ДОХ-ын эсрэг хамтдаа

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг өнөө жил Тархалтыг зогсооё, амлалтаа биелүүлье уриан дор 12 дугаар сарын нэгэнд дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Харин манай улсын хувьд энэ жилийг Таны амлалт-ДОХ-гүй ирээдүй уриан дор ДОХ-ын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар болсноо албан ёсоор зарлаад байгаа.

Манай улсад ДОХ-ын анхны тохиолдол 1990 онд илэрч нийгмийн асар их зочироож байсан. Харин энэ оны 11 дүгээр сарын байдлаар ХДХВ-ийн халдвар авсан 25 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай удаа дараагийн ДОХ-ын тохиолдолыг зарлах бүртээ бэлгэвч хэрэглэх, нэг хамтрагчтай байх, итгэл үнэмшилтэй байхыг уриалах тусам энэ тоо огцом өссөөр байна. Одоогоос хоёр жилийн өмнө ХДХВ/ДОХ-той гэсэн таван тохиолдол байсан бол сүүлийн хоёр жил энэ тоо бидний өмнө огцом өслөө. Монголд ХДХВ-ийн халдвар идэвхтэй тархалтын үедээ шилжиж байна гэж дэлхий нийт дүгнэж байна.

Өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдээд байгаа ДОХ-ын 25 тохиолдолууд бэлгийн замаар дамжсан халдварууд бөгөөд 1990-ээд оны дунд үеэс эрс нэмэгдэж, жилд 15-20 мянган хүн өвчилж байна. Энэ тоо тогтмол өесөөр. Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар дамжих халдвар дангаар эзэлж байна. Энэ нь сүүлийн таван жилд бүртгэгдсэн бүх халдварт өвчний дунд нэгдүгээрт явж байгаа гэсэн үг юм. Биеэ үнэлэгчдийн 70-78 хувьд нь бэлгийн замын ямар нэг халдвар илэрч байгаа нь ДОХ-ын тархалт өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Гэхдээ дан ганц биеэ үнэлэгчдээс халдвар тархаад байна уу гэвэл үгүй. Тэр ч байтугай жирэмсний хяналтад орохоор ирсэн эмэгтэйчүүдийн 30.3 хувьд нь бэлгийн замын халдвар илэрсэн судалгаа байна. Манай улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын 25 тохиолдлын 23-д нь бэлгийн замаар дамжих халдвөр хавсарсан байсан. Эндээс үзвэл, бэлгийн замын халдвар биеэ үнэлэгчдийн эгнээнээс хальж нийт хүн амын дунд өргөн тархсанг бүрэн тодорхойлж байгаа юм.

Өнгөрөгч 2001 оны зургадугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх тусгай чуулганаар дэлхийн удирдагчмд ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлах талаар уулзаж ярилцаж байсан. Энэ чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн лидерүүд ХДХВ/ДОХ-ын тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх, халдвартай хүмүүст дэмжлэг туслалцаа, эмчилгээ, асаргаа үзүүлэх талаар энэ үеэр тодорхой амлалтууд авч чуулганыг өндөрлөсөн тухай тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Авсан амлалтуудаас дурдвал залуучуудын дунд ХДХВ-ийн тархалтыг 2010 он гэхэд 25 хувиар бууруулах, тархалт өндөртэй орнуудад 2005 он гэхэд дээрх үр дүнд хүрэх, хүн амын дунд мэдээллийн хүртээмжийг сайжруулах, ялгаварлан гадуурхалтыг багасгах зэрэг байсан. Харамсалтай нь, энэ бүх амлалт тэр бүр бүрэн биелэлээ олоогүй байна. Тиймээс дэлхий дахин маргааш ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ДОХ-ын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрээ тайлагнах өдөр болгодог уламжлал тогтоод байгаа. Монгол Улсын хувьд 2006 оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг Таны амлзлт- ДОХ-гүй ирээдүй уриан дор ХДХВ/ДОХ-оос сэргийлэх ажилд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоог дайчлах зорилгоор тэмдэглэх гэж байна. Таны амлалт-ДОХ-гүй ирээдүй уриа нь ХДХВ/ДОХ-ын тархалт багатай Монгол Улсыг ДОХ-д нэрвэгдсэн улс болгохгүйн төлөө иргэн та юу амлаж, хийж чадах вэ гэсэн утга агуулгатай юм. Иргэн таны амлалт бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд ирэх оны ДОХ-той тэмцэх дэлхийн өдрөөр өнгөрсөн хугацаанд хэн юу амлаж, амлалтаа хэрхэн биелүүлэв гэдгийг дүгнэх юм. Энэ дүгнэлтээр Монгол улс ДОХ-ын тархалтыг барьж чадсан орон болж хойч үеэ эрүүл, аюулгүй орчинд хүлээлгэн өгөх алхам өнөөдрөөс эхэлж байгааг хэлж байгаа юм.

ДОХ-гүй ирээдүйн төлөө та юу амлах вэ

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button