Улсын харцага Х.Нармандах Бөхчүүдийн бяр суух гэж иддэг адууны засаа хүртэл допингийн илэрцтэй шүү дээ

Тэрээр наадамд гурван даваатайгаас гадна найранд ч гурван дуутай нэгэн. Монгол бөхийн дуулалт шоу цэнгүүн-д бүхэл бүтэн оркестертай мэргэжлийн түвшинд дуулах юм. Харцага маань багш хүний хувьд өнгөрсөн Улсын наадамд заан цол хүртсэн шавиа допинг хэрэглэсэн эсэх асуудлаар цолоо хураалгахад хүрээд байгаад сэтгэл зовж яваагаа ярьж байсан.

-Бөх хүн нутаг усаараа овоглож явдаг. Тэгэхээр аль нутгийн бөх болох талаар тань яриагаа эхлэх үү?
-Би чинь Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат. Цэрэнпунцаг гарьд, Бэгзсүрэн начин, Мамбадацангийн Нацагдорж гээд тийм сайхан алдартай улсууд манай Цагаанчулуутаас төрсөн юм.

-Ингэхэд Монгол бөхийн дуулалт шоу цэнгүүн-д ямар дуугаар оролцох гэж байгаа вэ. Өмнө нь оркестртай хамт дуулж байв уу?
-Бид нарт 2-3 дуу бэлдэх даалгавар өгсөн юм л даа. Миний хувьд Босоо заяатай Монгол нөгөө нь эх орны тухай нэгэн дуугаар оролцох гэж байгаа. Ер нь миний хувьд өмнө нь найран дээрээс авахуулаад наадам энэ тэр гээд дуулж л явсан. Үндэсний бөхийн 15 жилийн ойн цэнгүүнд оролцон дуулж байсан. Бас нондингийн цагаан сарын баярт зориулсан бөхчүүдийн цэнгүүнд дуулж байлаа. Тэгээд одоо удахгүй болох гэж буй бөхчүүдийн энэ том цэнгүүнд нэлээд дээгүүр бичигдчихсэн л тууж явна лээ. Манай Цагдаагийн Ерөнхий газрын Сүлд нэртэй хамтлаг байдаг юм. Энэ хамтлагтайгаа нэг дуу бичүүлчихсэн байгаа. Тэрийгээ л урьд нь байнга дуулаад явдаг байлаа. Харин одоо энэ том оркестртай, урлагийн алтан тайзан дээр гарах юм байна. Тийм болохоор сэтгэл санаагаа ч нэлээд их бэлдээд байгаа. Дуулах дуулахдаа гайгүй л дуулчихъя гэж бодоод байна. Хүн гарч дуулаад байдаг юм чинь яагаад болдоггүй юм, хичээнэ дээ.

-Энэ жилийн наадмаар зодоглосон. Цолоо ахиулах боломж байсангүй юу?
-Би анх 1990 онд зургаа давж, Монгол улсын Өсөх идэр начин цолыг авч байсан. Баяраа заанаар тав, Амгаа заанаар зургаа даваад, долоогийн даваанд их аварга Б.Бат-Эрдэнэд өвдөг шороодож байв. Харин сая Биеийн тамир Спортын хуулийн дагуу 2004 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын харцага цолны болзол хангасан. Үүнд 29 хүний нэр багтсан байсан л даа. Харин энэ жилийн наадмын хувьд хоёр давсан. Гурвын даваанд өөрийнхөө шавь Цогцолдоржид өвдөг шороодлоо. Үндэсний их баяр наадам болон Цагаан сардаа гарч барилдаж байх болно. Гэхдээ ер нь одоо үндсэндээ хоёр давчих юм бол болно доо гэж бодож байгаа. Нас ч явж байгаа юм чинь, багшийнхаа үүргийг гүйцэтгээд явна.

-Тэгэхээр зодог тайлах болж байгаа гэсэн үг үү?
-Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмэнд 45-аас дээш насны хүнд бөхийн хишиг олгоно гэсэн зүйл байдаг. Энэ бол үндсэндээ хүссэн, хүсээгүй зодог тайлж байна л гэсэн үг байгаа юм. Тэгэхээр 45 наснаасаа хойш барилдах минь бүр л цөөрөх байх. Би чинь хойтон л үүнд багтана шүү дээ.

-Та ард түмнийхээ хайрлан хүндэтгэдэг олон сайхан бөхчүүдийг төрүүлсэн багш хүн. Ингэхэд хэчнээн шавьтай болоод байгаа вэ?
-Шавь нар маань маш олон сайхан залуучууд бий. Хүч нийгэмлэгийн харъяанд байдаг бүх л залуучууд над дээр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Одоогоор аймаг, цэргийн цолтой 39 залуу байгаа. Дээрээс нь энэ жил орсон болон, хоёр гурав дахь жилдээ явж байгаа сумын цолтой 90-ээд бөх байдаг. Эд нартайгаа ажиллаад л байж байна. Миний шавь нар дундаас энэ жил Улсын цолтой сайхан бөхчүүд төрсөн. Тухайлбал Архангайн Булган сумын харъяат, МУ-ын харцага Батжаргал, Дорнодын Цагаан-Уул сумын харъяат, Улсын начин Цогзолдорж, Улсын заан Рагчаа, Улсын заан Мягмарсүрэн, Амартүвшин, Уламбаяр, Сумъяабээс гээд л маш олон бөхчүүд байна даа.

-Ингэхэд таны шавь Рагчаа заан энэ жилийн баяр наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолыг нь хурааж авах дээр тулчихаад байгаа шүү дээ. Энэ тал дээр багшийнх нь хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Ингэж тэвдүүлээд л байна. Гэхдээ миний бодлоор Монголд мөрдөгдөж байгаа допингийн шинжилгээний дүгнэлт хэтэрхий түргэдээд байх шиг. Үнэнийг хэлэхэд манай Рагчаагийн хуруу нь хугарчихсан байсан шүү дээ. Өмнөх жил нь Улс тунхагласны баяраар барилдаж байгаад хуруугаа хугалчихсан юм. Үүнээс болж мэдрэлийн эс нь дарагдаад, хоёр ч гэмтэлтэй байсан. Тэгээд Солонгос, Бээжин явж эмчлүүлсэн. Монголдоо ч илээч, бариачаар эмчлүүлж байсан. Ер нь бол допингийн шинжилгээгээр өвчин намдаах эм хэрэглэсэн байхад л илэрц гардаг байхгүй юу. Тэр А, Б шинжилгээ гээд байгаа нь эмчилгээ хийлгэж байсан эмнүүдээс нь л болсон гэж бодож байгаа. Уг нь Рагчаа допинг хэрэглээд байхаар тийм совесттой хүн биш шүү дээ. Үнэндээ байгалиасаа их сайхан барилдаантай бөх. Харин энэ жил гэмтэл бэртэлтэй байж байгаад л гэмтлийн дагуу хэрэглэсэн эмнүүдийнх илэрц гарсан. Уг хэрэглэсэн эмнүүдийнх нь жагсаалтыг Допингийн холбоо эхлээд авч үзэх ёстой байсан. Эмчилгээ хийлгэсэн акт, бичиг баримтыг нь үзэж, үнэхээр тийм зүйл байжээ гэж дүгнэлт хийх ёстой шүү дээ. Гэтэл шууд л допинг илэрлээ гээд гаргаад зарлачихдаг чинь буруу.

-Тэгэхээр цолыг нь хураах асуудал шийдэгдсэн үү?
-Одоогоор хураагаагүй байгаа л даа. Хэлэлцээд, яригдаад явж байна. Холбогдох улсууд нь шалгаж байна. Үнэхээр гэмтэл нь байж уу, мэдрэлийн эс дарагдаж байж уу гээд тэр бүхнийг нь шалгаад байгаа юм байна лээ. Тэрний дараа нэг учир нь олдох биз дээ.

-Түүний сэтгэл санааных нь байдал нэлээд хүнд байгаа гэж сонссон?
-Мэдээж. Хүний нэр төрийг унтрааж, гутаана гэдэг чинь их хэцүү. Нэр хугарахаар яс хугар гэсэн үг бий. Би багшийнх нь хувьд чи залуу байна, дахиж барилдах хэрэгтэй, сэтгэл санаа өөдрөг явах ёстой гээд л хэлдэг. Гэхдээ цолыг нь арай хураахгүй байх л гэж дотроо залбираад сууж байна. Гэхдээ ер нь бол Үндэсний бөхөд эмч гэдэг юм харагддаггүй байхгүй юу. Яахав барилдаан дээр л тэнд нэг хүн сууж байдаг. Гэхдээ бэлтгэл сургуулилт дээр бол эмч огт байхгүй шүү дээ. Үнэндээ бэлтгэлийнх нь явцад хяналт нь дагаад явж байх ёстой. Нэг бөхийг олон талаас нь шинжилдэг шинжээч гэж байх л ёстой. Тэр нь Монголын чадавхиас хамаараад чадахгүй байгаа. Монгол хүмүүс чинь малын засааг багаасаа идээд өсчихсөн л улс. Ялангуяа бөхчүүд бол бяр суудаг гээд адууны засаа их иддэг. Гэтэл тэндээс л допингийн илэрц гардаг юм байна лээ. Тэгэхээр хэцүү байгаа биз дээ. Би бөх, бас багш хүний хувьд хэлэхэд бөх гэдэг чинь бөх л юм шүү дээ. Хавсруулаад унах болгонд тодорхой хэмжээгээр дотор эрхтнүүд нь доргиж байдаг. Жишээ нь жирийн хүнийг хавсраад унагавал ямар байх вэ. Зөөлөн эдийн гэмтэл, өвдөгний няцрал, үе хурууны няцрал зэргийг бөхчүүд бол байнга авч байдаг. Тэгээд л тэрийгээ сэргээж амжилгүй дахиж барилдаад, дахин чанга унаж, тэгсээр бие эрхтэнд нь согог суудаг. Том цолтой бөхчүүдэд бол ялангуяа хүнд хөнгөн янз бүрийн согог их байдаг юм. Тэд чинь харахад л их сайхан улсууд боловч үнэндээ дотор эрхтэн, үе мөчний хувьд маш олон гэмтэл, согогтой болсон байдаг.

2006.11.30 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button