Цогцос үүрэх айхтар ажлыг дэндүү хямд үнэлж байна биш үү

Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй болсон согтууг эрүүлжүүлэхээр гулдчиж яваа цагдаа залууд дэмжлэг үзүүлэхийн оронд бараг л нөгөө согтууг нь өрөвдөх гээд байх хүн олон. Угаасаа бидний философи тийм юм. Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дахь Зурагтын шинэ эцсийн буудлын ойролцоохь жалганд бусдад хэрцгийгээр хөнөөгдсөн нэгэн бүсгүйн цогцос олдсон тухай мэдээлэл олныг хирдхийлгэсэн. Уг мэдээг сонссон хүн бүрт тэр аймшигт аллагыг хэн үйлдэв, хэнд ч юу ч тохиолдож магадгүй нь гэсэн битүүхэн айдас төрж байсан биз ээ. Харин хэргийн газарт үзлэг хийж, талийгаач бүсгүйн хөлдсөн цогцсыг үүрч, шүүх эмнэлэгт хүргэсэн цагдаа нарыг хэн ч анзаарахгүй. Монголчууд нас барсан хүний биед гар хүрэхдээ цэрвэдэг. Ямар жилтэй хүн шарилд анхлан хүрэх, аль зүгт шарилыг хөдөлгөх гээд нарийн дэг жаягийг лам зааж өгдөг. Гэтэл хэдийд, юуны учир хорвоогоос халин одсон нь үл мэдэгдэх шарилтай цагдаа л ноцолдоно. Yгүй гэх эрх түүнд байхгүй. Жил, суудал таарах эсэх ер падгүй.
Өнгөрсөн ням гаригт Монгол Улс тусгаар тогтносны баярыг даяараа тэмдэглэн цэнгэж байхад архинд хордож, золгүй байдлаар амиа алдсан таван хүний цогцсыг цагдаа л эмнэлгийн моорг руу зөөв. Түүний хажуугаар 300 гаруй хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэж, ухаан санааг нь саруулсгав. Өчигдөр шөнө нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Хамбын овооны зүүн жалганд 20-25 насны залуу хөлдөж, амиа алджээ. Бас л хэдэн цагдаа хэргийн газарт очиж цогцсыг ачиж ирэв. Нийслэлийн цагдаагийн газраас Соёлын төв өргөө, III, IY, ХIII, I хорооллын траншейнуудыг өөрийн өмч мэт эзэмшдэг хүмүүсийн хэрхэн аж төрж буйг шалгасан. Тэр үеэр хэн гэдгийг нь хэлэх байтугай хэдийд нас барсныг нь тодорхойлох аргагүй гурван цогцос бараг араг яс болсныг олж шүүх эмнэлэг рүү илгээсэн. Эрүүл ухаантай байх нь ховор траншейныхан хүртэл цогцсыг өргөлцөхөөс жийрхэж байсан гэлцэнэ. Иймэрхүү айхтар юмтай бишгүй учирдаг хэдэн бор цагдаа л тэдгээр цогцсыг нүхнээс арайхийн өргөж гаргасан даа. Залуу насны ааг, төрд өргөсөн тангараг тэднийг зоригжуулдаг байх. 20 гаруйхан настай дэд ахлагч, ахлагч цолтой цагдаа нар бидний үр хүүхдээс ялгаа юун. Тэдний хүнд хүчир хөдөлмөрийг ойлгож, зарим үед урам хайрлаж байвал сайнсан.
Улстөржиж хийрхсэн хувьсгалчид жанжны талбайд жагсч цуглах, Төрийн ордон руу дайрах тоолондоо цагдааг л буруутгадаг. Тэдний үзэж буйгаар цагдаа гараа хумхиад зогсч байх ёстой аж. Бүр давраад төрийн сүлдтэй малгайг нь авч чулуудан, нүүр нүдгүй балбах нь энүүхэнд. Нэгэнт төрийн өмнө хүлээсэн үүрэг байгаа хойно үүнийг ч бас тэд тэвчдэг. Нарантуул, Хархорин, Хүчит шонхор зэрэг томоохон захыг тойрон өдөржин гороолж, хаана ч хамаагүй тасарч унадаг архаг архичдыг хэн хамгаалж байдаг вэ гэвэл нөгөө л хэдэн цагдаа. Харуй бүрий болохын цагт нэгэнт ухаан алдсан тэднийг машинд ачиж, эрүүлжүүлэхэд хүргэнэ. Зарим нь ууж согтуурсаар бүр өтгөн шингэнтэйгээ холилдож, арай л хэвтсэн газартаа наалдсан байх нь холгүй. Архинд донтсон ч гэлээ хүн хэмээх эрхийг нь хүндэлж, хөлдөхийн даваан дээр алтан амийг нь аварч буй нь тэр. Тэднийг хэн ч байлаа гэсэн эрүүлжүүлэхэд авчраад орхичихгүй. Юуны түрүүнд эмчид үзүүлнэ, халуун цай уулгаж бөөцийлнө. Аз дутсан нэг нь амьсгал хураавал цагдаа буруудна. Yүнийг эс нуршин аль бузар муухай болгонтой улаан нүүрээрээ тулж байдаг цагдаа нарт хүнд нөхцөлд үүрэг биелүүлсний төлөө ямар урамшуулал олгодгийг сонирхов. Гудамжинд осгож нас барсан, орон гэртээ өөрийгөө боомилсон гэх мэтчилэн тэгтлээ муудаж бохирдоогүй цогцос зөөхөд 1000 төгрөг. Тогтоол усанд удсан, өтөж өмхийрсөн цогцостой ажиллавал 2500 төгрөг урамшуулал болгож авах жишээтэй. Сэжиг хүрэм айхтар хөдөлмөрийг дэндүү хямд үнэлж байгаа юм биш үү.
Хэдэн жилийн өмнө төв, орон нутгийн цагдаагийн удирдах ажилтны зөвлөлгөөн дээр цагдаагийн хурандаа Ч.Сангарагчаа Манай ажилтнуудад хүнтэй ажилласны хөлсийг төрөөс өгч байна. Харин цогцос үүрсний мөнгийг авч үзээгүй гэж хатуухан шүүмжилж байсан. Тэр үеийг бодоход өнөө цагт бага ч гэсэн хөлс авдаг болсон нь сайн хэрэг. Гэхдээ л гомдмоор өчүүхэн мөнгө юм даа.
Нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээр орж явахад дэд ахлагч, ахлагч хэдэн залуу хэргийн газрын үзлэгийн үеэр элдэв бэрхшээл тохиолддогийг нуусангүй. Гэхдээ үгүй гээд ухрах эрх төрийн цагдаад байхгүй гэв.
Тэдний ярьснаар, тогтоол усанд олон хоночихсон цогцос хөөж яг мантуу шиг болсон байдаг гэнэ. Хэрэв чангахан барих юм бол зумрах аюултай. Иймээс маш нямбай ажиллагаа чухал аж. Өнгөрсөн зун болсон нэгэн аймшигт аллагын хэргийн газарт очсоноо тэд ярьсан. Х.Дорж хэмээх этгээд хамтран амьдрагч бүсгүйгээ гурилын модоор цохиж, амь насыг нь бүрэлгээд гэрт нь цоожлоод орхичихож. Гурван сар гаруйн дараа хөрш айлынхан нь цагдаад мэдэгдсэнээр уг хэрэг илэрчээ. Дотогш ороход цогцос өтчихсөн, үнэр танар гэдэг амьтай, голтой амьтан ойртохын аргагүй байсан аж. Шинжээч нар үзлэг хийж, зураг авах хооронд эгээ л амьсгал бөглөрөх шахаж байвч тэр цогцсыг өргөж гаргахгүй гээд яах юм бэ. Сэжиглэж байна гээд орхилтой биш, улаан гараараа үзэлцэхээс өөр замгүй. Зуны цагт уулын модонд боомилсон хүний цогцсыг буулгах үүнээс ч хэцүү хэмээн цагдаагийн дэд ахлагч залуу хэлсэн. Яаж ч амар байх вэ дээ. Зүрх үхмээр хэцүү бүхэнтэй тулгарч байдаг цагдаа залууст ажлынх нь хөлсөн дээр гар татахаа больё.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button