ЛИНДА ЭВАНГЕЛИСТА Надад хувцсаа өмсгөх дуртай зохион бүтээгчид байж л байна

Атаархмаар бие бялдар нь Линда Эвангелистаг 20 жилийн дараа ч топ төвшинд байлгасаар байна. Хэдийгээр түүний хайр сэтгэлийн амьдрал тийм тогтвортой биш байгаа ч ажил үйлс нь өөдрөг байна. Үogue сэтгүүл түүнтэй ярилцжээ.

-Танд амьдралдаа харамсмаар ямар нэг зүйл байдаг уу?
-Харамсаад байх ч юу байхав, харин гэрлэсэн нь алдаа юм байна. Яагаад гэвэл би их залуу, боловсроогүй байсан. Карьерынхаа явцад би их аялж, ганцаараа их хугацааг өнгөрүүлж. Энэ нь тийм ч сайн зүйл биш байх.

-Яагаад?
-Заримдаа би ихэд санаашрангуй болж, гунигладаг. Гэвч өнөөдөр би ганцаараа сайн байна. Чи өөрөө өөртөө сэтгэл хангалуун байвал гуниглах зав гарахгүй.

-Ганцаардал таныг буруу харилцаанд аваачиж байсан болов уу?
-Болох л юм. Миний хайр сэтгэлийн харилцааны зарим нь ганцаардлын улмаас хүчинд автагдсан байж болох юм. Гэвч би эдгээрээс их зүйл сурсан.

-Алдар нэрийг хэрхэн авч явж байна?
-Бурхны авралаар, намайг хэн бэ гэдгийг бүгд мэддэггүй. Намайг таньж, мэддэггүй хүмүүс байдаг. Энэ нь надад бага ч болтугай амрах боломж олгодог. Зарим нь, найзууд минь хүртэл надтай ямар нэг харилцаатай байхыг сонирхдог. Хүмүүсийн хүсэл эрмэлзэл нь юу юм, хэн нь энгийн, хэн нь үнэнч гэдгийг мэдэхэд амархан л даа.

-Тэд таныг ашиглахыг хүсдэг юм болов уу?
-Эргэлзэх юм байхгүй. Нүд гялбамаар камерийн гэрэл, лимузин, таван одтой зочид буудал зэрэг нь хүмүүсийн хорхойг хөдөлгөж, аль нэгийг нь ашиглахыг хүсдэг.

-Ээж болох нь топ моделиудын дунд моодонд ороод байгаа юм биш үү?
-Би ээж болохоос татгалзсан юм алга. Ээж болчихсон байгаа найзуудаа, хуучин хамтран зүтгэгчдээ харахаар би ч бас энэ мөрөөдлийг биелүүлж чадах байсан гэж боддог. Гэвч амьдрал, түүний нөхцөл байдал чиний хүсэл зоригтой таарахгүй байх үе байх юм.

-Тэгвэл Линда Эвангелиста ямар үе дээр байна вэ?
-Би бүхий л амьдралынхаа туршид сэтгэл санааны хувьд тайван байхыг хичээж ирсэн. Одоо бол миний оюун ухаан тайван, цэгцтэй байна. Тиймээс би хувь хүнийхээ хувьд ч, ажил мэргэжлийнхээ хувьд ч маш сайн үе дээр байна. Ийм байх боломж тэр бүр тохиохгүй биз дээ.

-Супер моделиуд хаанчилж байсан 1990-ээд оны үеийг хэрхэн дурсдаг вэ?
-Энэ бол маш сайхан дурсамж. Хувь заяаны үлгэр мэт л санагддаг. Бүгд л бидний тухай ярьж, моодны ертөнцийн дотор, гадна нь ч биднийг эрхлүүлж байсан. Бид нар жинхэнэ мэргэжлийн модель бүсгүйчүүдийн бүлгийг бүрдүүлж байсан юм.

-Та топ моделиудын үзэгдлийг толгойлж байсан гол хүмүүсийн нэг байсан?
-Эдүгээ, энэ зайнаас харж үзэхэд бид нарт хэтэрхий их анхаарал тавьж байсан юм шиг ээ. Загвар зохион бүтээгч Версаче тэр үед маш нөлөөтэй хүн байсан, тэр биднийг алдар нэртэй хүн болгон хувиргахдаа огтхон ч айгаагүй. Түүний зохион бүтээсэн хувцас топ моделиудад шаардлагатай байсан донжийг гаргаж чаддаг байсан. Тэр үе бол давтагдашгүй.

-40 насны босгыг алхахад ямар санагдаж байна?
-Хөгшрөхөөс айж байна уу гэж асууж байгаа юм уу. Хүмүүс үүнийг асуух их дуртай болж. Би одоо 41 настай, моодны ертөнц намайг хөөж гаргаагүй л байна. Би өөрийгөө азтайд тооцдог. Яагаад гэвэл надад хувцсаа өмсгөх дуртай загвар зохион бүтээгчид байна. Тайзаар дүүрэн залуу моделиуд байхад намайг дууддаг гэрэл зурагчид, стилистүүд байна.

-Та энэ ажил мэргэжилд аль хэдийнэ ахмадад тооцогдох болсон биз?
-Би энэ ажлыг 20 жил хийж байна. Би хийж байгаа зүйлээрээ бахархдаг. Миний ажил надад алдар хүнд, мөнгө, тогтвортой байдлыг өгсөн. Өөр юу хүсэх юм бэ. За яахав, төмөр мэт эрүүл мэнд минь хэвээр байгаасай гэж хүсье дээ.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Хоол хийж, спортоор хичээллэх дуртай. Надад хувийн дасгалжуулагч бий. Олон жилийн өмнөөс иогоор хичээллэж байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button