Иран Иракт яаж туслах нь тодорхой бус байна

Тэрбээр Иракт энхтайван тогтоох хэрэгт Ираны туслалцааг хүсч байгаа юм. Иракийн Ерөнхийлөгч Жалал Талабани өнгөрсөн бямба гарагт Иранд хүрэлцэн ирэх ёстой байлаа. Гэвч Иракийн Садр хотод хүчтэй дэлбэрэлт болсноос болж, 200 гаруй нийт шашинтныг хөнөөсөн халдлагын дараа Багдад хотод хөл хорио тогтоосноос Иранд хийх Жалал Талабанийн айлчлал хойшлогдсон юм. Ираны мэдээллийн Фарс агентлагийн мэдээлснээр Талабани Ираны дээд албаны хүмүүсвй яриа хэлэлцээ хийж, хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Талабани Иран улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзаж, Иракийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар нухацтай ярилцсан байна. Тэрбээр Иран улсад өргөн хэмжээний тусламж үзүүлж, Иракт энхийг тогтоох үйл хэрэгт хамтран оролцохыг хүсчээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад ч гэсэн туслахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Ирак улс нь иргэний дайны ирмэг дээр ирсэн талаар анхааруулга өгсөн байна. Иракийн Ерөнхийлөгч Иранд айлчилж байгаатай холбогдуулан тэрбээр Ираны телевизээр хэлсэн үгэндээ, Ирак улсад энхтайвныг тогтоож өнөөдөр үүссэн мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхийн тулд Иран улсын тусламж зайлшгүй хэрэгтэй байна гэжээ. Ирак иргэний дайны ирмэгт тулж ирээд байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан анхааруулсан байна. Иракт болж буй хэрэг явдлаас харахад, хэрвээ шийдэмгий арга хэмжээ яаралтай авахгүй бол ийм дайнд татагдан орж болох юм. Арай хатуугаар хэлэх юм бол бид ийм байдалд нэгэнт хүрчихээд байна гэж тэрбээр НҮБ-ын төв байранд сэтгүүлчдэд хандан хэлсэн байна. Вашингтоны засаг захиргааны бодлогод эрс дургүйцэж байгаагаа НҮБ-ын тэргүүн Кофи Аннан хоёр жилийн өмнө илэрхийлж, АНУ Иракт халдсаныг хууль бус явдал гэж тодорхойлж байсан юм.

Хэрвээ одоогийн байдал хэвээр байвал Иракийг бүрэн хамарсан иргэний дайн гарч болохыг тэр энэ оны есдүгээр сард ч анхааруулж байсан билээ. Олон үндэстний хүчин Иракт үлдэх ёстой юу гэдэг асуудлаар Ойрхи Дорнодын орнуудын удирдагчдын дунд санал зөрөлдөөн байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөн онцлон тэмдэглэсэн байна. Гэвч Иракийн Засгийн газар Ирак дахь олон үндэстний хүчний мандатыг 12 сараар сунгахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд уриалсан. Тийнхүү Аюулгүйн зөвлөл олон үндэстний хүчний мандатыг 2006 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгасан билээ. Кофи Аннан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер, Конгрессын гишүүн асан Ли Гамильтон нарын тэргүүлдэг Иракийг судлах бүлгийн гишүүдтэй ойрын үед Иракийн асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь одоо нэгэнт тодорхой болжээ. Энэхүү уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад, Иракийн Ерөнхийлөгч Жалал Талабани болон Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад нарын уулзалт болно гэсэн мэдээлэл байгаа боловч Дамаскусын зүгээс албан ёсны мэдэгдэл хийгээгүй ажээ.

Харин Ираны дээд удирдагч Хаменей Тегеранд айлчилж байгаа Иракийн Ерөнхийлөгч Талабанитай уулзсан байна. Тэрбээр хэлэхдээ Аюулгүй байдлын асуудал нь өнөөгийн Иракийн хамгийн хүнд асуудал болж байна. Аюулгүйн асуудлаар Иракт тусламж үзүүлэхэд Иран бэлэн байна хэмээн онцолсон байна. Хаменей АНУ-ын Иракт явуулж буй буруу бодлого нь Иракийн одоогийн самуун байдлыг буй болгосон гол шалтгаан юм гэсэн байна. Мөн тэрбээр Ирак дахь эзлэн түрэмгийллээ хэвээр байлгах хүчин чадал Америкт байхгүй. Иракийн аюулгүй байдлыг зохицуулахад юуны өмнө АНУ тэргүүтэй гадаадын цэргийн ангийг Иракаас татан гаргах хэрэгтэй гэжээ. Харин Бушийн Засгийн газар, Ираны төрийн тэргүүний дэлхийн халуун цэг Иракт өдрөөс өдөрт гаарч байгаа омог аймаг, үндэстэн хоорондын хямрал зөрчилд цэг тавихад тусалж, дэмжлэг үзүүлэх саналыг хүлээн аваагүй ажээ. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад Исламын хагас цэрэгжилттэй Басиж цагдаагийн бүлэглэлийн дайчдын өмнө хийсэн мэдэгдэлдээ, АНУ болон Английн энхийг сахиулагчдад Иракийн дотоодын хүчирхийллийг намжаахад тусламж үзүүлэх тухай мэдэгдсэн байна.

Ахмединежад энэ үеэр хийсэн мэдэгдэлдээ Холбоотны хүчний удирдлагад хандаж Та бүгд дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ асуудалд хандаж байгаа хандлагаа юуны түрүүнд өөрчилж, үйл хөдлөлөө зөв зохистой залж, дайран орох, айлган сүрдүүлэх тактикаасаа салах хэрэгтэй хэшэн онцолсон байна. Тэгвэл Ираны төрийн тэргүүний энэхүү мэдэгдлийн хариуд АНУ-ын Төрийн департаментын албаны төлөөлөгч Жули Рисайд Ноён Ахмединежадын үгнээс харамсалтай нь нэг ч шинэ зүйл олж сонссонгүй. Иймэрхүү байр сууриа Иран улс өмнө нь ч илэрхийлж байсан гэж хариу мэдэгджээ. Тэгвэл сүүлийн үед АНУ-ын Конгресст ялалт байгуулан гарч ирсэн Ардчилсан намынхан, Иракийн дайнд АНУ-ын гол хамтрагч болох Англи улс, Иракийн дотоодын хямрал зөрчлийг шийдвэрлэхийн тулд хөрш зэргэлдээх Сири, Иран улсуудыг оролцуулах талаар ярих болсон билээ. Гэсэн ч Цагаан ордон энэ санааг төдийлөн дэмжихгүй байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Раис энэ талаар мэдэгдэхдээ Харамсалтай нь Иракийн хямрал зөрчлийг шийдвэрлэхэд Иран улс ямар аргаар нөлөө үзүүлж, тусалж чадах нь бүрхэг байна. Үүнтэй нэгэн адил Сири улс ч мөн бүс нутагт энхтайван тогтооход тогтвортой хүчин байж чадна гэсэн баталгаа алга байна гэсэн байна.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Г.Хишиг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button