Хуучин циркийн доорхи нууцыг тайлахгүйгээр хувьчлах гэж үү

Улсын циркийн дарга А.Доржийн ахалсан Аса багийн хөрөнгө оруулагч нь сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, түүний ах Д.Сэржбүдээ нар аж. Хоёр дахь нь урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаагийн ахалсан баг. Түүний ард БНСУ-ын чинээлэг хөрөнгө оруулагч байгаа гэлцэнэ. Харин гурав дахь багийг БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Н.Батмөнх ахалж байгаа бөгөөд уг багт Улсын циркийн орлогч дарга У.Энхбаяр, ерөнхий найруулагч Д.Зоригт нарын нэр дуулдана. Тэдэнд Монголдоо нэртэй томоохон компани дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Монголчууд эд хөрөнгө хувьчилж авах, хувьчлалаар өгөх арга барилд суралцаж, туршлага хуримтлуулж байгаа болохоор циркийн хувьчлал ном дүрмээрээ сайхан болно биз. Харин Улсын циркийн үндсэн хөрөнгө хэмээн 30 гаруй жил дансанд нь бүртгэгдэж өнөөг хүрсэн Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн барилга буюу олны ярьдгаар хуучин циркийг хамтад нь хувьчлах зөв үү. Хуучин цирк бол мөнгөөр үнэлэх боломжгүй түүхийн дурсгалт зүйл. Монгол Улсын түүх соёлын дурсгал гэдэг талаас нь төрийн хамгаалалтад албан ёсоор бүртгэж баталгаажуулсан хэзээ ч давтагдашгүй өв билээ.
Монголын шастир түүхийн шарласан хуудаснаа бичсэнээр бол Их хүрээ 40 шахам удаа нүүдэл сэлгэсний хойно 1639 онд сэрүүн Сэлбийн дэнж, Алтан тэвшийн хөндийд бүрэн суурьшсан гэдэг. Тэр цагт Их Хүрээ хаяагаа тэлж Зүүн хүрээ, Гандан хэмээн тохижихдоо хүрээ 30 аймаг, 10 дацан, 100 мянган лам хуврагтай Халхын төв нийслэл Да хүрээ болсон түүхтэй. Чухам тэр үед барьж байгуулсан Дандарлин, Эхийн эх дагина, Чойнхорлон нэртэй гурван ихэр дуганы нэг нь Монголын циркийн анхны барилга билээ.
1930-аад оны үед Монголд айлчлан тоглосон ЗХУ-ын циркийг олноороо гайхан шагширч байв. Яагаад монгол хүн ийм үзүүлбэр хийж чадахгүй гэж хэмээн сэтгэл шулуудсан хэдэн залуу ид шидийн урлагийн суурийг тэр цагт тавьсан юм. Ардын хувьсгалын 20 жилийн ойгоор Яармагийн наадмын талбайд эртний Грекийн амфитеатр загварын 2000 гаруй хүний суудалтай модон барилгад уран биеийн тамирын бүлгэмийнхэн анхны тоглолтоо үзэгчдэдээ толилуулж урам зоригоор бялхаж байв. Тэр үед Сайд нарын Зөвлөлөөс Эхийн эх дагина сүмийг цирк болгох шийдвэр гаргажээ. Их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд нураагаад хаячихаагүй бүтнээр нь үлдээсэн барилга ийнхүү Монголд циркийн урлаг хөгжих шимт хөрс болсон нь тэр. Дандарлин, Чойнхорлон дуган эдүгээ Дашчойлин хийдийн ном хурж буй хоёр өргөөг тухайн жилүүдэд циркийн агуулах, дархан мужааны өрөө, хожмоо сургуультай амьтдын гэр болгосон аж. 1971 онд Румын улсын тусламжаар орчин үеийн шинэ барилга руу нүүх хүртэл тэрхүү дугана манай циркчдийг дэлхийн урлаг руу хөтлөх буянтай ордон байсныг ахмадууд дурсдаг нь учиртай. 1990-ээд оны эхээр Монголд бурханы шашин дэлгэрч эхлэхэд хуучин циркийн зүүн талын хоёр дуганыг Дашчойлон хийд эзэмшиж, хурал номтой болгов. Тухайн үед хуучин циркийн хувьчлалын талаар ярьж эхлэхэд залуу насаа тэр байшинд элээсэн ахмадууд эсэргүүцэж, багагүй шуугиан дэгдээж байсныг мартаж боломгүй. Учир нь, циркийн манеж дор бунхалсан шарил бий. Түүнийг хэнийх вэ гэдгийг судалж, тогтоохгүйгээр хувьчилна гэдэг сохор шийдвэр болно гэдгийг ахмадууд таамагласан нь тохиолдлын хэрэг биш. Юун булш, бунхан яриад эхлэв гэж гайхах хэрэггүй.
1960-аад оны эхээр Монголд циркийн урлаг ид хөгжиж байх үед илбэ ухааны тоглолтоор олныг хэрхэн алмайруулах вэ гэдэг дээр циркчид тархиа гашилгаж байсан цаг. Гадаадын циркийнхнээс туршлага судалснаар манеж доогуур нүхэн гарц хийхээр шийдэж. Өөрөөр хэлбэл, нүхэн гарцын ачаар илбийн үзүүлбэр үзэгчдийн гайхлыг төрүүлэх учиртай. Тэгээд л ажлаа эхэлжээ. Гэтэл газар шорооны ажил хийж байсан циркчид 60-70 см орчим хайрцагны булан гарч ирэхэд айж сандран зугтсан гэдэг. Хайрцаг олон жил газар дор хэвтсэн нь тодорхой байсан ч мод нь цаанаа л нэг өөр харагдсан аж. Одоо яах вэ, цааш нь ухах уу, болих уу хэмээн залуус эргэлзэж, тэр даруйд даргадаа хэлэв.
Хэд хоногийн дараа МАХН-ын үзэл суртлын хэлтсийн заавраар хайрцагны булан цухуйсан тэр хэсгийг бетондож, нууцыг чандлан хадгалав. Тэр үед уг хайрцгийг харсан, үзсэн хүмүүс яах аргагүй шарил гэдэгтэй санал нийлжээ.
Он удаан жил хурал, номын уншлагатай сүмийн дор хадгалсныг бодвол буяны мөр хөөсөн эрхэм нэгэн хүнийг хүндэтгэн бунхалсан ч юм бил үү. Аль эсвэл их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Монголын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлсийг нууцалсан ч байж болох. Юутай ч хойч үедээ үлдээсэн үүц-ний нууцыг тайлахгүйгээр хувьчлах нь хэр оновчтой болох бол. Тэнд хэн гээч эрхэм нойрсч байгааг хэлэхэд хэцүү. Одоогоос арваад жилийн өмнө уг бунхалсан хайрцагны нууцыг циркийн ахмадууд сая дэлгэхэд манай сонин мэдээлж байсныг уншигчид санаж байгаа байх. Тухайн үед ахмадууд уйгагүй хөөцөлдсөний хүчинд хуучин циркийг 27.3 сая төгрөгөөр хувьчлах гэж байсан шийдвэрийг хүчингүй болгуулсан билээ. Магадгүй монголчуудын аз түшсэн ч юм бил үү. Түүнчилэн ахмадууд ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Монголын соёлын сан, Соёлын өвийг хамгаалах төв рүү бичиг цаас өргөж гүйлдсэний ачаар түүхийн дурсгалт зүйл гэсэн зэрэглэлд бүртгүүлсэн нь үнэлж баршгүй зүтгэл гэлтэй. Өнөөдрийн байдлаар ТӨХ-ноос Улсын циркийн хөрөнгийг үнэлэхдээ 1009.2 сая төгрөг гэжээ. Тэгвэл чухам хэд нь хуучин циркийнх вэ гэдгийг зарласангүй. Манеж доорхи нууцын талаар ганц үг ганхийсэнгүй. Тиймээс энд нэг зүйлийг хэлэхэд илүүдэхгүй. Уг хайрцагт юу байж болохыг ахмадууд янз бүрээр таамагладаг юм билээ. Учир нь циркчдийг манежны доогуур газар шорооны ажил хийж байхад сахиусны жижиг бурхад, очир, зааны ясан болон чулуун эрхи, шүншигний эрдэнэс, алт, мөнгөн зоос зэрэг ховор нандин зүйл гарч байсан нь цөөнгүй. Гэвч тэдгээрийг гэр рүүгээ аваачих зүрхтэй хүн байсангүй, тэр дор нь хуулийн байгууллагад мэдэгдэж, тоо ёсоор нь тушаадаг байсан гэнэ билээ. 1971 он хүртэл, өөрөөр хэлбэл шинэ цирк рүү нүүх хүртэл 30 жилийн турш манеж доорхи бетондсон хайрцагны хажуугаар гүйж явсан циркчид зарим үед би ер нь хэний толгой дээгүүр харайгаад явна вэ хэмээн эвгүйцэх үе байсныг хожим өгүүлж байсан билээ. Олон жил нууц хадгалсан хүмүүсийн олонхи нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Циркийн ахмад жүжигчин, алиа Цээеэ нэрээр олны сэтгэлд хоногшсон Цэдэнбал агсан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Ууган циркийн манеж түүхийн ховор дурсгалыг хадгалсан газар шүү. Түүнийг судлахгүйгээр хувьчилна гэдэг асуудал хэзээ ч байж болохгүй хэмээн хэлдэгсэн. Хуучин циркийг хувьчлуулахгүй гэж мөн ч их зүтгэсэн дээ, тэрээр. Ихэр гурван дуган ерөөлөөр бүтэн үлдсэн нь ихэд нууцалсан хайрцагтай холбоотой ч юм билүү хэмээн санаашран хэлж байсан Цээеэ агсны хэлсэн үг зүгээр ч нэг сэтгэлийн хөөрөл биш байсан болов уу. Түүний хэлснээр, Монголын түүхэнд холбоотой ямар нэгэн зүйл байгаа нь тодорхой. Хэрэв булш байгаа бол хэнийх байж таарах вэ гэсэн асуулт бас хариулт нэлээд бий. Тухайлбал, Монголын сүүлчийн хаан ҮIII Богд Жавзандамбын бага хатан Гэнэнпилийг 1937 онд Шархадны энгэрт буудаж хороосон гэдэг. Гэхдээ түүнийг яг хаана нутаглуулсныг мэдэх хүн байдаггүй гэсэн. Магадгүй, тэр бүсгүйг хүндэлж, хайрлаж явсан хэн нэгэн сайн санаат хүн сүнсийг нь амирлуулахаар мөргөлийн ариун лавринд сэм авчирч мөнхөлсөн ч юм бил үү. Бас нэгэн таамаг байдаг. Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг Бээжинд насан эцэслэхэд шавь нар нь шарилыг занданшуулж Их хүрээнд хүргэсэн гэдэг. Гэвч чухам хаана залсныг хэн ч хэлж мэддэггүй. Тэгсэн атлаа олон жилийн дараа Амарбаясгалант хийдийг байгуулахад уг шарилыг мөнгөн сувраганд хүндэтгэлтэйгээр байрлуулж, шүншиглээд шүтэж байсан тухай домог мэт яриа бий. 1937 оны намар тус хийдийн лам нарыг баривчилж, ид бужигнаж байх үед нутгийн хэдэн лам уг суваргыг Булган аймгийн Бүрэнхаан сумын нутаг дахь онгон ууланд нуухаар авч одсоныг хүмүүс шивэр авир хийгээд өнгөрчээ. Тухайн үед ачаа хөсөг Бүрэнхаан руу биш нийслэл рүү зүглэн хөдөлснийг нутгийнхан мэдсэн ч чимээгүйхэн залбираад хоцорсон гэх. Энэ мэт оньсого, таавар шиг нууцыг монголчууд хэдэн арван жил хадгалж байсан нь гайхалтай. Тэгэхээр эхлээд Эхийн эх дагина дуганы нууцыг тайлбал ямар вэ.
