Болдсайхан эмчийн булан

Тэгвэл энэ бүгдэд мэргэжлийн эмч юу гэж хариулах бол.
Манай сонины пүрэв гариг бүрийн дугаарын энэ буланг П.Н.Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын эмч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан хөтлөх болно. Ард түмний дунд тархсан яриа хэр үнэн байдаг бол. Уншигч та сонирхсон асуултаа 313499, 99133830 дугаарын утсанд ирүүлээрэй.
Та асуу, эмч хариулаг.
-Шар тайлахын тулд архи ууж болох уу?
-Шартах нь архины гүнзгий хордлогод орж байгаагийн шинж. Архи хүний биед орохоор элэг хоргүйжүүлэн цөсөөр дамжуулан өтгөн, шингэнээр биеэс гадагш гаргадаг. Тэгж дийлэхээргүй их байгаа учраас архи хүний мэдрэлийн систем, элэг, дотор эрхтэнийг хордуулсан үеийг шартах гэдэг. Мөн архинд донтох өвчний 2-б, 3-а зэрэгт орохоор өвчин хүндрээд ирэхээр шартдаг болдог. Шарыг тайлахын тулд архи уух тохиолдол Орос, Монголоос өөр газар байдаггүй. Харин үүний оронд шингэн юм сайн ууж, өвчин, зовиур намдаах анальгин, аспирин зэрэг эм ууж болно.
-Аймхай хүнийг зүрх муутай гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Энэ нь Дорно дахины монгол эмнэлгийн ойлголтоос гаралтай үг. Яагаад гэвэл, Монгол, Түвд эмнэлгийн үндсэн сурах бичгийн үндэс болсон Эмийн дөрвөн үндэс гэж ном бий. Тэнд зүрхний наймхан өвчнийг ялгаж бичсэн байдаг юм. Зүрхний хий, зүрх будангуйрах, зүрхний халуун гэх мэт. Манайхан их цочир ууртай хүнийг зүрхний хийтэй гэж ярьдаг. Сэтгэл санаагаар амархан унадаг, аймхай хүнийг зүрх муутай хүн гэдэг. Тэр номуудыг уншиж байхад яг л тийм шинж тэмдгүүдийг бичсэн байдаг юм. Тэр үед сэтгэцийн өөрчлөлтүүдийг зүрхний өвчинтэй хольж хутгаад бичээд байсан юм билээ. Түүнээс л үлдсэн ойлголт монголчуудад байдаг. Айдсын илрэл бол зүрх хурдан цохилж, дэлсэнэ. Эсвэл онгироо сагсуу хүнийг зүрхний хийтэй гэдэг нь Дорно дахины эмнэлгээс үлдсэнтэй холбоотой. Түүнээс биш, аймхай хүний зүрх муу, эсвэл зүрх муутай хүн аймхай байна гэхгүй.
-Цус багадалт, зүрх хоёр ямар холбоотой вэ?
-Энэ хоёр шууд холбоотой. Цус хүний биед бүх л төрлийн тээврийн үүргийг гүйцэтгэж, хүчилтөрөгч, хоол тэжээл, уургийн бодис, бодисын солилцооны үлдэгдэл хортой бодис гээд бүх л зүйлийг цус тээж явдаг. Хүчилтөрөгч зөвхөн цусаар дайгдаж зүрхэнд очдог. Тэгэхээр цус багадах гэдэг нь цусан дотор эритроцид, үүн доторхи гемоглобин, гемоглобин дох төмрийн хэмжээ багадна. Төмөр өөрөө хүчилтөрөгчийг өөртөө агуулж авч явж байдаг. Тэр нь багадчихвал зүрх өвдөнө. Яагаад гэвэл, хүний биед байгаа бүх цусны 20 хувь нь тэжээлээ олдог. Хамгийн их ажилладаг эрхтэн бол зүрх, тархи. Энэ хоёр нийлээд хүний биед хэрэглэгдэж байгаа бүх хүчилтөрөгчийн 40 хувь нь, үлдсэн бие 60 хувийг хэрэглэдэг байх нь. Зүрх 300-хан грамм эрхтэн мөртлөө хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Тэгэхээр цус хүчилтөрөгчөө зөөх нь багадвал зүрх өвдөнө. Монгол эмэгтэйчүүдийн гурван хүний нэг нь төмөр багадалтын цус багадалттай. Yүнээс болж зүрх өвдлөө гэж ирэх нь их. Тиймээс цусан дахь гемоглобин ямар байгааг үзүүлж байх хэрэгтэй.
-Зүрхний өвчинд загасны мах тустай юу?
-Махыг цагаан, улаан гэж ангилдаг. Цагаан маханд загас, шувууны мах, өндөг ордог. Загасны мах өөх тос багатай, нарийн ширхэгтэй, амархан задардаг учраас их тэжээллэг. Тэгэхээр өөх тос нь ханаагүй өөхний хүчилтэй. Ханасан гэдэг нь хонины зэрэг амархан цагсдаг, хатуурдаг өөх. Ханасан, ханаагүй өөхний хүчил гэдэг нь юугаар ялгаатай вэ гэхээр, өөхний хүчил дагуу хүчилтөрөгчүүд нь чөлөөт валент ихтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, идэвхтэй, өөр органик бодистой урвалд ороход бэлэн гэсэн үг. Бүх чөлөөт валент нь эргээд зөвхөн өөхнийхөө хүчилд холбогдсон байвал задрахгүй. Биед ороод задрахгүй, өөр органик бодистой урвалд орохгүй. Тэгэхээр хүний биед ороод судасны хана, элэг зэрэг энд тэнд тунаж үлдээд байх магадлал ихтэй. Загасны өөх тос тэгэх нь бага. Хөлддөггүй, шингэн өөх гэсэн үг. Тэрүүгээр нь бодоход зүрхэнд муу юм байхгүй. Гэхдээ эмчилгээний журмаар хэрэглэнэ гэж байхгүй. Загасны мах иддэг орны хүмүүс бие жижигтэй, хөнгөн шингэн, урт насалдаг.
-Зүрх өвдөхөд зүүн, цөс өвдөхөд баруун гар даагдахгүй болж өвддөг нь үнэн үү?
-Зүрх өвдөхөд цээжний зүүн хэсгээр, цөс, элэг өвдөхөд баруун гар өвддөг. Заавал ийм байх албагүй. Ихэнх тохиолдолд ийм байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button