын иргэн л эдлэнэ. Манай иргэн биш хүн бол Малайздаа ажил эрэх ёстой гэж билээ. Энэ мэдэгдлийг алга ташин угтсан юмдаг. Байдлыг намжаах шийдвэрийг би газар дээр нь гаргах хэрэгтэй байсан. Үймээнийг өдөөн хатгаж удирдсан цөөн хэдэн хүнийг шийтгээд бусдыг гэр гэр рүү нь тараах л хамгийн аюул багатай нь гэж санагдаж байсан. Түүнээс гадна би ажилтай болох таатай ирээдүй хүлээж байгаа болохоор цаашдаа энэ уймсэн хүмүүс томоотой байцгаах болов уу хэмээн горьдож байсан юм.
Хэвлэлийн бага хурал дээр би сэтгүүлчдээс, ялангуяа малай хэлээр гардаг сониныхонд хандан болсон үйл явдлыг учиртай мэдээлэхийг хүсэж билээ. Тэгээд маргааш өглөө нь сонин авч үзээд сая нэг санаа амарч байлаа.

Үймээнийг зохион байгуулсан арван дервөн этгээдэд ял сонсгосон. Сүүлд нь хууль зүйн сайд, ерөнхий прокурор хоёр ялнаас чөлөөлөх нь дээр гэж үзсэн. Юутай ч болсон явдал засгийн газарт үндэстний холбогдолтой асуудлыг тал талаас нь бодож, тун болгоомтой авч үзэж байх ёстой гэдгийг хоёрдмол санаагүй ойлгуулж билээ.
Бид дахиад нэг иймэрхүү түгшүүрийг 1967 оны 11 сард Пинанг болон тус хойгийн эсрэг талын арал дээр орших Баттерворт /Butterworth/ хотод дэгдсэн хятад-малай хоорондын мөргөлдөөний үеэр амсаж билээ. Сингапур салан тусгаарласны дараа Малайз дахь үндэстэн хоорондын харилцаа айхтар хурцадсан юм. Малайзийн засгийн газрын зүгээс хэлний талаар хэрэгжүүлж эхэлсэн түрэмгий бодлогод хятадуудын эгдүуцэх байдал цаг өнгөрөх тутам өсөж байв. Үндэстний энэ үймээн бужигнаан газар авч, Малайзын хойгоос халин Сингапурт халдан дэгдвэл хэрхэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах үүрэгтэй хороог Го Кен Сви-гээр ахлуулан сайдууд болон арми, цагдаагийн дээд албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй хүртэл байгуулж байсан.

Британийн фунт стерлингийн ханш 14% орчим унасны дараа Малайзийн сангийн яамны сайд Тан Сью Син /Tan Sew Sin/ колоничлогч засгийн газраас гаргаж байсан хийгээд Малайзын шинэ засгийн газраас гаргасан мөнгөн зоос хоёрын хоорондын харьцааг хүртэл оөрчилсөн ухаалаг бус шийдвэр гаргаж байлаа. Чухам энэ шалтгаанаас үүдэн тохиолдлын шинжтэй ажил хаялт, үймээн самуун дэгдэх болсон юм. Хөдөө орон нутгийн хятадууд хот руу шилжих болсон бөгөөд нийтийг хамарсан үндэстэн хоорондын мөргөлдөөн олон хотод дэгдвэл Малайзын зэвсэгт хүчин дийлэхгүй болох болов уу хэмээн бид санаа зовж байсан юм.
Бид бас энэ байдал Сингапурыг хамарчих вий хэмээн санаа зовж өөрийн гэсэн хуягт танкийн хэсэгтэй болох гэсэн бодлоо яаралтай хэрэгжүүлэхэд хүргэсэн юм. Ингээд бид 1968 оны нэг сард Израилаас техникийн шинэчлэл хийсэн францийн АМХ-13 маркийн хөнгөн танк хөнгөлөлттэй үнээр авахаар шийдсэн. Сингапур 1969 оны 6 сард 30 танк, 1969 оны 9 сард дахиад 42 танк хүлээн авсан юм. Мөн түүнчлэн бид Ү 200 маркийн хуягласан тээврийн хэрэгсэл 170 ширхгийг авсан.

Англичууд бидэнд цэрэг арми буй болгоход 1950-иад онд малайчуудад туслаж байсан шигээ ямар нэг тусламжийн гар сунгаагүй, тодорхой санал ч тавиагүй. Сингапурыг Малайзийн холбоонд байхад англичууд далдуур дэмжиж байсанд Малайзийн засгийн газар илэрхий дургүйцэж байсан юм. Тэр байдлаа ил тод илэрхийлдэг болсон Малайзтай англичууд харьцах болсон байв. Магадгүй бас Британийн үндэсний нийгэмлэгт болон НҮБ-т манайхыг элсэхийг дэмжсэн учраас Малайз бидэнд цэргийн мэргэжилтнүүдээрээ / ядаж л өөрсдийн мэддэг чаддагаас илүүгүй хэмжээнд/ туслах байх гэж Их британи бодож байсан байж болох талтай.

Сингапурын хоёр хороог яаралтай эргүүлэн авч, Малайзийн биш жинхэнэ Сингапурын цэрэг армийн нэгж болгох, ингэснээрээ тэдний төвийг сахисан байр сууринаас нь гэтэлгэх хэрэгтэй байлаа. Тухайн үеийн сангийн сайд байсан Го Кен Сви тусгаар тогтнолоо зарласны дараа шууд батлан хамгаалахын сайд болъё гэж өөрөө санал болгосон юм. Тэрээр цэрэг армийг цоо шинээр зохион байгуулах ёстой байсан. Цэрэг армийн тухай түүний мэдлэг хомс, ердөө л британийн удирдлага дор байсан Сингапурын сайн дурын корпус 1942 оны хоёр сард Японд бууж өгтөл бага даргын тушаалд алба хашиж байсан гэдгийг би мэдэж байсан. Гэсэн ч би зөвшөөрсөн. Кен Сви Бангкокд сууж байсан Израилийн элчин сайд Мордесэй Кидрон /Mordecai Kidron/-д хандаж тусламж хүссэн. Малайзаас өрх тусгаарлаад хэдхэн хонож байтал Кидрон цэргийн боловсон хүчнийг бэлтгэхэд туслахад бэлэн байгаагаа мэдэгдэхээр 1965 оны 8 сарын 9-нд Бангкокоос нисэн ирж билээ.

Кен Сви бид хоёрын уулзалтыг зохион байгуулсан. Тэрбээр үүнээс өмнө, 1962-1963 онд, Сингапурт Израилийн консулын газар нээе хэмээн надад хандаж байсан юм. Мөн тэрбээр Тунку энэ санааг дэмжиж байгаа, тийм болохоор Малайзийн холбоо бүрэн хэмжээгээр бурэлдэн буй болохыг хүлээх албагүй хэмээн ятгаж байсан. Тэр үед би нэгэнт Тунку зөвшөөрч байгаа юм бол Малайзийг бүрэн байгуулагдсаны дараа консулын газар нээхэд бүр ч саадгүй гэсэн хэрэг шүү дээ гэж хариулж байсан юм. Үнэндээ би консулын газар толгой даагаад нээчихвэл мусулман-малайчуудын эгдүүцлийг хүргэж, Малайзтай нэгдэх гэсэн төлөвлөгөө маань нурчих вий гэж болгоомжилж байсан хэрэг. Энэ хүн сэтгэл дундуур хоцорсон байх. Миний тооцож байсан зөв болж, Малайз байгуулагдсаны дараа Тунку хэлсэндээ хүрч чадахгүй болсноор
Сингапурт израилийн консулын газар нээгдээгүй билээ.

Өнөөдрийн монгол сонин 229 /399/
Орчуулсан Н.ПҮРЭВДАГВА Үргэлжлэл бий

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button