ДОХ-ын мэдлэг бол вакцин гэсэн үг

Олон нийтэд энэ аюулт тахлын талаар бодитой үнэн зөв мэдээллийг хүргэж байхад манай сэтгүүлчдийн оролцоо нэн тэргүүн хэрэгтэй байгаа бөгөөд энэ талын мэдлэгийг олгохын тулд сэтгүүлчдэд сургалт явуулсан юм. Монголд хүмүүсийн ДОХ-ын талаарх мэдээллийн түвшин тийм ч муу биш байна. Гэхдээ л өнөөг хүртэл буруу ташаа ойлголт хүмүүсийн дунд нэлээд байгааг судалгаанууд харуулж байдаг. ХДХВ болон ДОХ-ын ялгааг мэддэггүй, дамжих, дамжихгүй замуудын талаар ташаа ойлголттой, хамгаалах арга замуудыг сайн мэдэхгүй байх жишээтэй. Иймд хэвлэл мэдээллийнхэн жирийн олон нийтээс илүү өргөн ойлголттой байх шаардлагатай байгааг энэ сургалтаар онцлон ярьсан.
ДОХ-ын талаар түүний хор хөнөөлийн талаар бид юу юунаас илүүтэй мэдэх болсон боловч ДОХ-ын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн нэгэнт ДОХ туссан хүмүүсийн талаар бид ямар ойлголттой байдаг билээ.
ХДХВ хамгаалалтгүй бэлгийн хавьтлаар дамжих нь түгээмэл. Тиймээс ч олон хүн … балиартаж явж байгаад …хохь нь… гэсэн бодолтой байдаг гэнэ.
Нэгэн вэб хуудсаас миний бие ДОХ, хоолны хордлого хоёр юугаараа ялгаатай вэ? гэсэн өгүүлэл уншсанаа саналаа. Мөн чанарын хувьд энэ хоёрт ямар ч ялгаа байхгүй. Гайхаж байна уу? Учир нь идэх, бэлгийн хавьталд орно гэдэг хоёулаа байгалиас хүнд заяасан анхдагч хэрэгцээ. Хооллох хэрэгцээгээ хангах гэж байгаад хордлого авсан хүнийг хэн ч гадуурхдаггүй биз дээ. Тэгвэл таны л адил бэлгийн хэрэгцээгээ хангах гэж байгаад ХДХВ-ын халдвар авсан хүнийг яагаад онцгойлон авч үзэх гэж? ДОХ надад хамаагүй, энэ бол биеэ үнэлэгчид, ижил хүйстнүүдийн л өвчин гэсэн ойлголт бас элбэг.
Гэтэл ХДХВ-ын халдвар авч буй нийт хүмүүсийн ердөө гуравхан хувийг л биеэ үнэлэгчид эзэлдэг. Халдвар авчих вий гэсэн айдас ч бас ялгаварлан гадуурхалтыг дэврээдэг биз. Уг нь ХДХВ амьсгалын болон ахуйн замаар ч дамжихгүй. Тэр ч байтугай үнсэлцэхэд халдахгүй гэнэ.
Уг нь бид ХДХВ, ДОХ-ын талаар зөв мэдлэгтэй байж чадвал энэ вирус аймаар биш. Өөрөөр хэлбэл мэдлэг бол вакцин. Хэрэв та энэ өвчний талаар мэдлэггүй байгаагаа энэ өвчнөөс хол амьдарч байна гэж бодож байгаа бол том алдаа.
Өнөөдөр дэлхий дээр 10 секэнд тутам нэг хүн ДОХ-ын улмаас нас барж байна. Тэднийг хүмүүс чөтгөр шулам мэт үзэж, ялгаварлан гадуурхалт гутаан доромжлолоор нөгөө ертөнцөд үдсээр. Энэ нь соёл, шашны итгэл үнэмшил болон мэдлэг боловсрол дутуугаас болж гарч байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлжээ. Харин энэ өвчний талаар сайтар мэдлэгтэй байж чадвал жинхэнэ хол амьдарч чадна. Хэрэв та ХДХВ/ДОХ-ын талаар зөв мэдлэгтэй бол халдвартай хүн таны нүдэнд чөтгөр шулам шиг биш таны л адил хайр хүндэтгэл хүлээх эрхтэй хүн л харагдах болно. Өвчтэй хүнийг байтугай эрүүл хүнийг элдвээр гадуурхаж, доромжилбол амиа алддагийг Монголд гарсан гашуун сургамж харуулсан гэдгийг санаж яваарай. Гэтэл ДОХ-той гэж цоллуулан магадгүй өнчин хоцрох хүүгийнхээ төлөө нулимсаа урсган эцсийнхээ хүчийг шавхан амьдарч буй тэр л хүмүүст таны хүн ёсоор хандсан нэг л үг амьдралыг нь нэг өдрөөр ч гэсэн уртасгана шүү дээ.
Хүний эрхийг хамгаалах нь ХДХВ/ДОХ-той тэмцэхэд нэн чухал зүйл болж байгаа. Янз бүрийн шалтгаанаар эрх нь зөрчигдсөн хүмүүс ДОХ-д илүү өртөмтгий байдаг нь дэлхийн практикт нотлогдсон зүйл. Жишээ нь Биеэ үнэлэгчид, гей хүмүүс, хар тамхи хэрэглэгчид, ХДХВ/ ДОХ-той хүмүүс. Тэдэнтэй хүний эрхэнд суурилсан зарчмаар ажиллах нь өөрийгөө болон бусдыг хамгаалах ухамсар, чадварыг нь дээшлүүлж, өртөмтгий байдлыг бууруулдаг байна.
Зөвлөгөө, оношилгоо, эмчилгээнд эрт өргөн хамрагдахад нь тусалдаг. Бас тэднийг татан оролцуулах боломж нээгддэг. Хэн нэгнийг ХДХВ/ ДОХ-той гэдгийг таньж мэдэх л юм бол гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалттай ямар нэг хэмжээгээр тулгардаг. Хүмүүс өвчнөөсөө гадна чухамхүү үүнээс хамгийн их айдаг. Монголд хүний эрхэд суурилсан арга барилыг хүлээж авахад нийгмийн сэтгэл зүй бэлэн биш байгаа. Энэ нь одоогоор ДОХ-ын зовлонг хүмүүс тэр бүр мэдрээгүй байгаатай холбоо байж болох юм. Гэхдээ хорих, хаах аргууд амжилтад хүрэхгүй байгааг ч бас ямар нэг хэмжээгээр хүлээн зөвшөөрч эхэлжээ.
Хүний Дархлал Хомсдолын Вирус ХДХВнь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ нь зөвхөн хүний биед амьдардаг халдваруудын нэг. Хүний биеэс гадна байж чаддаггүй. Өөр амьтны бие ч дасан зохицох чадваргүй. Агаарт гарангуут хөдлөх чадвараа алддаг бөгөөд тэр дороо устдаг. Харин тэр хүний биед оршихдоо шинж чанараа амархан өөрчилдөг. Бас эмэнд дасах чадвар сайтай. Сүүлийн жилүүдэд олон эмэнд дасал болсон, бас хавсарсан шинэ төрлүүд илрэх болсон. Энэ шинж чанар нь эмчилгээнд болон үр дүнтэй вакцин гаргахад төвөг учруулдаг байна.
Хамгийн гол нь ХДХВ, ДОХ-ын талаар зөв мэдлэгтэй байж чадвал энэ вирус тийм ч аймаар биш. Энэ нь энэ вирусын халдвар авсанаар өвдөхгүй үхэхгүй гэсэн үг бус гагцхүү урьдчилан сэргийлж чадвал тусахгүй байх боломжтой гэдгийг л хүн болгон мэдээсэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл мэдлэг бол вакцин.
Хэрэв та энэ өвчний талаар мэдлэггүй байгаагаа энэ өвчнөөс хол амьдарч байна гэж бодож байгаа бол том алдаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button