ДОХ-ын эсрэг тэмцэлд хүн бүхэн хувь нэмэр оруулах боломжтой

Сэтгүүлчид бүр ч онцгой бөгөөд олон талаар оролцох боломжтой гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрч байна.
Тиймээс дэлхийн хүн төрөлхтөн тэрдундаа хүүхэд, залуучуудад ХДХВ/ ДОХ-ын талаар үнэн, зөв, бодитой мэдээллийг түгээж, өөрийгөө болон бусдыг ДОХ-оос хамгаалах чадвартай болоход нь туслах, ДОХ-той холбоотой гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт, амаа хамхисан байдлыг эцэс болгох, айдас хүйдсийг бус, эвлэрэл нэгдлийг бий болгоход олон түмнийг уриалан дуудах хэрэгтэй талаар дэлхий нийт хүсэж байна.
Түүнчлэн ДОХ-той тэмцэх, сэргийлэх үр дүнтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хөрөнгө мөнгө гаргах талаар бодлого боловсруулагчдад нөлөөлөх хэрэгтэй сэтгүүлчдэд зориулсан сургалтаар онцолж байсан. Мөн нийгмийн өртөмтгий байдлыг бууруулах мэдээлэл, үйлчилгээ, эмчилгээг хүртээмжтэй болгоход баримт нотолгоонд суурилсан бүтээлийг бичиж нийтлэх нь зүйн хэрэг билээ. Өндөр эрсдэл бүхий хүмүүсийн эрхийг хамгаалах, хүний эрхэд суурилсан арга барилыг дэмжих, тэдний талаар нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд дуу хоолойгоо гаргахад сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг роль чухал хэрэгтэй юм.
Энэ зөвлөмжийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, нэрд гарсан алдартай сэтгүүлчидтэй хамтран дараах зөвлөмжийг боловсруулжээ.
Үнэн зөв мэдээлэл хүргэ
Буруу мэдээлэл болон төөрөгдөл нь хүмүүс өөрийгөө хамгаалах боломжийг хязгаарлаж, хий хоосон айдас, ялгаварлан гадуурхах явдалд хүргэдэг. Аль нэгэн мэдээллийн үнэн зөв эсэхийг өөрөө дүгнэж цэгнэхийн тулд маш их зүйл мэдэх шаардлагатай. Иймд эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, хүмүүст зөвхөн үнэн зөв мэдээлэл хүргэ.
Бодитой бай
БЗДХ ба ХДХВ/ ДОХ нь яс үндэс, нас хүйс огт ялгахгүй. Бүх зүйл хэн ч байсан тухайн хүний биеэ авч явах байдал, зан үйлээс шалтгаална. Хэрвээ та ДОХ, БЗХӨ-өөр ядуучууд, биеэ үнэлэгч гэх мэт тодорхой бүлгийн хүмүүс өвчилдөг гэсэн ойлголт хүмүүст өгвөл бид аюулгүй байна гэсэн буруу сэтгэгдэл төрж болзошгүй юм. Энэ нь мөн буруу үндэслэлээр ялгаварлан гадуурхахын шалтгаан болж магадгүй.
Бусдын хувийн амьдралыг хүндэл
Та БЗДХ болон ХДХВ/ДОХ-той хүмүүсийн овог нэр, хаяг, бусад хувийн мэдээллийг тэдний зөвшөөрөлгүй дэлгэн тавьснаараа тэдэнд маш их уршиг тарьсаар байна. Таны буруугаас болж тэр хүнийг ажлаас нь халах, гэрээс нь хөөх, эрх чөлөөнд нь халдах зэрэг явдал тохиолдож болзошгүй. Нууцыг чандлан хадгалах, хүний эрх болон тухайн хүний хувийн амьдралыг хүндэтгэх зарчмыг байнга сахих ёстой.
Зориудын дуулианаас зайлсхий
Ихэнх сэтгүүлчид сүр дуулиантай үйл явдлыг эрж хайдаг бөгөөд үүнд муу зүйл мэдээж байхгүй. Гэхдээ БЗХӨ болон ХДХВ/ ДОХ-ын тухай зориудын сүр дуулиан нь нийгэмд хий хоосон айдас, сэтгэлийн асар их хямралд хүргэдгийг санах хэрэгтэй. Хий хоосон айдас нь БЗХӨ болон ХДХВ-ын халдварын тархалтыг зогсоох бүх үйл ажиллагаанд саад тотгор болдог. Үүний оронд халдвар хэрхэн дамждаг болон дамждаггүй, халдвараас сэргийлэх боломжуудын талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх нь дэмий айж сүрдэхийг зогсоох болно.
Шинэ боломжийг дэвшүүл
Эрүүл мэндийн төвүүд, төрийн бус байгууллагууд, сайн дурын идэвхтнүүд, БЗХӨ/ ХДХВ/ ДОХ-ын мэдээллийн төв зэрэг БЗХӨ болон ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдээлэл, тусламж, үйлчилгээ явуулдаг олон байгууллага, хүмүүс бий. Иймд хүмүүсийг эдгээр үйлчилгээнд хамрагдахыг уриалж, санал болгох хэрэгтэй. Энэ нь тэдэнд шинэ боломж нээж өгөх болно.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button