Ачааны хилийн хяналтын нөхцөлийг уялдуулах тухай Конвенцид нэгдэн орно

Энэхүү конвенцид нэгдэн орсноор гадаад худалдаа, олон улсын тээвэрлэлтийг хөнгөвчлөх, хил, гаалийн хүнд суртал, зөрчил чирэгдэл буурахад ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол Улс нь НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орон бөгөөд энэ байгууллагын идэвхи санаачилгаар Ази-Европыг авто ба төмөр замаар холбосон сүлжээ байгуулах төслүүд хэрэгжиж, бүс нутгийн ихэнх орнууд нэгдэн ороод байна. Азийн автозамын сүлжээнд холбогдож буй улс орнууд нь олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагааг хүндрэл бэрхшээлгүй явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссоос зөвлөмж болгосон 7 конвенцид нэгдэх шаардлагатайгаас дээр дурдсан 4-т ороод байгаа билээ. Энэ онд багтаж үлдсэн конвенцид орохоор төлөвлөсний дагуу Ачааны хилийн хяналтын нөхцлийг уялдуулах тухай конвенцийг орчуулж, Конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Энэхүү конвенци нь олон улсын ачааны тээвэрлэлтийн явцад хилийн боомтууд дээр гүйцэтгэдэг хяналт шалгалтыг боломжийн хэмжээнд багасгах замаар худалдаа, тээврийг хөнгөвчлөх зорилготой юм.
Ихэнх улс орнуудад хилийн боомтуудад хил, гаалийн албадаас гадна эмнэлэг, эрүүл, ахуйн, мал эмнэлгийн, ургамал хорио цээрийн, техникийн стандартын, чанарын шаардлагын хяналтын албад ажилладаг бөгөөд эдгээр албад нь тухайн улсын боомтын тоо, нэвтрүүлэх хүчин чадал, ажиллах боловсон хүчин, шаардлагатай тоног төхөрөмжийн хангамж хүрэлцээ, төсөв санхүүгийн боломж зэрэг олон шалтгаанаар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулах боломжгүй, эсвэл зэрэгцсэн олон албад нь давхар давхар татвар хураамж, бичиг баримтаар үйлчлүүлэгчдээ чирэгдүүлэх явдал байнга гардаг. Эдгээр хүндрэлийг аль болох багасгахын хамт хяналтын үр нөлөөг бууруулахгүй байх нь чухал юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button