Онгоц барьцаалсан хэргийн гэрэл, сүүдэр

Тэртээ холын улс орнуудад гараад байсан, хөрөнгөт ертөнцийн муу муухай бүхэн, хар тамхи, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэх явдал, аймшигталлага, хүчирхийлэл бүхэн манайд байн байн гарах болж бүр дасал болж байгаа өнөө үед террорист халдлага гарахгүй гэсэн баталгаа байхгүй болохоор мэргэжлийн тэр байгууллагын хийх ёстой ажил ч байсан байж болох юм. Харамсалтай нь ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр манайхны зорилго нь сайн санааных ч арга хэлбэр нь үргэлж нэг муу зүйл, сөрөг үр дагавар дагуулж байдаг хойно тагнуулын дарга нар, ажилтнуудын гавьяа байгуулах гэсэн энэ сүржин ажил олон түмэнд айдас төрүүлж, бас ганц нэгэн хүнийг бэртээж гэмтээн, биеийг нь муутгаж байж өндөрлөлөө.

Үгүй ядахнаа ийм ажил, арга хэмжээ зохиож байгаагаа тэр дор нь Буянт-Ухаа дахь олон улсын Чингис нисэх буудлын хүлээх танхимд цайруулаад, тэр хавьд айж сандраад, цусны даралт нь ихэсчихээд байсан хүмүүст, тэр шалгалтад нь сөхрөөд муу дүн авчихсан ИНЕГ-ын дарга, удирдлагуудыг байлгаж байгаад таниулж хэлчихэж болоогүй юм байх даа. Ер нь хүчний байгууллагынхан ийм нэг арга хэмжээ зохион байгуулахаараа зүрх нь хөөрч гартаа тааралдсан бүхнийг хэмхчиж, хамчдагийг эс мэдэх биш. Байлдаж буудалцах дайсан байхгүй болохоороо цэргийнхэн хээрийн сургууль гэж хөөрцөглөж зүрх нь хөөрөөд бараг л нэгийгээ буудчих дөхнө. Энд тэндэхийн дарга зочин ирж, төрийн томчуул хаа нэгтэйгүүр явахаар цагдаа нар зүрх нь хөөрчихөөд бараг л тэнгэрт шувуу нисгэхгүй гэж хөөрцөглөн бусдын ажилд садаа болно. Харин тэдний хувьд төрд гомдож бухимдсан эмгэд хөгшид байн байн жагсч хааяа гарын чилээг нь гаргаж, бороохой, дуулганых нь шидийг үзүүлдэг болсон.

Тэгээд тэр бүхий л арга хэмжээ, хээрийн сургууль, дарга даамлыг харж хамгаалсан, жагсаал цуглааны дарж тараасны дараа Энэ ч сайн ажилласан. Тэр ч тийм зүрх зориг гаргасан гээд бие биеэ магтаж цол гуншин, элдэв өргөмжлөл, тэмдэг сэлтээр шагнана. Энэ лүгээ тагнуулынхан саяны үйл явдлаар анги танхимд сонсч, америк киноноос харснаа нэг удаа ч болсон хэрэгжүүлж үзэх завшаан олдож сейфэнд хадгалахаас өөр шидгүй буугаа нэг барьж үзэх, дунд сургуульд байхдаа хэллоун-ны баяраар өмсч байсныг эс тооцвол өөр цагт толгойдоо углаж байгаагүй сүртэй хар багийг бас нэг өмсөх завшаан болсноор айх ичих байтугай, ард түмнээ бодох ухаангүй болж нисэгчийг хүлж, зорчигчийг зодож хүртэл үзэв. Юутай ч сорилт гэдэг, мэргэжлийн байгууллагынхан дадлага сургууль хийхэд ямар ч хохирол гарч болдог, түүнийг зөвхөн уучлаарай гэдэг үгээр цайруулж болдог аж. Үүнийг цэргийн хэлээр гарзын батальон гэдэг л дээ. Өөрөөр хэлбэл, хороо, дивиз ялалт байгуулахын тулд ганц нэг батальоныг дайсанд идэш болгон хаяхыг хэлдэг.

Тэгэхээр, Монгол Улсын хоёр сая таван зуун мянган хүний сайн сайхны төлөө Өмнөговийн хөөрхий 40 хүн, гурав дөрвөн нисэгч үхэж ч байсан, ямар хамаа байхав гэсэн хэрэг биз. Айж сандарсан нэгэн тархинд нь цус харваад үхчихсэн бол Тагнуулын газрынхан Бид төлөвлөгөөт сорилтоо хийсэн юм. Хоёр сая хүний төлөө танай нэг муу хүн яахав дээ. Уучлаарай гээд л өнгөрөх нь л дээ. Өөр нэг зүйл бол сорилт бүр эрсдэл дагуулж байдаг юм бол одоо галынхан хаа нэгтээ айлын хашаа, байшинг шатаачихаад тэр үеэр нь унтраах дадлага сургуулиа хийчихээд Энэ бол сорилт байлаа. Танай байшин сорилт даалгүй шатчихлаа. Өрхийн тэргүүн та шалгалтад уналаа. Манай гал сөнөөгчид сайн ажиллаж байна гэх, эсвэл анагаахын оюутнуудаар хүний цээжийг дэлгэж хагалгаа хийлгээд амжилтгүй болохоор нь өвчтөн мэс засал даасангүй, оюутнууд мэс засал хийж сураагүй байна. Сорилтод уналаа гээд зогсч байх нь л дээ.

Манай төрийнхөн нэг иймэрхүү л ажиллаж байна. Асуудлын нөгөө тал нь. Ер нь бусдаас муу зүйлийг зээлдэн сурахдаа дадамгай, сурамгай монголчуудын хувьд терроризм хэмээх аюул гарахгүй гэсэн баталгаа байхгүй. Цэргийнхэн, нисэх хүчнийхний нэрлэдгээр сарампай тэвш гэхээр манай онгоцыг барьцаалаад авчих гадаадын террорист олдохгүй л дээ. Яахав, ажил бүтэхгүйд уур нь хүрээд амиа хорлох, хаа нэгтээ унаж сүйрэх хэрэгтэй бол л юу юм гэхээс. Тэгдэггүй юм гэхэд манай онгоц нисээд нисээд гадаадын аль нэг улсад хүрчихэж чадахгүй хойно яая гэхэв. Гэхдээ ер нь 2001 оны Нью-Йоркод болсон аймшигт хэрэг явдлаас хойш дэлхийн бүх улс гүрэн нисэх онгоцны буудал, хил, гааль дээрх хяналт шалгалтаа сайжруулаад, улс орондоо орж гарч байгаа бүх хүнийг шалгадаг, хурууны хээ, нүдний хараа, цусны бүлгийг нь авч хадгалдаг болоод байхад бөмбөрцгийн нөгөө бөөрөн дэх Америкийн хөрш болсон өнөө Монгол хаана нь явна аа гэсэн асуулт гарч ирээд байна. Манай хил ч дүүрч хаа газрын хэн хамаагүй орж гарч байдаг, тэр нь улс оронд минь ирээд Алтай таван богдоос Дорнын цэнхэр тал, Буйр нуур, Саяны өндөр уулсаас Шаргын уудам говь хүртэл ёстой хаа дуртай газраа ая тааваараа явж болдог юм хойно. Ганцхан орж гарахад нь сайтар шалгах, нисэх онгоц, галт тэрэг, нийтийн тээврийн бусад хэрэгсэлд ороход нь хянаж шалгадаггүй өнөө хүрч байгаа нь харамсмаар.

Уг нь Буянт-Ухаа дахь гааль, хилийн шалган нэвтрүүлэх боомт, зарим аймгуудын нисэх буудлуудад хяналтын төхөөрөмж байгаа. Үзмэр биш л юм бол түүнийгээ яагаад ашигладаггүй хэрэг вэ. Эсвэл манай орон нутгийн онгоцыг Ховдоос ниссэн хүн Өмнөговьд манай нэг хамаатан бий. Тэднийхээр орж цай уугаад гарна гэж л барьцаалахгүй юм бол өөр хэн барьцаалах вэ гээд ашигладаггүй хэрэг үү. Галт тэргэнд бол бүр хамаагүй. Тэр жилдээ, хөдөө байдаг хоёр хөгшиндөө нэг телевизор явуулчих санаатай галт тэрэгний буудал дээр очтол үйлчлэгч хүүхэн галт тэргэнд зурагт оруулахгүй гээд гэдийчихсэн. Гуйж ядаад тээшинд хийж билээ. Гэтэл түүний дараахан Дорноговийн Айраг сумаас баахан тэсэрдэг бодис үүргэвчинд хийсэн хүн нийслэл хотод ирээд таксинд мартаад буучихсан дуулиан гарч л байсан. Телевизор болохоор оруулж болдоггүй, тэсэрдэг бодисыг бол болдог юмсанж. Би түүнийг нь яаж мэдэхэв, тэгээд ч би ямар хоёр хөгшиндөө тэсрэх бодис явуулалтай биш.

Манай ажил нэг иймэрхүү. Өнөөдөр галт тэргэнд хэн юу аваад орж байгааг хэн мэдэж байгаа юм. Эсвэл галт тэргийг ямар барьцаалаад өөр тийшээ давхичихаж болох биш гээд тайван суугаа хэрэг үү. Ер нь саяны явдлыг эргэцүүлэхэд манайд олон нийтийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс хамгаалах систем, урьдчилан сэргийлэх арга хэмжээ ямар төвшинд байгаа вэ. УИХ-аас баталсан Терроризмтэй тэмцэх тухай хуулийг баталсан УИХ-ын гишүүд нь, тагнуулынхан л мэдэх байх. Түүнийг бид байтугай, цагдаагийнхан ч мэдэхгүй. Нэг л юм бодох цаг болсон юм биш үү.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button