Биднийг харийнхан доромжилно, бид бие биеэ хэмлэнэ

Яагаад гэхээр, хар багаасаа хамт нэг хотонд өссөн хонь, ямаа нохой хараад огтхон ч айж эмээдэггүй. Эрхлээд л очдог. Нөгөөдөх нь түүний гэдсийг хүү татаад, чонотойгоо хамт зооглож орхино. Адуу, тэмээ нохой хараад огтхон ч үргэхгүй. Гэтэл чонотой нөхөрлөсөн нохой зүгээр л давхиж очоод хоолойг нь тас хазаад чоноо улин дуудна. Ийм учраас л манай монголчууд хээрийн саарал гайхалтай нийлсэн монгол нохойноос асар их болгоомжилж, айл хотлоороо хөдлөн байж буудан хороодог байжээ.
Өнөөдөр Монголын нийгэмд яг иймэрхүү дүр зураг улам тодорсоор байна. Хэзээ хэзээнээсээ хятад л биш бол харийн иргэдийг бурхан мэт шүтэж ирсэн монголчуудын итгэл сэтгэл дээр гадаадын иргэд ичих эрээлэх юмгүйгээр тоглох болсон байна. Ялангуяа гадаадынхантай хүзүү сээрээрээ холбогдсон манайхан яг дээр өгүүлсэн чоно, нохой хоёр шиг аяглах болжээ гэдгийг жишээгээр өгүүлье.

Грейс Робертс хэмээх нэгэн солонгос гаралтай болов уу гэмээр Америкийн иргэн эмэгтэй Монголын зах зээл дээр бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт оролцож байгаа юм. Гэтэл тендерийн эцсийн дүн нь гараагүй байхад л энэ хатагтай хэвлэлийн бага хурал зарлаад манай сайд дарга нарыг авилгачин, идээчин уугаачингаар нь дуудаж өгөх юм. Манайхан ч яахав, уухайн тас шүүрч аваад л энэ нэгэн солонгос бүсгүйг өмөөрөн сүйд болно. Өөрсдийнхөө дарга нарыг газар доогуур ортол муулж, хамгийн хямд юм, бараг зүв зугээр өгөх гээд байхад юундаа гэдийгээд байгаа юм бэ, бушуухан авэач хэмээн загнах ажээ.
Монголчууд хүний болоод үнэгүй юм хоёрт нугасгүй байсан цаг бий. Гэвч амьдрал маань өдөр ирэх бүр нэлээд гайгүй тал уруугаа хэлбийж буй тул эдүгээ өттэй хүнс, нэг өдрийн гутал, долоо хоногийн дараа шатчихдаг цахилгаан тулга зэргээр татгалзах болсон байна.

Өөрөөр хэлбэл, бид үнэ хямд бус харин чанарыг голлох болсон юм. Гэтэл Грейс Робертс хэмээх энэ бүсгүй хямд гэхээр муу сайн гуйлгачин монголчууд ухаан алдаад авна хэмээн тооцоолсон тул эдүгээ яагаад манай барааг авахгүй Японыхыг сонгох гээд байгаа юм бэ хэмээн тусгаар тогтносон улсын сайд дарга нарыг хэвлэлийн бага хурал зарлаж байгаад толгой түрийгүй загнах болжээ.
Ингэхэд манай хэсэг нөхөд Америкт эсвэл Японд, Солонгост очоод, зуднаар үхсэн малынхаа махыг хямдхан өгье гээд, авахгүй гэхээр нь хэвлэлийн бага хурал зарлан, тэдгээр улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг нь муу сайн хар авилгачингууд, үнэгүй шахам юм хэрэглэх заяагуй гуйлгачингууд гэх зэргээр хараалаа гээд төсөөлөн бодоод үз дээ.

Энд нэг зүйлийг баттай хэлье. Юу гэхээр, ийм зүйл ярьсан гадаадын иргэнийг сайн л бол галзуугийн больницдоо аваачаад ганц хонуулж магадгүй. Тэгээд л баяртай хэмээн эелдэгхэн хэлээд тус улсын хилээр хэзээ ч дэхиж алхах эрхгүй гэсэн хар тамгыг дурайтал дарж орхих биз ээ.
Түүнээс гадна энэ хатагтай манай хамгийн чих урттай сэтгүүлчдийн дуулж мэдээгүй хов живийг сонссон байх нь хачирхалтай. Тэр ч бүү хэл, манай улсын бүхэл бүтэн яамны ажил төрлийг цаг, минутаар нь тагнасан байх юм. Тэгэхээр ямартай ч манайхан дотор энэхүү хямд бараа нийлүүлье гээд буй солонгосчуудтай хамт ард олноо шулаад, мөнгө олъё хэмээн улайрч буй нөхдүүд байгааг энэ бүхэн гэрчилнэ. Тиймээс ч энэ хатагтэйнхан бараа таваар нийлүүлэх бус харин манай төр, засгийн ажил хэрэг хэрхэн явагдаж буйг шүүдэг шүүгч, шүүх маягийн юм болж хувирсан байна.

Бас хамгийн гайхалтай нь хэвлэлийн бага хурал зарлаад Монголын сэтгүүлчдийг шүүмжилж, ингэж тэгж бич хэмээн заах болсон нь хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэгтэй тун төстэй болжээ. Ерөнхийдөө бид ийм л болсон байна. Бүгд чонотой нийлсэн монгол нохой шиг загнаж, гадныхны турхиралтаар бие биенийхээ багалзуурыг тас тас химлэхээр шүдээ арзайлган архирах болж. Наад зах нь гэхэд, Малайзад алагдсан монгол охиноо та бид яаж доромжилж чадав аа. Гэтэл хөөрхий муу аавыг нь шүүх хурал дээрээ ганц үг хэлүүлээд л шууд хөөгөөд гаргачихсан байх жишээтэй. Ийм л байна. Биднийг хэн дуртэй нь доромжилно. Биднийг харийнхан дором¬жилно, Бид бие биенийгээ доромжилно.

Монголын мэдээ сонин 235 /2011/
Д. Баасанжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button