Би аавыг чинь алчихлаа, орж харцгаа

Бас би хүүхдүүдээ хөөгөөд явуулсанд дургүйцэн хэдэн үг хэлтэл нөхөр уурлаж, миний хоолойг боон баруун чамархай болон нуд рүү цохисон. Тэгээд чамайг ална гэж янз бүрээр харааж байснаа гал тогооны өрөөнөөс хутга бариад ирсэн.

Би хутгатай гартай нь зууралдаж байхад миний баруун шуу шархдаж цус гарсан. Шархдсандаа уурлаж намайг ингэж байхад би хутгалчихъя гэж бодоод хутгалчихсан. Гэхдээ би болсон үйл явдлыг сайн санаад байгаа ч юм шиг, заримдаа санахгүй байгаа ч юм шиг байдаг. Нөхрийнхөө цусыг хараад айж цочсондоо хүүхдүүдээ ална, тална гэж хутга барьж дайрсан байж магадүй гэж мэдүүлж байгаа энэ хүнийг Н.Цэнд гэдэг. 1935 оны наймдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрж өссөн, өдгөө 72 настай. Энэ хүний үйлдсэн хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон юм.
Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр нөхөр С-ийн зүрхэн тус газар хутгалж амь насыг нь санаатайгаар хөнөөсөн байна. Н.Цэнд гэгч хоёр шил архийг өөрийн хүү, охин, хүргэн болон нөхөр зэрэг зургуулаа хуваан уусан аж. Охин С.Оюунтуяа Миний аав 1972 оноос эхлэн Шаазан ваарны үйлдвэрт тэтгэвэрт гартлаа ажилласан хүн. Гарын ур дүйтэй алт мөнгөөр юм хийдэг дархан байсан. Хэрэг гардаг өдөр аав цувдай, хоолны мах ногоо болон 750 граммын хоёр шил архи авчирсан. Миний нөхөр, аав, ээж бас хажуу айлын эмээ гээд зургуулаа уусан.

Тэгээд унтах болж бид хоёрыг орондоо орох гэж байхад аав, ээж та хоёр манайхаас гар, бид хоёроос хэчнээн зулгааж идэж уух гэсэн юм гээд загнасан. Бид хоёр хэдэн хувцсаа уутанд хийгээд гарч явсан.
Удалгүй ээж алчихлаа шүү гэж орилсоор гарч ирсэн. Ингээд гэртээ ортол ийм хэрэг гарчихсан байсан. Харин ээж орж ирчихээд одоо та хоёрыг ална гээд гал тогооны өрөөнд байдаг хүрэн иштэй хутга барьчихаад дайраад байсан… Одоо нэгэнт ийм хэрэг болчихсон болохоор ээжид маань хөнгөн ял өгнө үү гэж гэрчээр оролцсон охин нь шүүгчдээс хүссэн юм. Мөн гэрчээр оролцсон хүргэн Л.Анхныбаяр мэдүүлэхдээ, хадам аав нэлээд согтсон байсан.

Харин хадам ээж нэг их согтоогүй. Хэрэг гарсан газар хадам ээж Би аавыг чинь алчихлаа, орж харцгаа гэж хэлсэн хэмээн мэдүүлеэн юм. Хоёр хүүхдийнх нь эцэг, насаараа ханилсан ханиа санаатайгаар хороосон энэ эмэгтэй ач зээгээ тойруулчихаад жаргаж суухын оронд жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид 10 жил ял эдлэх болсон юм.
Ханилсан ханиа хэрцгийгээр хороосон уг эмэгтэйд эдлүүлэх ял нь хөнгөдсөнийг нуух юун. Шүүгчид хөгшин хүн болохоор л ингэж шийдсэн байх.

Гэхдээ л хөгшин гэлтгүй хүний амийг хороосон гэж бодохоор энэ чинь эх хүн мөн гэж үү гэсэн бодол төрж байлаа. Хамгийн анхаарал татсан зүйл гэвэл, Н.Цэнд гэгч энэ эмэгтэй би нөхрөө алсандаа харамсаж байна.
Миний ялыг хөнгөрүүлж өгөөч хэмээн мэдүүлсэн явдал байсан юм. Манайхаас бусад оронд хүний аминд хүрсэн хэн ч байсан цаазаар авахуулдаг юм гэсэн. Гэтэл манай шүүх хэтэрхий зөөлдөөд байгаа юм биш биз дээ. Уншигч та хөөрхий эмгэнийг өрөвдөх сэтгэлгүй хүн юм гэж бодож байж болох. Гэтэл ханилсан ханиа санаатайгаар хороож, төрсөн үр хүүхэд рүүгээ хутга барин одоо та нарыг ална гэх хүнийг өрөвдөж болно гэж үү.

Өнөөдрийн монгол сонин 229 /399/
Д. Цацралт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button