Энэ Бага хурлаас юу ч хүлээх хэрэггүй

бас юуг нь гохдон дотоодод нь бужигнуулж болох, нөгөө хэсэг нь намын удирдах дээд байгууллагад зориулсан мессеж хаях, эсвэл зүгээр л нэг үгэнд дурлаад өнгөрөх гээд зүг бүрийн мэдээллүүд сүүлийн үед илэрхий олшроод ирэв. Намын төддүгээр хурлыг амжилт бүтээлээр дүүрэн угтъя гэх мэтийн хуучин харин түүний оронд хурлын үеэр ярьж хэлэлцэх нарийн ширийнээ урьдчилан тохирч авдаг боллоо. Уламжлал ба шинэчлэлийн халаа залгааны салхи сэвэлзсэн энэ цагийн өнгөн дээр МАХН ч бас уламжлал, шинэчлэлийнхээ тухай илүүтэй ярих болоод байгаа. Уламжлал, шинэчлэлийн нийлмэл нь өөрөө МАХН-д хамгийн их ха¬маа¬тай гэсэн үг. Тиймдээ ч энэ намаас мэндэлсэн жигүүр, хөдөлгөөнүүд урьдын МАХН-ыг одоогийн төвшинтэй нь харьцуулан шүүмжлэл өрнүүлэх болсон хэрэг.

Хэт төвлөрсөн, басхүү хэт гишүүнчлэгдсэн арга барилаасаа салж чаддаггүй МАХН хэдийгээр институцийн хэмжээний Монголд цорын ганц нам боловч тэр хэрээрээ ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Энэ алдааг намын удирдлагад хамаатуулах гэхээсээ илүү нэгэнт хэвшчихээд өнөө хэр салж өгөхгүй байгаа хуучны тогтолцоотой нь шууд холбон ойлговол болох юм. Хятад, Вьетнам, бас Монгол зэрэг оронд голчлон тогтож үлдсэн хуучнаасаа салаагүй мэт байдал нь ази хүмүүсийн хэвшмэл ойлголтоос, сэтгэлгээний онцлогоос улбаатай байж таарна. Гэхдээ хуучны зарим зүйлээс МАХН-ын толгойд байгаа нөхдүүд нэг л мэдэхэд алсарч одсон байх ажээ. Тухайлбал, тус намын удирдлага анхан шатны байгууллагуудаасаа хол тасарсан, тээр дороос цуурайтах санал шүүмжлэлийг сонсох дургүй болсон, намын удирдах бүтцийг дарга нарын сүргээр бүрдүүлсэн гэхчлэн нэрлэж болж байна. Намын аль нэг хороо, үүрт гарсан санал шүүмжлэл дээд төвшиндөө ямар нэг байдлаар хүрдэг байсан, ажилчин, малчин, тариачны хэн нь ч тодорхой квоттойгоор намын удирдах дээд байгууллагад сонгогддог байсныг бодвол өнөөгийн МАХН хаашаа харж зогсоно вэ гэмээр.

Одоогийн байдлаар МАХН-д мэндэлсэн дөрвийн дөрвөн жигүүр, хөдөлгөөний дэмжигч гишүүд ээлжит Бага хурлынхаа өмнө идэвхтэй хэсгээ цуглуулан үгээ нэгтгэж, санаагаа тогтох шиг боллоо. Тэд дээр өгүүлсэн уламжлал, шинэчлэлийн алдаа, оноог хамгийн түрүүнд асуудал болгон тавих биз. Намынхаа удирдах зарим албан тушаалтны талаар ч ярих, хэлэх зүйл байгаа бололтой юм билээ. УИХ-ын дарга Ц.Нямдоржийн хэт бардамнасан, заримдаа дарангуйлах гээд ч байгаа юм шиг зан авирыг буруутгасан үг хэл сүүлийн үед ихэссэнийг бодолцох нь зүйтэй. Түүнийг УИХ-ын даргын суудлаас ховхолж орхивол төр цэвэршинэ гэж боддогоо зарим нь нуухгүй байна. Нөгөө намынхаа доторх бүлэглэлтэй сүжирсэн хэлхээ холбоог нь таашаадаггүй хүн ч олон бий. Түүнээс гадна намын удирдлага дахь цөөнгүй албан тушаалтан бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигт үйлчилдэг болсныг мөн шүүмжилсээр байгаа.

Нэг талдаа жигүүр, хөдөлгөөнийхөн зөв зүйл ярьж буй мэт санагдавч мөн чанарын үүднээс иймэрхүү шүүмжлэлийг эрх мэдлийн төлөөх тэмцэл гэдэг утгаар хүлээж авахаас аргагүй болоод байна. Жигүүрийнхэн нь ч байна уу, хөдөлгөөнийхөн нь ч байна уу ерөөсөө л эрх мэдэлгүй болсон хойноо асуудлыг хөндөн тавьж буй нь өөрөө эргэлзээтэй. Цагийн сайханд тэд эрх мэдэлтэй байсан, тэр үед МАХН хамгийн гоё нам байгаагүй л юм. МАХН-ыг Монголын төр гэж ойлгодог улстөрч-тэй, ерөнхий прокурорын суудлыг зүүдэлж хонодог зохицуулагчтай жигүүр, хөдөлгөөнүүд өөрсдийнхөө үнэт зүйлийг улам бүр гутааж орхисоор байна.

Гэхдээ тэд санал, шүүмжлэлээ намынхаа Бага хуралд оруулж таарна. Оруулах учраас цаадуул нь хэлэлцэж таарах биз. Жигүүрийнхэн таслах эрхгүй тул Бага хурлын 240 гишүүн тэдний санал, шүүмжлэл бүрийг өө, тэгэлгүй яахав гээд хүлээж авна гэдэг юу л бол. Одоохондоо төр, засгийн аль нэг төвшинд алба хашиж байгаа тэдгээр 240 хүнд алдахад хайран юм мөн ч олон байгаа учраас тэр. Тиймээс жигүүр, хөдөлгөөнийхөн Ардчиллын зарчмаар хэлэлцэв, олонхиороо шийдвэрлэлээ, одоо цаашдаа дүрмээрээ яваарай гэдэг үгээр өд сөднөөсөө жаахан зулгаалгасхийгээд, асуудал энэ удаад цэг тавигдах болов уу. Бага хурлын үеэр нэгэнт түүхэн үүргээ гүйцэтгэсэн жигүүр татан буугдвал яасан юм бэ гэсэн шахалт гарч ирж болзошгүй. Гэхдээ арай ч татан буулгаж барахгүй байх гэж ажиглагчид таамаглаж байна.

Түүнээс гадна намын даргыг өөрчилж магадгүй тухай мэр сэр яриа цухалзаад байгаа. Тэгвэл ийм дээрээ арай тулахгүй гэж эх сурвалж хэлэв. Ороо бусгаа цаг үеийг туулж яваа МАХН-д намын дарга нь аядуу хүн байгаа нь ч өлзийтэй хэрэг, хэрвээ М.Энхболд өөрөөсөө өөр байж сэлэм эргүүлээд босоод ирвэл асуудал бишдэнэ гэж тэрээр үзэж байна. Тэгээд ч гарман дээр морио сольдоггүй юм гэж байна.
Ерөнхийдөө МАХН-ын Бага хурлаас онцын өөрчлөлт хүлээх хэрэггүй нь бололтой. Хэдийгээр нам доторх асуудлаа голлон ярих ч тэр бүхэн аль аль талын хүлээлтэд хүссэн хариу өгөхгүй байж мэдэх ажээ.

Ардын эрх сонин 233 /511/
Т.Мөнхтунгалаг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button