Эрх баригч намууд болон УИХ-ын гишүүдийн бусармаг үйлдэлийг эсэргүүцэж байна!

Цогц Харилцаа Төв төрийн бус байгууллага нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй, төрийн бус олон нийтийн байгууллагын хувьд олон зуун харилцагч ард иргэдийнхээ санал бодол захидал дээр үндэслэж төр засаг төрийн түшээдэд хандаж энэхүү ардчилсан ёсонд үл нийцэх шийдвэрээ эргэн харж таслан зогсоохыг уриалж мэдэгдэл гаргаж байна.
Улсын төсвийг Засгийн газраас УИХ-д оруулан батлуулж, орон нутагт хуваарилдаг байтал УИХ-ын сонгуулийн тойрог бүрт УИХ гишүүнээр дамжуулж улсын төсвөөс 250 сая төгрөгийг гаргахаар улайран зүтгэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргааны нэгжийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хуулиудыг зөрчиж байгаа төдийгүй, УИХ-ын сонгуулийн үеэр амласан хоосон амлалтаа улсын төсвөөр гүйцэлдүүлэх, нэр хүндээ өсгөх гэсэн эрх баригч намуудын УИХ-ын гишүүдийн бусармаг арга ба 2008 оны сонгуулийн сурталчилгааг одооноос улсын төсвөөр хийх гэж байгаа шударга бус алхам, нөгөөтэйгүүр хууль тогтоох байгууллага өөрөө авилгалд өртөж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна.
Иймд эрх баригч намууд болон УИХ-ын гишүүдийн бусармаг үйлдэлийг эрс эсэргүүцэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна!
Шударга ёсны төлөө уриалж байна!

/Цогц Харилцаа Төв ТББ/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button