Х.БААТАР Би захидал бичээгүй

Авилга, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон Х.Баатар, Б.Өвгөнхүү, Б.Даваажав нарын арван хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны дараа Сүхбаатар дүүргийн шүүх өнгөрсөн есдүгээр сард шийдвэрлэсэн билээ.
Шүүхийн шийдвэр гарсан даруйд шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчид эсэргүүцэл бичиж, давж заалдана хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл өчигдөр уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд болов.
Шүүх хурлыг Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Н.Зориг даргалж, А.Чимэдцогзол, Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагчаар Ё.Сагсай, Т.Жадамбаа болон уг шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчид оролцсон юм.
Шүүх хурал 10.30 цагт эхэлсэн бөгөөд шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн давж заалдах болсон шалтгааныг хэлэлцүүлснээр эхэлсэн юм. Анхан шатны шүүхээс Х.Баатарыг 2005 оны дөрөвдүгээр сард Б.Даваажавтай тохиролцож гурван удаагийн үйлдлээр 64 сая төгрөг,
-2005 оны долдугаар сард Б.Өвгөнхүүд лабораторийн дүнг гарган өгөхдөө гурван сая төгрөг
-2005 оны аравдугаар сард Б.Эрдэнэбилэгээс 500 мянган төгрөг, нэг шил виски
-2005 оны арваннэгдүгээр сард Банзрагчаас хоёр сая төгрөг авсан гээд найман удаагийн үйлдлээр таван хүнээс нийт 74,8 сая төгрөгийн хээл хахууль авсан, мөн төрсөн дүү Баатарнямдаа 30 сая төгрөг шилжүүлж, тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд байр өгсөн. Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж найман жилийн хорих ял авсан юм.
Харин Б.Өвгөнхүү хоёр удаагийн үйлдлээр Х.Баатарт гурван сая 400 мянган төгрөгийн хахууль гэж өгсөн гэж буруутгагдаж таван жил хорих ял авсан юм. Мөн уг хэрэгт холбогдсон бусад гаалийн улсын байцаагчдыг хаягдал төмрийг хууль бусаар жин бууруулж, хилээр гаргасан гэж буруутгаж байв. Тухайлбал, О.Эрдэнэбат 167 сая 740 мянган төгрөгийн, М.Наран дөрвөн тэрбум төгрөгийн, Б.Мандахнар 835 сая 665 мянган төгрөгийн, Ч.Цэдэвмаа 718 сая төгрөгийн, М.Баттулга нэг тэрбум төгрөгийн, Д.Даваацэрэн таван сая төгрөгийн, Н.Өлзийсайхан 484 сая төгрөгийн хаягдал төмрийг ямар ч баримт үндэслэлгүй гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдсан юм.
Дараа нь шүүгдэгчид болон өмгөөлөгчид анхан шатны шүүх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж буйгаа дараахь байдлаар тайлбарлалаа.
Х.Баатарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг
-Давж заалдах шатны шүүхээр энэ хэргийг шийдэхдээ тодорхой гэрч нарын өгсөн мэдүүлгийг өөрчилж байгааг анзаараагүй. Б.Өвгөнхүү мэдүүлгээ тогтворгүй өгсөн. Гэтэл бидний гэрчээр дуудсан хүмүүсийн мэдүүлгийг шийдвэр гаргахдаа огт тусгаагүй байна. Х.Баатар Б.Өвгөнхүүгээс авилга авсан гэж байна. Уг нь түүнээс сая төгрөг зээлсэн, буцааж төлсөн. Анхан шатны шүүх түүнд 64 сая төгрөгийг бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон атал найман жилийн ял оноосон. Хэргийг хэрэгсэхгүй болгочихоод улсад 64 сая төгрөгийг буцаан төлүүлэх шийдвэр гаргаж буй нь яллах дүгнэлтийг буруутгах үндэслэл болж байна.
Мөн Х.Баатарыг Б.Өвгөнхүү, С.Банзрагч, Батболд нараас хахууль авсан гэж буруутгаж байгаач тэд бид Баатарт өгөөгүй, намдаа хандив өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэв.
Х.Баатар -Би Банзрагч, Батболд нараас хахууль аваагүй. Тэднээс авсан мөнгөө намдаа өгөх хандивласан. Өвгөнхүүгийн хувьд бид хоёр олон жил нөхөрлөсөн сайхан найзууд. Ямар ч найзууд хоорондоо мөнгө өгч, авалцдаг биз дээ. Би Өвгөнхүүгээс нэг сая төгрөг зээлж аваад буцааж өгсөн нь үнэн. Найз нөхдийн дунд ийм зүйл байдаг. Надад оноосон ялыг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүгчдэгчдээс хүсье.
Ерөнхий шүүгч Н.Зориг
-Хоригдох байхдаа шоронгоос захидал бичсэн тухай шуугисан. Та захидал бичсэн үү?
Х.Баатар -Би ямар ч захидал бичээгүй. Надад тийм шаардлага ч байхгүй. Энэ бол хүний зовлонгоор жаргал хийсэн хэсэг хүмүүсийн явуулга гэж бодож байна. Захидлыг хэн бичсэнийг би мэдэхгүй.
Б.Өвгөнхүүгийн өмгөөлөгч Ц.Цэрэндорж
-Анхан шатны шүүхээс зарим зүйлийг шударга шүүсэнд талархаж байна. Гэхдээ хэлэх зүйл байна. Б.Өвгөнхүүд давтан хахууль өгсөн (ЭХ 270-2) зүйл ангиар ялласан. Уг нь энэ зүйл анги удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гэдгээр зүйлчилдэг. Б.Өвгөнхүү нэг л удаа Ган зам ХХК-д төмрийн лабораторийн шинжилгээ гаргуулахаар тус компанийн захирал Ганхуяг, Жаргалсайхан нарын өгсөн мөнгийг Х.Баатарт дамжуулсан. Өөрөөр хэлбэл, зуучилсан. Гэтэл зуучилсан нь ял авч жинхэнэ авилга өгсөн хүн нь ялгүй үлдлээ. Б.Өвгөнхүү энэ нөхцөл байдлаас болж маш хүнд өвчтэй болчихоод байна. Тархины судасны нарийсалт гэсэн оноштой. Гэтэл одоо тэр эмчилгээ хийлгэх боломжгүй цагдан хоригдож байна. Энэ бүхнийг дүгнэн хянаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч.
Шүүгдэгч Б.Өвгөнхүү
-Би хэнд ч ямар ч хахууль өгөөгүй. Таван жилийн ял авснаа ойлгохгүй байна. Яагаад намайг яллаад байгаа юм бэ. Би Ган зам ХХК-д нэг ч хүн танихгүй. Х.Баатарт нэг сая төгрөг зээлдүүлсэн, буцааж авсан. Намайг эрүүдэн шүүж мэдүүлэг авч байсан. Энэ үеэр тэр улсын яллагч Ё.Сагсайд хандаж би хэнд ч хахууль өгөөгүй байхад намайг яагаад яллаад байгаа юм бэ.
Шүүгдэгч Б.Даваажав
-Бидний холбогдсон энэ хэрэг жирийн хэрэг байсан. Гэтэл сэтгүүлчид хэтэрхий дуулиан дэгдээж дэвэргэснээс өнөөдөр бид ийм хүнд ял авлаа. Хэрэв чимээгүй байсан бол ийм өндөр ял авахгүй байсан. Бас энэ хэрэг цаанаасаа зохион байгуулалттай байсан гэж болно. Цагдаа нар сэтгүүлчдэд элдэв мэдээлэл өгч түүнийг нь тэд нийгэмд дэвэргэдэг байсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд гэхэд намайг шалгаж байсан мөрдөн байцаагч чамайг хэргээ хүлээхгүй бол Төв аймгийн мөрдөнд шилжүүлнэ гэж дарамталж байсан. Ганц энэ ч биш гурван мөрдөн байцаагч ээлжлэн, эсвэл зэрэг зэрэг байцаадаг байв. Тэд чамайг бусдад мөнгө өгсөн гэж мэдүүлэхгүй бол Төв аймгийн мөрдөнд хорино гэсэн. Тэнд би дөрвөн сар саатуулагдсан. Хэрэв намайг үнэнээр 20 мянган ам.доллар авсан гээд буруутгаад байгаа бол би энэ мөнгийг аваагүй. Авсан дээрээ тулбал үүнд ГЕГ-ын Төрийн захиргааны удирдах газрын даргаар ажиллаж байсан Төвшинжаргал, бас Энхбат даргыг буруутгаж байна. (Тэд анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцож байсан юм). Уг нь Төвшинжаргал дарга над руу яриад манай найзууд наана чинь очно, хилээр гарахад нь туслаарай гэсэн. Туслахаар очтол гаалийн татварын бүрдүүлэлтгүйгээр 20 тн төмрийг гаргаж өгөхөд туслаач гэсэн. Би чадахгүй юм байна гэж хэлээд урагшаа гараад гурав хоноод ирсэн. Энэ үеэр Бичигтийн боомт дээр хаягдал төмөр асан машины бөглөрөл гарч, Энхбат дарга ирж төмөр гаргахыг үүрэг болгосон юм. Тэгээд манай байцаагч Нараа бичиг баримтыг нь бүрдүүлээд гаргаад өгчихсөн. Төвшинжаргал над руу яриад чи өөдгүй хүн юм даа, уулзана гэж хэлсэн. Yүний дараахан түүний найзууд болох Отгоо, Баттулга (Төвшинжаргалын тусал гэсэн хүмүүс) хоёр над дээр ирээд дараа тус болоорой гэж хоёр сая төгрөг өгсөн. Би түүнийг нь авсан нь үнэн.
20 мянган ам.доллар намайг авсан гэж байгаа. Yнэн гэвэл Төвшинжаргал даргын найз болох Отгоо (төмөр гаргадаг) нь надад боодолтой юм авчирч өгсөн. Би түүнийг нь задалж үзээгүй. Хэд хоногийн дараа Төвшинжаргал өөрөө ирж боодолтой зүйлийг авсан. Тэр нь энэ яригдаад байгаа мөнгө байсан юм билээ. Би энэ хэрэгт оролцоогүй. Би аав ажилдаа явсан гээд хүлээж суугаа хоёр нялх хүүхэд дээрээ очмоор байна.
Шүүгдэгчид ийн ээлж дараалан мэдүүлэг өгч Баатарт хуримтлал нэрээр их мөнгө цуглуулж өгөөгүй гэцгээж байсан юм.
Улсын яллагч Т.Жадамбаа
-Шүүгдэгчид албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хар төмөр, төмрийн шаар, хар тугалгыг гаалийн бүрдүүлэлт хийн улсын хилээр гаргасан. Мөн мөрдөн байцаалтын шатанд элдэв дарамт, хүчирхийлэл, харгислал дор мэдүүлэг өгч байсан гэлээ. Yнэхээр тийм байсан бол шүүгдэгчид мөрдөн байцаалт, прокурорын аль ч шатанд энэ талаараа эсэргүүцэл бичиж, өргөдөл гаргах эрх нээлттэй байсан шүү дээ.
13 цаг 50 минутын орчимд шүүх хурал завсарлаж, 14 цаг өнгөрөөгөөд шийдвэрээ танилцуулав.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн давж заалдах шатны өргөдлийг 2006 оны арваннэгдүгээр сарын 3-нд хүлээн авч хянан хэлэлцээд 2006 оны арваннэгдүгээр сарын 29-нд болох товыг зарласан. Ингээд давж заалдах шатны шүүх хэргийг хянаж хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.
Мөн Гаалийн ерөнхий газарт учирсан дөрвөн тэрбум төгрөгийг ГЕГ байгууллагадаа хохиролтой гэж үзвэл хэрэгт холбогдогчдоос иргэний журмаар гомдол гаргах эрхтэй гэсэн юм.
Шүүх хуралдаан дуусахад яллагдагчдыг шүүхийн танхимаас гаргаж түр саатуулах өрөөнд оруулан ар гэрийнхэнтэй нь уулзуулсан.
Энэ үеэр Х.Баатараас цаашид яах талаар сонирхоход, тэрээр толгой сэгсрэхээс өөр ямар ч хариу хэлсэнгүй. Харин түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг гомдолтой байна. Одоо хяналтын шатны шүүхэд гомдол гаргана гэсэн юм.
Авилгын хэмээх тодотголтой дуулиан дагуулсан уг хэргийн давж заалдах шатны хурал ийн өндөрлөв. Шүүгдэгчид болон өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн шийдвэр ингэж гарна гэдэгт итгээгүй бололтой сэтгэл гундуухан байсныг хэлэх хэрэгтэй болов уу. Х.Баатарын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн танхимаас гарч ирмэгцээ хажуу дахь өмгөөлөгчдөө ялыг хэвээр үлдээсэн. Дөрвөн тэрбум төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болгочихлоо гээд толгой сэгсэрч харагдана лээ.
Шүүгдэгчдийн хувцас, царай зүс гундуухан, заримынх нь сахал үс ургачихаж. Ар гэрийнхэн нь бололтой хүмүүс тортой юм барьж тэр хавиар эргэлдэнэ. Б.Даваажаваас түр саатуулах өрөөнд орохынх нь өмнөхөн Хяналтын шатны шүүхэд хандах уу гэхэд тэгнэ гэж дуулдах төдий хэлээд орсон.
Хэсэг хугацааны дараа шүүгдэгчдийн өмгөөлөгчид тэндээс сэтгүүлчдийг явахыг шаардаж бид ядаж ачигдахаас нь өмнө энэ хүмүүстэй уулзмаар байна гэж уцаарласан юм.
Одоо тэд Хяналтын шатны шүүхэд хандах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button