Ард түмнийг айдаст авхуулсан тагнуулынхны шоу

Өмнөговийн Даланзадгадаас нийслэлийг зорьсон АН-24 онгоцонд бадриун биөтэй гурван залуу 30 гаруй зорчигч суужээ. Тэд хамгийн арын суудалд суугаад архийг аяга аягаар нь хөнтөрч явсныг зорчигчид анзаарч л дээ. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу өнөөх гурван залуу зорчигчдын анхааралд өртөж чадаж. Онгоц цаг гаран нисч залуус ч цаг гаран архидацгааж. Ингээд онгоц нийслэлд газардсан байна. Зорчигчид бууж эхэллээ. Бүхээгт хэдэн хүн үлдэж, хоёрдугаар нисгэгч суудлаасаа босч гарах хаалгыг чиглэв. Чухам энэ л эгшинд өнөөх гурван залуу зүүгээр хатгуулсан мэт гэнэт босч, нэг нь яах ийхийн зуургүй хоёрдугаар нисгэгчийг нам цохиж унагаад дангинатал хүлж орхиод амыг нь скочдоод тавьчихаж. Энэ хооронд өнөөх гурвын нэг нь гар буу гаргаж нэг удаа хий буудаж. Буун дуу сонссон автобусны жолооч ум хумгүй арилаад өгч. Харин бүхээгт үлдсэн нэг эмэгтэйн даралт нь ихэсч дэн дун болоод ирж. Хамаг бие нь салгалж бүр амьдрал нь нүднийх нь өмнө жирэлзээд өнгөрөө биз зайлуул. Кинон дээрээс л харж болох энэ дүр зургийг нүдээр үзсэн хөөрхий эмэгтэйн бие одоо хэр нь сайнгүй байгаа гэсэн.

Харин энэ хооронд бүхээгт үлдсэн хүмүүсийн хамаг бие нь хөшиж хөдөлж ч чадахаа байж. 2001 оны есдүгээр сарын 11-ний аймшигт явдал тэдний толгойд хамгийн түрүүнд орж ирээ байлгүй. Тоглоом ингээд л дуусч. Өнөөх гурван согтуу залуу ч хар машинд суугаад арилаад өгч. Тагнуулынхны хийсэн энэ тоглоомноос болж хэвлэлийнхэн ажилтай болж, ард түмний сэтгэхүй айдас хүйдэст автаж, улс төрийн томчуул бужигналдав. Тэр өдөржингөө л шуугилдацгаав. Гэтэл тагнуулчид маань бид туршсан юм, сорьсон юм, тоглосон юм гээд хээв нэг ярьж сууцгааж байх нь сонин. Гавьяа байгуулчихсан юм шиг додигор явцгаах нь бүр сонин.

Энэ үйлдлээрээ тэд ард гүмнээр яаж ч тоглож оолдгийг харуулах шиг болов. Хийх байхаа олж яддагаа ч нотлов. Тэдний эл үйлдлийг гудамжинд явж байгаа хүнийг гэнэдүүлэн цохиж унагачихаад чамайг гэнэтиин халдлагад бэлэн байдаг эсэхийг чинь сорьсон юм гэсэнтэй утга нэг гэж ойлгож болох. Монголоос өөр оронд ард түмнээрээ ингэж тоглобол яах бол. Ямар ч байсан энэ ажиллагааг зохион байгуулсан хүн албан тушаалдаа үлдэхгүй нь лав. Цаашлаад ямар ч арга хэмжээ авахуулахыг хэн мэдлээ.

Тагнуулынхан үнэхээр терроризмтай тэмцэх сургалт, сорилт зохиохыг хүссэн бол хэвлэлийнхнийг цуглуулаад тусгайлан бэлтэсэн онгоц дээр түүнийгээ харуулахгүй яасан юм бол. Гадаад ч ингэдэг юм.

Гэтэл тэд ингэсэнгүй. Айхтар том шоу зохиож ард түмнээр тоглолоо. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал бас энд гарч ирнэ. Нөгөөтэйгүүр тагнуулынхан ингэж сенсаацтай шоу дэгдээснээрээ гадаад ертөнцөд Монгол Улсыг терроризмтай тэмцэх тал дээрээ нооль гэсэн үнэлгээтэй гэдгийг зарлав. Монголчуудыг Иракийн энхийг сахиулах ажиллагаанд цэргээ явуулснаас хойш терроризмын аюул нүүрлэж болзошгүй орны тоонд орсон гэж хүмүүс ярьж буй. Монголд онгоц барьцаалахад ийм амархан байдгийг өнөөх хэцүү нэртнүүд дуулбал яах нь бас сонин. Монгол ёс заншлынхаа үүднээс авч үзсэн ч тэд муу ёр удаж. Энэ бүхнийг харгалзан үзэхэд тагнуулынхны хийсэн шоуг, сорилыг, тоглоомыг зөвтгөх үндэслэлииг яаж ч хайгаад олохгүй байх. Харин тэд өөрсдийгөө хэрхэн зөвтгөх бол. Харж л сууя.

Ард түмний сэтгэлзүйг айдас хүйдэст автуулсных нь төлөө тэдэнтэй хариуцлага тооцох нь зүйтэй байх гэдэгтэй ард түмэн санал нэгдэх биз. Хэрэв үгүй бол магадгүй маргааш тагнуулынхан танай гэрийн хаалгыг чинь цөм цохиж орчихоод гэнэтиин довтолгооны сорил хийж байна гэж хэлэх ч юм билүү хэн мэдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button