Монгол Улсын засаг захиргааны шинэчлэл сэдвээр ярилцаж байна

Уг арга хэмжээг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С. Батболд, Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Томас Шрапел нар үг хэллээ. Уулзалт- ярилцлагад оролцсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д. Дондог Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн С. Ламбаа Нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл зайлшгүй болох нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я. Долгоржав Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх хэрэгцээ шаардлага, ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Н. Оргодол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар зарим аймагт хийсэн судалгаа, иргэдээс авсан асуулгын дүнгийн тухай, Удирдлагын академийн багш, судлаач З. Батцэнгэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах аргазүйн судалгаа, Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн С. Давааням Хүн амын нутагшил, суурьшлын зохистой байршил сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлсэн юм.
Эдгээр илтгэлүүд нарийн судалгаан дээр суурилсан, цаг зав хүч хөдөлмөр зарсны үр дүнд чамбай боловсруулагдсаныг уулзалтад оролцогсод үнэлж байлаа. Тухайлбал, Н. Оргодолын илтгэлд дурдагдсан зарим судалгааны үзүүлэлт хүмүүсийн анхаарлыг багагүй татсан.
Хоорондоо 30 км хүртэл зайтай болон 2000 хүртэл хүн амтай сумдыг нэгтгэвэл зах зээлийн багтаамж ихсэж, үйлдвэрлэл үйлчилгээ шинээр эрхлэх боломж нэмэгдэж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний байгууллагын бүтэц орон тоо, үйлчилгээг чанартай хүргэх түвшинд хүрнэ гэсэн судалгаа дүгнэлтийг та хэрхэн үзэж байна вэ гэсэн асуултад санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 58.2 хувь нь дэмжинэ, 26.2 хувь нь дэмжихгүй, 15.6 хувь нь мэдэхгүй гэж хариулсныг Н. Оргодол илтгэлдээ тодорхой дурдсан байна.
Хоёр өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд таван аймгийн 10 сумын нийт 85 төлөөлөгч оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захир-гааны удирдлага, иргэдийн төлөөлөгчид болон малчид оролцсон бөгөөд тэд тавьсан илтгэлийн дагуу үг хэлж, санал бодлоо чөлөөтэй хуваалцлаа

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button