АН-ынхан УИХ-ын гишүүн гэдгээ гэнэт мэдэв

Гэвч ард түмний халааснаас авсан татварын мөнгөөр эргээд ард түмэнд, сонгогчдод тал засахын амт, үр дүнг мэдэрсэн намын гишүүд нь 250 сая төгрөгийг түлхэх сонирхолгүй хэвээр буй ажээ. Бид энэ тухай нэгдсэн ойлголтод хүрсэн гэж АН-ын дарга хэлж буй ч 250 сая төгрөгийг анхнаасаа эсэргүүцсэн Э.Бат-Yүл, Б.Батбаяр, Р.Бадамдамдин нараас бусад нь намын шийдвэрээ дагах дургүй байна.

Ц.Элбэгдорж дарга намын гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гаргасан учир манай намын гишүүд биелүүлж ажиллах ёстой гэж хэлсэн. Харин тус намын гишүүдийн дийлэнх нь гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэж дэгд заагаагүй хэмээн тайлбарлаж байв. Мөн нам намайг сонгуульд нэр дэвшүүлсэн ч ард түмэн л сонгосон учир би тойргийнхныхоо эрх ашгийн төлөө 250 сая төгрөгийг дэмжсэн хэвээр байна гэж хэлэх хүн ч таарсан юм.

Эрх ашиг нь хөндөгдөхөөр АН-ынхан нүүрээ угаасан юм шиг өөрчлөгдөж эхлэв. Тэд өчигдөр хэн байсныг товчхон сануулъя. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг томилоход АН-ынхан намынхаа даалгавраар гар өргөж байв. Мөн Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулахад ч тэд намынхаа шийдвэрийн дагуу хурал хаясан.

М.Энхболдын Засгийн газрыг байгуулахад мөн намынхаа шийдвэрээр Засгийн газарт ороогүй. Харин өнөөдөр тэд намын шийдвэрээ дагахгүй, УИХ-ын гишүүний эрхээ эдлэх бололтой. Тэд УИХ-ын гишүүн гэдгээ одоо л гэнэт мэдэж гэнэ. Хувийн эрх ашгийг нь хөндөх гээд буй учир тэр. Эндээс харахад АН-ын гишүүд хувийн, намын, төрийн гэсэн эрх ашгийн эрэмбэтэй ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button