Али Агжа пап ламтай ярилцахыг хүсч байна

Энэ тухай түүний өмгөөлөгч Мустафа Демирба мэдэгдэв. Пап ламтай шашны болон нууцлаг сэдвээр ярилцахыг хүсч байна хэмээн Агжа өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлжээ. Тэрээр 1970-аад онд өдөр тутмын сонины редакторыг алсан хэргээр ял эдэлж байгаа. 2010 онд шоронгоос суллагдах юм. Али Агжа II Иоанн Павелийг алах гэж оролдсоныхоо төлөө Италийн шоронд 19 жил суусан билээ. 1983 оны арванхоёрдугаар сарын 27-нд II Иоанн Павел Ребиббиа шоронд очиж Али Агжатай уулзаж, түүний үйлдсэн нүглийг өршөөж нигүүлссэн юм.
2000 онд христос шашны 2000 жилийн ойгоор Италийн Ерөнхийлөгч Карло Чампи Агжаг өршөөжээ. Пап лам Карол Войтилийн хүсэлтээр түүнийг сулласан гэдэг. Тэр жилдээ Али Агжаг Туркт шилжүүлж өгсөн бөгөөд тэрээр Туркт хүн амины хэргээр ял сонссон юм. Энэ оны есдүгээр сарын 18-нд Агжа өөрийн гараар XҮI Бенедиктэд бичсэн захидал Италийн La Repubblica сонины редакцид ирсэн аж. Тэрээр захидалдаа, пап ламыг Туркт айлчлахаас болгоомжлохыг сануулсан байна. Пап лам Ратцингер! Энэ хэргийг сайн мэддэг хүн танд хэлж байна. Одоо таны амь нас аюулд ороод байна. Ямар ч тохиолдолд Туркт битгий оч хэмээн Али Агжа захидалдаа онцолжээ. Тэрээр захидалдаа, 1981 оны тавдугаар сарын 13-нд II Иоанн Павелийн амь насанд халдсан нууцлаг түүхийг дахин сөхсөн байна. 1980-2000 онд би өрнөдийн болон Ватиканы янз бүрийн тусгай албадтай харилцаатай байсан. Энэ хугацаанд би олон зүйлд суралцаж, хэд хэдэн итгэмээргүй нууцыг олж мэдсэн юм. Yйл явдал яаж өрнөж байсныг Италийн тусгай алба Sismi сайн мэднэ гэсэн байна.
Али Агжа мөн Ратцингерийг хамгаалж байсан нэгэн алдартай тусгай алба 1998 онд Швейцарийн гвардийн командлагч Алонзи Эстерманыг эхнэрийнх нь хамт хөнөөсөн хэргийг зохион байгуулсан хэмээн бичжээ. Эцэст нь Агжа пап лам XҮI Бенедиктэд хандаж ариун хаан ширээг орхихыг санал болгосон байна. Тэгэхээр, пап лам Ратцингер албан тушаалаасаа огцорч, тайван амьдрахын тулд эх орон руугаа буцах ёстой. Түүний оронд Италийн төрийг төлөөлдөг, энх тайван, ардчилалд хандсан ширээт лам нараас нэг нь сонгогдох ёстой. Ватикан энх тайван, нөхөрлөлийн төв байх ёстой. Дэлхий дахинд өш хонзон, үзэн ядалт биш, харин найрамдал нөхөрлөл хэрэгтэй хэмээн Агжа захидлаа төгсгөжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button