МАХН-ын жирийн гишүүдийн дунд шинэчлэлийн цөн түрэв

Бүгд л өөр өөрийн зорилгоор үүссэн боловч уржигдар нэгэн зорилгоор нэгдэв. Энэ нь МАХН системийн хямралд орсон учир шинэчлэл яаралтай хэрэгтэйг олж харсных аж. МАХН-ыг шинэчлэх эдгээр хүчин Намын шинэчлэлийн асуудалд уулзалт ярилцлага зохиолоо. МАХН-ынхан голдуу л дээрээс бэлдсэн сценараар хурлаа хийж өндөр албан тушаалтнууд алга ташиж төгсгөдөг. Энэ удаагийн хурал тэгсэнгүй.

Уулзалт ярилцлагын хөтлөгч Улаан сарнай-хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболдын хэлсэнчлэн онол практикийн бага хурал биш ажээ. Танхимд намаа шинэчлэх хөдөлгөөнийхөн болон жирийн гишүүд цугларсан байв. Харин МАХН-ын удирдлагууд ирсэнгүй. Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Нямжав, Л.Амарсанаа нарыг эс тооцвол шүү дээ. Шинэчлэх хөдөлгөөнийхөн энэ хуралд МАХН-ын батлах өвөртөлсөн хэн бүхэн оролцох ёстойг онцолж байв. Намаа шинэчлэхийн төлөө жирийн гишүүнээс эхлээд намын дарга хүртэл бүх хүн хувь нэмэр оруулах нь зүйтэй гэцгээлээ. МАХН-ын шинэчлэлийн концепцыг боловсруулснаа Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулга товчхон танилцуулав. Хурлын албан ёсны нээлт энэ боллоо. Түүний хэлснээр энэ концепцыг боловсруулахад онц их хурлын төлөө гарын үсэг цуглуулаад явж байх үед хэлсэн жирийн гишүүдийн аминчхан захиас, жигүүр, хөдөлгөөнийхнөөс удирдлагадаа хүргүүлсэн санал, шаардлага гээд олон зүйлийг ул суурьтай бодолцжээ. Уг концепц онолын хувьд бэлэн болсон аж. МАХН-д шинэчлэл хийх шаардлагатай 20-иод үндэслэл бий гэнэ. Тухайлбал, тус намд боловсон хүчний бодлого алдагдаж дампуурсан нь нэг үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүн ажиллах ёстой албанд өөр хүн оччихоод салбарын яамыг намын байр болгож буй нь нэг л жишээ аж.

Мөн намын удирдлагын арга барил нийгмийн шаардлагаас хоцорсон, үзэл санааны хямралд орсон, дотоод ардчилалгүй, системийн шинжтэй хямралд орсон зэрэг нь МАХН-д шинэчлэл хийх зайлшгүй үндэслэл юм байна. Т.Гантулгын үзэж буйгаар нийгэм хөгжлийн өөр төвшинд оччихоод байхад МАХН гишүүнчлэлийн хуучин бүтэцтэйгээ зууралдсаар байгаа нь эдгээр хямрал руу түлхэж буй бололтой. Yзэл баримтлал гэдэг мэдлэгийн цогц байх ёстой ч МАХН-ынх гадаадын аль нэг намын үзэл баримтлалын орчуулга төдий байдгийг өөрчлөх хэрэгтэйг ч тэрээр дурдлаа.

Уламжлал, шинэчлэл-ардчилал-шударга ёс жигүүрийн зохицуулагч Ц.Оюунбаатар мөн хуралд оролцогчидтой сэтгэгдлээ хуваалцав. МАХН хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улсын хувь заяа шалтгаална хэмээх тэрээр намын нэр хүнд урьд байгаагүйгээр эрчимтэй унаж буйг зориуд онцолсон юм. Энэ нь хэд хэдэн шалтгаантай аж. Мэдлэг чадвараараа бус аль бүлэглэлд багтдагаараа албан тушаал хашдаг, нам дамжсан олигархуудад үйлчилдэг, шилжилтийн үед жирийн гишүүдээ биш хөрөнгөлөг хүмүүсийг дагасан зэрэг нь намын нэр хүндийг унагахад нөлөөлжээ. Ц.Оюунбаатар шинэчлэлд ялагдал, хохирол байдаггүй гэв. Yүнийгээ 1921 оны ардын, 1990 оны ардчилсан хувьсгалын аль аль нь үр дүнгээ өгсөн гэдгээр тайлбарлалаа. Намын шинэчлэлийн эцсийн дүн нь төрийн шинэчлэл байх болно. Төрийн цомхон бүтэц рүү явахын тулд Yндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж тэрээр хэлсэн. Засгийн газрын танхимыг УИХ-ын гишүүд бүрдүүлж байгаагаас гүйцэтгэх байгууллага нь хууль тогтоохынхоо дээр гарчихсан байгааг ч шүүмжлэв. Улаан сарнай-хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболд МАХН-ыг Монголын төр гэж боддогоо хэлэв. Монголын төрийн алдаа МАХН-ын алдаа болж харагддаг гэнэ. Иймээс МАХН зөв бодлогоор ажиллах ёстой. Энэ нь албан тушаал тараах, хүүхэд, гэр бүлд мөнгө өгдөг бодлого биш гэж БО-ны сайд асан онцолсон. Харин богино хугацаанд Монголыг хөгжүүлэх бодлогоо хэзээ гаргах юм бэ гэдгийг хэнээс ч юм асуугаадахлаа. Уулзалт ярилцлагад их сургуулийн багш, эрдэмтэд ч оролцсон юм. Х.Гүндсамбуу доктор одоогийн УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэхээс илүү намуудын бүлэглэлийн цуглуулга гэлээ. Засгийн газрыг огцруулах эсэх талаар хэлэлцсэн хоёр өдрийн хуралдаан болон төсвийн хэлэлцүүлгийн явцаас хараад ийм дүгнэлтэд хүрсэн юм байна.

Энэ хүртэл хурлын уур амьсгал ерөнхийдөө тайван нэг нэгийгээ дэмжсэн байдалтай байв. Yг хэлж буй хүн бүр намын шинэчлэл хэрэгтэй хэмээж байсан нь хурлын гол зорилготой яв цав нийцэж байсан хэрэг. Харин МАХН-ын хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Нямжавыг үг хэлсний дараа хуралд оролцогчид асуулт асууж, харилцан ярилцлага хэлбэртэй болсон юм. Д.Нямжав дарга нэр нь сэвтсэн хүмүүсээс болж намын нэр хүнд унаж буй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Жигүүр хөдөлгөөнийхөн намаа шинэчлэх зорилт тавьж байгаад талархалтай ханддаг ч өөр нам, хүчний хэвлэлд намын дотоод асуудлын талаар ярьдгийг шүүмжлэнэ билээ. Тэрээр ингэж хэлсэн нь танхимд байгаа хүмүүсийг багагүй бухимдуулсан. Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нийгэм биз дээ, энэ чинь гэх үг ч дуулдав. МАХН-ын хүний нөөцийн хэлтсээс төр, захиргааны байгууллага, яам тамгын газрын ажилтнуудын дунд хийсэн судалгааны дүнг тэрээр танилцуулсан. Аймаг, нийслэлийн төр, захиргааны байгууллагад 6644 хүн ажилладгийн 3128 нь МАХН-ын гишүүн аж. Энэ нь 47.1 хувь гэсэн үг. Харин яам, тамгын газрын 2293 ажилтнаас 534 нь тус намын гишүүн. Өөрөөр хэлбэл, яамдын ажилтны 23.3 хувийг МАХН-ын гишүүд бүрдүүлдэг юм байна. Хүний нөөцийн хэлтсийн даргаас улс төрийн томилгооны талаар сонирхох хүн олон байв. Тухайлбал, Улс төрийн товчооны гишүүн асан П.Дамдин хэн ч мэдэхгүй Ц.Батбаяр гэдэг хүнийг яагаад Улаанбаатар хотын даргаар томилов гэдгийг Д.Нямжав даргаас асуусан. Тэрээр энэ томилгоог хийхдээ намын даргын санал болгосны дагуу Удирдах зөвлөлөөр шийдвэрлэсэн гэсэн хариу өгөв. Төрийн сайд асан хүнд энэ хариулт хангалтгүй санагдав бололтой, энэ томилгоог та зөв гэж боддог уу гэж лавлуулсан юм. Түүний тулгасан асуултад хэсэг тээнэгэлзсэн Д.Нямжав дарга Аливаа томилгоог хийхдээ баримтлах ёстой өрсөлдүүлэх зарчмыг зөрчсөн гэж би тухайн үед бодсон шүү хэмээсэн. Хүний нөөцийн хэлтсийн даргаас асуух зүйл олон байсан бололтой. Танхимын энд тэндээс асуулт байна гэсэн дуу хадав. Харин Онц их хурлын төлөө хөдөлгөөний тэргүүн Т.Гантулгын Намын удирдлагаас ингэж сэтгэл гаргаж ирсэн хүмүүсийг байцаах юм руу ормооргүй байна гэснээр түр намжаасан юм. Гэхдээ энэ хурал МАХН-ын гишүүд оролцож байгаа гэхэд их ардчилсан шинжтэй болсныг тэмдэглэх хэрэгтэй. Нэгэн гишүүн хөдөлгөөнүүд нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэйг зөвлөж байсан. Учир нь, намаа шинэчлэх гол зорилготой атлаа олон толгойтой луу мэт мөр мөрөө хөөгөөд байвал амжилтад саад болно байх гэж болгоомжилж буй юм байна.

Уг хуралд зөвхөн МАХН-ын гишүүд төдийгүй өөр намынхан, нам бус хүмүүс ч ирсэн байлаа. МУИС-ийн докторант Э.Гэрэлт-Од нам бусчуудын төлөөлөл аж. Тэрээр МАХН бол Монголын төр гэж хэлсэн У.Барсболдыг шүүмжилсэн юм. Энэ үг чинь аймшигтай буруу афоризм боллоо. МАХН гэдэг бол Монголын ард түмний л нэг хэсэг. Монгол ардчилсан улс юм бол намууд ардчилагдах ёстой. Тэр нь чухал бус мөн чанар нь ардчилалтай байх хэрэгтэй гэв. Улаан сарнай–хөгжил хөдөлгөөний тэргүүн У.Барсболд шүүмжлэлд таатай ханддаггүй нэгэн бололтой. Манай нам социализмын гэгддэг үед ч ардчилалтай байсан юм шүү хэмээлээ. Ингэхдээ 1986 онд нэгэн сайдыг яамных нь ажилтан шүүмжилж байсныг жишээ болгов. Шинэчлэл ярьж буй ч түүнээс коммунизм үнэртэх аж. Яг л нөгөө оросыг сайн маажвал татаар гарна гэдэг шиг.

Э.Гэрэлт-Од МАХН төвлөрөн удирдах ёсоосоо салаагүй цагт шинэчлэгдэхгүй гэлээ. Өөрөөр хэлбэл төрийн удирдлагыг МАХН-д ашиглахаа болих хэрэгтэй гэсэн юм. Мөн улстөрийн намд шинэчлэл явагдахгүй бол тэр ардчилсан нам биш гэсэн Японы эрдэмтний хэлсэн үгийг ишлэлээ. Жирийн гишүүд нь үзэл бодлоо илэрхийлж байхад сонсдоггүй дүлий удирдлагуудаасаа салах хэрэгтэй гэсэн юм. Ард түмний сонголтыг бидний хүссэн үр дүн гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй хэмээдэг дарга, гишүүдээ олон ургальч үзэлтэй байсных нь төлөө буудчих юм сан гэдэг удирдлагууд МАХН-д хэрэггүй гэв. Танхимд цугласан зарим нь талархаж байхад нөгөө нь эсэргүүцэх аж. Онолын хичээл хэрэггүй гэлцэв. Харин түүний дараа үг хэлсэн хотын намын хорооны дэд дарга Ц.Баасансүрэн гишүүдийн дургүйцлийг төрүүлж орхив. Тэрээр намыг шинэчлэх нь байх зүйл ч үндэс суурийг нь бүрдүүлдэг гишүүнчлэлийг өөрчлөнө гэдэг буруу. Энэ нь намыг татан буулгаад шинээр байгуулна гэсэн үг гэж хэлсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан Ц.Өөлд түүнээс өөр байр суурьтай байв. Эдгээр шинэчлэх хүчнийхэн намаа бутлахгүй хүмүүс. Дээд удирдлагууд үүнээс айгаад байх шиг байна. Yүнээс айх биш ээ. Намын гишүүнд байж боломгүй ёс зүйгүй хүмүүс олон байна.

250 сая төгрөгөөс татгалз гэж УИХ дахь МАХН-ын гишүүдэд шаардлага тавиач ээ. Энэ талаар дээд удирдлагууддаа Д.Нямжав, Л.Амарсанаа нар хэлээрэй. Энэ мөнгөнөөс болоод ард түмэн биднийг новшнууд гээд байна. Намын нэр хүнд улам уналаа. УИХ-ын гишүүд тойргийн биш төрийн түшээд байх ёстой. Нам төвтэй төр биш төр төвтэй улс байх хэрэгтэй. Намын гишүүд удирдах зөвлөлийн шийдвэрийг шууд дагадаг байж болохгүй. Ингэвэл нам төвтэй төр болно шүү гэсэн юм. Сүхбаатар дүүргийн иргэн Б.Тулгатогоо УИХ-ын гишүүдийн оролцсон шууд нэвтрүүлгийг үзлээ. Ярьж байгаа нь ямар ичмээр юм. Д.Арвин 250 сая төгрөгөөр тойрогтоо сургууль бариулна гэнэ. Тэр ажлыг чинь БСШУЯ хариуцдаггүй юм уу. Эсвэл энэ яамыг татан буулгая л даа. Анх санал гаргахдаа АН-ынхан зөвшөөрч байсан. Одоо больчихлоо. Манай намынхан ч бас 250 саяас татгалзах хэрэгтэй. Би 75 наслахдаа олон ургальч үзэлтэй хүнийг буудчих юмсан гэдэг өндөр албан тушаалтныг үзээгүй гэж байв. Хурлын үеэр Н.Удвал жигүүрийн дэргэд улс төрийн ёс зүйн лобби бүлэглэл байгуулагдсаныг зарласан. Монгол Улсад авлигажсан улс төр цэцэглэсэн учир энэ нь зүй ёсных гэнэ.

Хуралдааны төгсгөлд жинтэйхэн үгийг Улс төрийн товчооны гишүүн асан П.Дамдин хэлэв. Ард түмэнд 2000 онд манай намд итгэл үзүүлж 72 суудал өгсөн. Гэсэн ч удирдлагуудын буруугаас өнөөдөр 40 хүрэхгүй суудалтай боллоо. Хариуцлага алдсан намын даргыг хуучин цагт бол Улс төрийн товчоогоор оруулж хатуу шийтгэдэг байсан гэж П.Дамдин гуай санууллаа.

Эцэст нь шинэчлэлийг хүсэгч жигүүр, хөдөлгөөнийхөн нэгдсэн ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Энэ ажлын хэсэг олон зүйл дээр хамтран ажиллана гэсэн. Мэдээж уулзалтын үр дүн өнөө маргаашдаа гарчихгүй, харин намаа шинэчлэгчид нэгдэж санал бодлоо жирийн гишүүдтэйгээ хуваалцсан нь л том амжилт байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button