200 гаруй эрдэнийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэж байна

Өнөө үед 200 гаруй эрдэнийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэж байна. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө эхэн үед
хурц тод, сонин хэлбэртэй талстыг шохоорхож, түүгээр гоёж байснаа дараа нь барагтай бол хагарч бутардаггүй, элэгддэггүйг сонирхох болж, бүр сүүлдээ ховор олдоцтой, удаан эдэлгээтэй чанарыг нь илүү үнэлэх болсон байна. Эрдэнийн чулууг орчин үед ямар дарааллаар үнэлж, хэрэглэж буйг сонирхуулахаар чулуу судлаач, профессор С.Мягмарсурэнтэй хамтран доорхи мэдээллийг бэлтгэлээ.

50 КАРАТААС ДЭЭШ ЖИНТЭЙ ҮНЭТ ЭРДЭНИЙН ЧУЛУУНД НЭР ӨГДӨГ
Алмааз, оюу (бирюза), гэрэлтчимэд (опал), бадмаараг(рубин), индранил (санпфир), сувд, маргад (изумруд), анар (гранат)-ын төрлүүд, молор (топаз), утаат (раухтопаз), усан, нил ягаан болор (аметист) зэрэг цөөн тооны эрдэний чулууу өнөөдөр дэлхийн хөгжингүй орнуудын хэрэглэж буй гоёлын чулууны 75 хувийг эзэлж байна.
Харин үлдсэн 190 гаруй чулуу нь гоёлын хэрэглээний 25 орчим хувийг хангаж байгаа юм. Нэн ховор олдоцтой үнэт эрдэнийн чулууг карат гэдэг жингийн нэгжээр хэмждэг байна. Нэг карат нь 0.2 грамм буюу 200 мг-тай тэнцдэг аж. Харин сувдыг гран (каратрын 1/4,-50 мг) ээр хэмждэг байна. Томоохон хэмжээтэй буюу 50 каратаас дээш жинтэй үнэт эрдэнийн чулуунд нэр өгдөг уламжлалтай аж.

АЛМААЗ, МАРГАД, БАДМААРАГ, ИНДРАНИЛ, ХУВИЛГААН ЧУЛУУ ДЭЭД ЗЭРЭГЛЭЛД БАГТДАГ
Байгаль дахь олдоц, хатуулаг шинж, элэгдэж хорогддоггүй, эдэлгээ даах чадвар, тансаг сайхан өнгө, гэрлийг солонгоруулан гялбуулах чанараар нь эрдэнийн чулууг үнэт ба өнгөт гэж ангилдаг.
Үнэт эрдэнийн чулуу нь гоёл чимэглэлийн чулууны хамгийн дээд ангилал буюу дээд зэрэглэлд ордог байна. Yүнд алмааз, маргад /изутруд/, бадмаараг (рубин), индранил (сапфир), хувилгаан чулуу (александрит) зэрэг чулуу багтана.
Өнгөт эрдэнийн чулуу нь байгальд харыдангуй элбэг тархацтай, чанараараа үнэт эрдэнийн чулууг гүйцэхгүй ч тансаг сайхан өнгө, гялбаатай хараа булаах, байгалийн бүтээл байдаг. Үүнд,төрөл бүрийн анар эрдэнэ, молор (топез), усан биндэрьяа, янз бүрийн болор (кварсе), түүний төрөл бар, гэрэлтчимэд (опал), хаш (нафрит), мана (халцедон), перидот (хризолит), шүр, сувд, оюу (бирюза), номин (лазурэ), ногоолин (малахит), циркон, гематит (дэш чулуу), байгэлийн хув (янтэрь), саран болон нэран чулуу ордог байна.

ТАНСАГ ӨНГӨ, ХУРЦ ТОД ГЯЛБАА БҮХИЙ ЧУЛҮҮНЫ ХААН
Алмааз нь нэн ховор олдоцтой, байгалийн хамгийн хатуу чулуу болохын зэрэгцээ хааяа тааралдах байгалийнх нь талст төгс сонин хэлбэртэй, тансаг гоё өнгө, хурц тод гялбаатай байдгаараа чулууны хаан гэж өргөмжлөгдөн хамгийн үнэтэйд тооцогдож байна. Түүнийг одоогоос таван мянга орчим жилийн тэртээгээс хэрэглэж байсан туүхийн ул мөр бий. Алмааз гэдэг нь эртний Грекийн адамас буюу үл хүчрэгдэх, үл дийлдэх гэсэн утгатай үгнээс гаралтай аж.
Алмааз нь химийн найрлагаараа маш энгийн, ердөө л нүүрстөрөгчийн атомуудаас бүрдэх боловч гайхамшигт чанар нь түүний дотоод зөв зохион байгуулалттай холбоотой.

Байгалийн алмааз өнгөгүй тунгалаг, хөх ногоон, улаан, нил ягаан, шар сарнай ягаан утаатай, саарал, хар өнгөтэй байна. Алмааз нь гадаргын усанд нь нордоггүй, харин тослог шингэн бодист наалддаг шинжтэй.
Тал гаргаж засч, өнгөлсөн алмаазыг очир алмааз буюу бриллиант гэдэг. Орчин үед алмаазын өнгөлгөөгөөрөө Бельги, Израиль зэрэг орон алдартай. Гоёл чимэглэлийн зориулалтаар нийт олборлосон алмаазын 20 хувийг ашигладаг. Энэ нь олборлолтын үлдсэн 80 хувь гоёлын хэрэгцээ хангадаггүй гэсэн үг аж. Өнөө үед гоёлын алмаазны дэлхийн зах зээл дээр ӨАБНУ-ын Де Бире компани монополь эрхтэй байсаар байна. Энэ компани дэлхийн олборлолтын 90 гаруй хувийг хянаж байдаг.

Үүнээс гадна алмаазыг их хэмжээгээр, олборлодог орнуудад Заир жилд 11-13 сая карат, Ботсван 2-3 сая карат, Ангол, Намиби, Гана хоёр сая орчим карат, Сьерра Леон 1-1.2 сая каратыг олборлож байна.
Очир алмаазны үнэ нь түүний жингийн квадратад пропроционалиар өсч байдаг аж. Алмаазыг алмаазан хөрөөгөөр тал гаргаж, алмаазан нунтагаар өнгөлж засдаг байна. Сүүлийн үед алмаазыг лабораторид зохиомлоор гарган авдаг болжээ. Түүнчлэн циркон, молор, усан болор болон гэрлийг хүчтэй хугалах чадвартай хэр тугалган хольцтой төрөл бүрийн шилээр алмаазыг түүнээс ялгагдахааргүй дуурайлган гоёл чимэглэл хийдэг болсон байна.

Одоогоор дэлхийд тэмдэглэгдээд байгаа хамгийн том алмааз Куллинанц нэртэй алмааз юм. Түүнийг олборлосон уурхайнх нь ерөнхийлөгчийн нэрээр нэрлэжээ. Энэ алмаазын анхны жин 3106 карат (621 г) гэж тэмдэглэгдсэн байна. Олдох үедээ байгалийн гурван талаа хадгалан үлдсэн талстын хэсэг байсан аж. Мөн өнгөгүй, усан тунгалаг байсан байна. Үүнийг хэсэглэж хуваагаад, олон арван шигтгээ болгосны том нь Африкийн од /530.2 карат жинтэй/ ба одоогоор таллаж зассан хамгиин том алмаазад тооцогддог аж. Мөн Куллинан II нэртэй, 6.2 зассан талбай бүхий, 317 карат жинтэй шигтгээ байдаг.
Одоогоор хүн төрөлхтөн 260 тонн буюу 1300 сая карат алмаазыг олборлоод байгаа аж. Үүнээс гоёл чимэглэлийн шаардлага хангах нь 365 сая карат юм байна.

ХАМГИЙН ТОМ ИЗУМРУД 24000 КАРАТ ЖИНТЭЙ
Маргад буюу изумруд нь гоёмсог ногоон өнгөтэй, үнэт эрдэнийн чулуу юм. Эртний Энэтхэгийн туульс Махабхарат-д түүнийг гоёл чимэглэлд хэрэглэж байсан талаар дурьдсан байдаг.
Изумруд гэдэг нэршил эртний санскрит заморрод үгнээс гаралтай эж. Энэ үг грек, латин хэлээр дамжсаар орчин үед эмеральд гэсэн дуудлагатай болсон аж.
Байгалийн талст нь зургаан талтай, харандаа шиг хэлбэртэй. Сайн чанарын изумрудыг Колумби улсад хэдэн зууны туршид олборлож байна. Хамгийн том изумруд 1956 онд ӨАБНУ-ын Сомерсет ордоос олджээ. Энэ нь 24000 карат жинтэй байсан аж. Түүнийг хувааж, хэд хэдэн гоёлын чулуу болгон засч өнгөлсний дараа нийт үнэ нь 250 сая франк болж байжээ.
Мөн Африкийн Кимбабве улсад тус бүр нь 1000 гаруй карат хэмжээтэй том изумруд олдож байв. Колумбоос дэлхийд алдаршсан, Изумрудын гайхамшигтэй том шигтгээнүүд болох Гачалийн кристалл (7025 карат), Австрийн изумруд (2681 карат), Девонширийн изумруд (1383 карат) олборложээ.

ГАЛ УЛААН ӨНГӨТ БАДМААРАГ ЧУЛУУ БАЙГАЛЬД НЭН ХОВОР
Бадмаараг үнэт эрдэнийн дээд зэрэглэлийн чулууны нэг. Химийн найрлагаараа корунд (А12О,)-ын төрөлд багтана. Гал улаан өнгөтэй. Том хэмжээний рубин (бадмаараг эрдэнэ) байгальд алмаазаас ховор тохиолдоно. 200 каратаас том рубин 100 жилийн хугацаанд ердөө 300 орчим ширхэг л олдсон түүхтэй аж. Бадмаараг эрдэнийг Дорно дахинд илүү үнэлж хэрэглэдэг уламжлалтай. Онцгой сайн чанарын рубиныг Шри-Ланкад олборлодог.

ИНДРАНИЛЫГ ТУЯАГААР ШАРАХАД ӨНГӨ НЬ УЛАМ СЭРГЭДЭГ
Сапфир буюу индранил нь химийн найрлагаараа корундын төрөлд хамаарах боловч тансаг хөх, шар өнгөтэй байдаг. 19 дүгээр зууныг хүртэл хөх өнгөтэй эрдэнийн бүх чулууг сапфир гэж үздэг байжээ. Харин сүүлд нь зөвхөн хөх өнгийн корундыг ийн нэрлэх болжээ. Сапфир нь халаахад өнгөө алдаж цайрна.
Мөн радиоцацраг, рентген гэх мэт ямар нэг туяагаар шарвал өнгө нь улам сэргэдэг онцлогтой. Сапфирыг Бирм, Шри-Ланк, Таиланд зэрэг Зүүн Өмнөд Азийн орнууд, түүнчлэн Танзани, Австрали, Энэтхэг орноос олборлож байна. 1970-аадонд Шри-Ланкд 144-300 карат хэмжээтэй цэнхэр, шар өнгийн сапфир олдсон байна.

ХУВИЛГААН ЧУЛУУ ӨНГӨӨ ХУВИРГАДАГ
Александрит буюу хувилгаан чулуу нь эрт дээр үеэс хэрэглэж ирсэн үнэт эрдэнийн чулуу юм. Химийн найрлагаараа берилли, хөнгөн цагааны нийлмэл исэлд хамаарна. Өнгөө хувиргадаг. Нарны гэрэлд маргад ногоон, цахилгаан гэрэлд нил ягаан өнгөтэй болно.
Александритийн сайн чанарын тансаг өнгөтэй, онцгой том талст байгальд ховор. Александритийг Бразил, Шри Ланк, Мадагаскар, АНУ, ОХУ-ын ордуудаас олборлодог.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Р. Сарангэрэл

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button