С.ШААРИЙБУУ Би яг үнэнийг хэлье

Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяагийн талаархи мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй байгаа билээ.
Тиймээс энэ хэргийн талаархи үнэн зөв, бодит мэдээллийг өгөх үүднээс талийгаачийн аав С.Шаарийбуу өчигдөр сэтгүүлчидтэй уулзав.
Тэрээр, би яг үнэнийг хэлье. Ганцхан зүйлийг хүсье. Бурхан болсон охиныг минь эцсийн замд нь үдэхэд янз бүрийн мэдээ, мэдээлэл бичихгүй байхыг хүсч байна. Монгол хүн хотноосоо нэг төлөг алдчихаараа яасан юм бол гээд санаа зовдог зантай билээ, бид. Охиныхоо тухай бодохоор өр зүрх минь өмөрч, сэтгэл минь урагдах шиг болж байна. Би өөрөө сэтгүүлч хүн. Сэтгүүлчид өөр өөрсдийн эх сурвалжаар мэдээгээ бэлтгэдэг. Гэсэн ч бид аливаа зүйлд ухаалаг хандаж, хүмүүст үнэн бодот мэдээлэл өгөх учиртай. Та бүхэн миний л адил охинд минь санаа тавьж байгаад би талархаж байгаа.
Энэ хэрэг олон хүний сэтгэлийн учгийг хөндсөнийг би ойлгож байна. Надаас гадна миний ар гэр, охины минь хүүхдүүд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй гэлээ.
Талийгаачийн аав С.Шаарийбуутай ярилцлаа.

-Та охиныхоо талаар ярьж өгнө үү?
-Хэвлэлийн хуудсаар миний охиныг янз бүрээр бичсэн байна лээ. Тэгэхээр би охиныхоо тухай товч ярья гэж бодлоо. Манайх гэр бүлээрээ ЗХУ-д олон жил амьдарсан. Би хоёр охинтой. Талийгаач миний том охин. Охин маань багаасаа орос цэцэрлэгт явж, орос сургуулиар хүмүүжсэн. Дөрөвдүгээр ангид байхдаа англи хэл үзсэн. Монголд ирсний дараа охин маань МУИС-ийн англи хэлний ангид орж суралцсан. Суралцах хугацаандаа өөрөө унаган орос хэлтэй учраас багш нартаа буруу заагаад байгааг нь шулуухан хэлчихдэг орос зантай хүүхэд байсан. Охин маань их шударга л даа. Дараа нь охин маань Бээжинд гурван жил суралцаад нутагтаа ирснийхээ дараа нэг жилийн дотор япон, солонгос хэлийг бие дааж сурсан.
Талийгаач маань НYБ-ын гурван хэлийг төгс эзэмшиж чадсан өндөр боловсролтой хүүхэд байлаа. Гэтэл охиныг маань биеэ үнэлэгч байсан энэ тэр гэж бичсэн байна лээ. Ингэж болохгүй биз дээ. Хэн юу хийж чаддаг түүгээрээ талхаа олдог биз дээ. Миний охин хэлний авьяастай байсан.

-Талийгаачийн бага хүүхдийн талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж байсан?
-Тийм ээ. Миний охин гэр бүлээрээ, хоёр хүүхдийнхээ төлөө юу босгосныг өнөөдөр хэн ч үзээгүй шүү дээ. Эмэгтэй хүн ганцаараа хоёр хүүхдээ өсгөхийн тулд яаж зүтгэж байсныг та бүхэн ойлгохгүй байх. Бага хүүхэд нь төрөхдөө таталттай гарсан. Манай эмнэлгийнхэн нугасны ус авснаас болж бүсэлхийнээс доошхи эрхтэнүүд нь хөдөлгөөнгүй болсон.
Энэ нь тархиндаа нөлөөлж хүү маань их хүнд байдалтай байсан юм. Талийгаач хүүгээ хөл дээр нь босгох гэж ихэд л хичээсэн. Бид ч гэр бүлээрээ нийлээд боломжтой бүх л зүйлээ зарж борлуулаад зээ хүүгээ Бээжин рүү эмчилгээнд гурван удаа авч явсан. Нэг явахад 5000 ам.доллар зарцуулдаг. Өнөөдөр гэхэд хүүгээ асрагчтай нь хамт эмнэлэг дээр нь үлдээчихээд ирлээ. Миний зээгийн асрагч нь сайхан сэтгэлтэй, боловсролтой эмэгтэй бий. Талийгаач охинд маань хүүг чинь хөл дээр нь босготол танайхаас явахгүй гэж хэлсэн байна лээ. Би тэр охинд их өртэй үлдэж байгаа.

-Та хэргийн мөрдөн байцаалтын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Хэргийн илрүүлэлт сайн явагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөрдөн байцаалтыг хүмүүс их сонирхож байх шиг. Yнэндээ бидний сонирхоод байх асуудал биш юм. Би зарим нарийн юмыг мэдэж байгаа ч хэлэх боломжгүй. Учир нь, шүүхийн ажиллагаанд ноцтойгоор саад учруулдаг учраас Малайзын цагдаагийнхан энэ асуудалд анхаарал хандуулж байгаа.

-Тэднийд мафийн харанхуй нийгэм ноёрхдог гэсэн. Хэрэг нэг тал руугаа шийдэгдэх вий гэж та болгоомжилж байна уу?
-Тийм болгоомжлол бий. Учир нь, тус улсад гэмт хэргийн бүлэглэлүүд газар авчихсан нь ажиглагдсан. Гарахгүй гэмт хэрэг ч гэж алга. Би энэ аллагыг ердийн нэг зүйл гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл, миний охиныг захиалгаар хөнөөлгөхдөө цагдаагийн ажилтнуудыг оролцуулсан. Тэр цагдаагийн ажилтнууд нь төрийн тусгай хамгаалалтад ажилладаг нөлөө бүхий хүмүүс. Цагдаагийн ажилтнууд нь зүгээр нэг цагдаа ч биш офицерууд, мэргэжлийн хүмүүс. Шүүх ажиллагаанд нөлөөлөх учраас тэдний нэр усыг хэлэх боломжгүй.

-Та охиноо юунаас болж ийм байдалд хүрсэн гэж бодож байна вэ?
-Миний охин маш их зүйл мэдэж байсан. Учир нь охин маань орос, англи, хятад хэл сайн эзэмшсэн. Гурван хүнтэй ажиллахад гурван өөр мэдээлэл авна. Тэр гурван хүнтэй ажиллахад өөр өөр хөрөнгө оруулалт зарцуулна. Тэгэхээр мэдээлэл ихтэй байсан учраас ийм байдалд хүрсэн болов уу. Разак Багинда цагдаагийнханд Би Алтантуяаг танихгүй, монгол эмэгтэй дарамтлаад байна гэсэн үг өгүүлбэртэй дуудлага өгсөн гэсэн. Тэр худлаа. Охин маань түүнийг таньдаг, түүний хийдэг ажлыг ч мэддэг байсан.

-Та охинтойгоо хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Түүний ажлыг сонирхдог байсан уу?
-Малайз явахаас нь өмнө уулзсан. Насанд хүрсэн учраас юм болгонд нь оролцоод байдаггүй. Харин ажил чинь хүнд байна, байнга гадагшаа явах юм, ач холбогдол байна уу гэж асууж байсан. Ер нь охин маань өндөр боловсролтой учраас хаана, ямар хүнтэй уулзахдаа, ямар эд зүйл хэрэглэх вэ гэдгээ сайн мэддэг байсан. Дэлхийд ганц, хоёрхон байдаг үзгийг хэрэглэж байсан /Yзгийг харуулав/.

-Малайзын улс төр судлаачийн талаар та юу гэж бодож байна вэ?
-Тэр миний охины гадаад хэлний мэдлэг, боловсролыг ашиглаж байсан юм билээ. Дэлхийгээр тэнэж явдаг зэвсгийн наймаачин гэсэн. Гэхдээ Малайзад албан ёсны зөвшөөрөлтэй зэвсгийн наймаачин байдаг гэсэн. Түүний л нэг юм билээ. Хамгийн гол нь, тэр хүн миний охиныг тэр зэвсгээрээ туршиж дэлбэлсэн. Yүнд нь үнэхээр харамсаад баршгүй. Малайзын шүүхийнхэн түүнийг эмнэлгийн гэсэн оношоор суллахыг оролдсон. Шүүх хурал дээр намайг үг хэлэхэд үгийг минь шууд таслаад одоо болно гээд яриулахгүй байсан. Бас нэг сая ринггитийн барьцаа тавьж Багиндаг суллуулахыг хүссэн. Түүний ах, дүү нь Малайздаа нэр хүндтэй их эмч гэсэн. Тэгэхээр түүний ар тал их сайн, мөнгөөр бүхнийг шийддэг нь харагдаад байгаа. Иймэрхүү байдал байгаа учраас хэргийг анх илрүүлсэн цагдаагийн ажилтан Би ажлаа хүлээлгэж өгнө, шударга шүүх гэж байна уу гэж ярьж байсан удаатай.

-Тэгвэл манайхан энэ тохиолдолд юу хийвэл зохистой вэ?
-Би хүний эрхийн үндэсний комисст хандсан. Тэд надад туслахаа амласан. Гадаад хэргийн яам бидэнд их туслалцаа үзүүлж байгаа.

-Албан ёсны шүүх хурал хэзээ болох вэ. Та шүүх хуралд оролцох уу?
-Би оролцохгүй. Арванхоёрдугаар сарын 14-нд өдөр албан ёсны шүүх хурал болно. Хэргийг үйлдсэн хүмүүсийг тус тусад нь мөрдөж, өөр өөр хотын шоронд хорьж байгаа. Ингээд бүх мөрдөн байцаалтыг дуусгаад албан ёсны шүүх хурал болох юм. Разак Багиндаг бие нь муудсан гэсэн шалтгаанаар хоёр гурван удаа суллаж тавихыг оролдсон. Тэр ямар их хамгаалалтад байдаг хүн бэ гэдгийг эндээс ойлгож болно. Багиндаг шүүх хурал дээр магтаад байсан. Түүнийг нь харсан манай өргөмжит Консул дургүйцэж харагдсан. Бас хэргийг анх илрүүлсэн цагдаагийн ажилтан үнэн шүүх байна уу гэж хэлээд ширээ шааж босоод шүүхийн танхимаас хөөгдсөн. Тэгэхээр шүүх ажиллагаа үнэн зөв болно гэдэгт итгэл муутай байна.

-Та цогцсыг нь авчирсан уу?
-Надад авчрах юм байхгүй. Бөмбөг дэлбэрэхэд газрын хөрс хонхойдог. Бид кинон дээрээс хардаг биз дээ. Бөмбөг газрын хөрсийг тэр чигээр нь дээш нь аваад шидсэн. Тийм аймшигтай дүр зураг харагдсан. Гэтэл тэр хүмүүс гурван бөмбөг дэлбэлсэн. Yүнийгээ тэр хүмүүс хүлээсэн. Эхлээд охиныг минь буудаж хөнөөчихөөд бүх хувцсыг нь тайлж аваад биед нь гурван бөмбөг уяад дэлбэлсэн байна. Би газар дээр нь очсон. Тэнд буддын лам нар их ховор байдаг юм билээ. Тэд сүнсийг нь аргадаж ном уншиж ёс үйлдсэн. Надад цогцос авах бололцоо байхгүй. Энд тэндээс түүж авсан хэдэн жижиг ясны хэлтэрхий байгаа юм билээ. Би түүнийг нь харсан. Хэрвээ би түүнийг нь аваад явчих юм бол хэргийн материалыг аваад явчихсан гээд буцах тохиолдол гардаг гэсэн. Шүүхийн эцсийн шийд хүртэл эд мөрийн баримтыг тусгай архивт хадгалдаг юм байна.Миний цусыг аваад ДНК шинжилгээгээр мөн гэж тогтоосон. Багиндагийн хүүхэд гэж байхгүй. Би ганцаараа явж ганцаараа ирсэн. Миний охинд түүнээс өгсөн ямар нэгэн алт, шүр байхгүй гэдгийг бас хэлмээр байна.

-Та өмгөөлөгч авсан уу?
-Малайзын парламентын гишүүн, хуульч өмгөөлөгч Карпал Сингх миний өмгөөлөгчөөр ажиллахаар болсон. Тэр хүн Малайздаа шударга үнэний шүүгч гэж алдаршсан юм билээ. Миний хүсэлтийг зөвшөөрөөд би энэ охины төлөө дуугарахгүй юм бол үнэний төлөө гэж явсны хэрэг байхгүй гэж хэлсэн. Би их баярласан.

-Yнэ хөлс нь хэд бол?
-Их үнэтэй. Гэхдээ энэ тохиолдолд болох байх аа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button