Солонгосын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалын бэлтгэл ажлыг хоёр талын гадаад хэргийн яамдууд эрчимтэй хийж байгааг тэмдэглээд Монголын зүүн бүс нутгийг хөгжүүлэхэд БНСУ хөрөнгө оруулан газар тариалан, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Солонгосын болон Монголын зарим банк, аж ахуйн байгууллагын хооронд санхүүгийн маргаан үүсч асуудал нь Монголын шүүхийн байгууллагаар шийдэгдэх гэж буйг Элчин сайд Төрийн тэргүүнд мэдэгдэж Монголын хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг хууль ёсны дагуу шударгаар шийдэх байх гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Ер нь энэ асуудал нь Монгол улсын гадаад имиж, хоёр орны эдийн засгийн харилцаанд муу нөлөө үзүүлж болзошгүй гэж хэлэв. Мөн гэрээт ажилчдыг авах тогтолцоог улам боловсронгуй болгож цаашид ч ажилчин авна гэдэгт итгэлтэй байна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол-Солонгосын өнөөгийн харилцаа өндөр түвшинд байгааг тэмдэглээд Монгол Улсын зүүн бүсийн хөгжилд БНСУ идэвхтэй оролцох сонирхолтой байгаад баяртай байна гэв. Мөн тус бүсэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг БНСУ, Япон, Хятадын зүүн хойд мужуудад гаргах чадавхийг бий болгохын чухлыг онцлов.
Монголын зарим банк, аж ахуйн байгууллага Номарунг-аас мөнгө авсан хэмээх асуудал нь хоёр орны харилцаанд сэв сулгахуйц асуудал болох гэж байгаад Монголын төр засгийн зүгээс анхааралтай хандах ёстой гээд аливаа хууль бус үйл ажиллагааг Монголын хууль, хяналтын байгууллагууд хуулийн дагуу, шударгаар шийдэх ёстойг Ерөнхийлөгч тэмдэглэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх төрийн айлчлалын өмнө эдгээр асуудалыг шийдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улс, БНСУ-ын харилцааг хөгжүүлэхэд Монголын төр засгийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэх болно гэж Төрийн тэргүүн мэдэгдэв.

/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлийн албанаас мэдээллээ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button