Сайд асан Н.Алтанхуяг ташаа ойлголтод тайлбар өгөв

Тэ¬рээр тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан хүний хувьд нотлох баримтууд дэлгэн Нарийнсухайтыг Хятадад бэлэглэсэн эсэхээ хэвлэлээр ил тод мэдэгдэхээр шийджээ. Нарийнсухайтын хувьд Ашигт малтмалын тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын тухай хуулиудад заасны дагуу Засгийн газрын хурлаар хоёр удаа хэлэлцсэн байна. Засгийн газраас үүрэг болгосноор Н.Алтанхуяг Сангийн сайдын алба хашиж байсан хүний хувьд Монгол-Хятадын хамтарсан Чин хуа-МАК-Нарийнсухайт ХХК-тай тогтвортой байдлын гэрээ байгуулжээ. Тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурсан нь Сангийн сайдын гуйж биш, үүргийнхээ дагуу хийдэг ажил болохыг Н.Алтанхуяг хэлэв.
Монголд оруулах анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь хоёр сараас доошгүй ам. доллар байвал 10 жил, 20 сая ам.доллараас доошгүй бол 15 жилийн хугацаагаар тогтвортой байдлын гэрээ байгуулдаг.

Манай Засгийн газар МАХН, Ардчилсан намын тэнцвэртэй төлөөлөлтэй байсан. Хуулийн дагуу Сангийн сайд тогтвортой байдлын гэрээг байгуулдаг. Хуулийн дагуу ажилласан болохоос Н.Алтанхуягт Хятадад бэлэглэсэн зүйл байхгүй. Ташаа материал нь нотлох баримтгүй, захиалгын маягтай зүйл байсан гэж тэрээр сэтгүүлчдэд ярилаа.
Нарийнсухайтаас 2003 онд 430 мянга тонн, 2004 онд 1,5 сая тонн, 2005 онд түүнээс илүү хэмжээний нүүрс экспортложээ. Нэг тонн нүүрсийг 10 ам.доллараар борлуулахаар дөрвөн жилийн гэрээ хийж байжээ. Сүүлд нь 15 ам.доллар болгож, саяхан Сангийн яам тогтвортой байдлын гэрээгээ хянаад 21,5 ам.доллараар тогтоогоод байгаа аж. Нүүрсний үнийг тухайн улсын зах зээлийн дундаж ханшийг барьж тогтоодог гэнэ. Тухайн компани хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхийг ҮХЯ мэдэж, хяналт тавьж байх ёстой.

Тавантолгойн ХХК-ийн хувьд Сангийн яамнаас Өмнөговь аймгийн төсвийг хянаад тонн нүүрсний үнийг 20 гаруй ам.доллараар тогтоох боломжтой гэсэн ч Өмнөговийн Засаг даргаас эсэргүүцсэн бичиг ирж байжээ. Иймээс хоёр компанийн нүүрс экспортлодог үнэ зөрүүтэй байгаа аж. Уурхайгаас улсын хил хүртэл, хилээс үйлдвэр хүртэл гэсэн хоёр үнэ байдаг гэнэ.
Одоогийн байдлаар Сүхбаатарын Төмөртийн овооны цайрын орд, Востокнефть зэрэг есөн компани тогтвортой байдлын гэрээтэй ажилладаг юм байна. Мэдээллийн үеэр Оюу толгой, Фрийдландын тухай асуудал ч сөхөгдөв. Фрийдланд монголчуудад санаа бодлоо тулган хүлээлгэж, хуульд заагаагүй зүйлийг тогтвортой байдлын гэрээнд тусгуулахаар шахдаг байжээ. Харин Чин хуа МАК-д хуулиас гадуур зүйл байхгүй гэж тэрээр хэлсэн юм.

Ардын эрх сонин 233 /511/
Д.Цэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button