ОХУ-ын төлөөлөгчид УБТЗ-ын даргаар томилуулах хүнээ дагуулж ирнэ

Энэ хуралд оролцох Оросын талын төлөөлөгчид өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ гэж Төмөр замын хэрэг эрхлэх газрын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ хурлаар Улаанбаатар төмөр замын шинэ даргыг томилох тухай асуудлыг ярилцах аж. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дурэмд зааснаар Монгол Улс, ОХУ дөрвөн жилээр ээлжлэн өөрсдийн хүнээ томилох ёстой.

Гэвч Оросын талын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, хоёр жил дутуу байхад УБТЗ-ын дарга В.В.Магдей зуурдаар таалал төгссөн тул үлдсэн хоёр жилийн хугацаанд Оросын тал өөрийн хүнээ сонгох ёстой. ОХУ-ын тал ч энэ албан тушаалд томилуулахаар манай Зам тээвэр, аялал жуулчлалын сайдад хоёр хүний нэрийг санал болгоод байгаа. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн байгууллагын ерөнхий хороонд ОХУ-аас гурван хүн Монгол Улсаас гурван хүн байдаг. Ерөнхий хорооны хуралд оролцохоор өнөөдөр ирж буй Оросын талын гурван гишүүн төмөр замын даргаар томилох хүмүүсээ дагуулж ирнэ гэсэн яриа ч төмөр замынхны дунд гараад байна.

Монголын мэдээ сонин 235 /2011/
С.Уул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button