ДОХ бол надад, бас манай ажилчдад ч хохирол учруулна

Монгол Улс нь нийгэм, эдийн засгийн нөхцөл, байдлаас шалтгаалан ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтад өртөх эрсдэл өндөртэй, одоогоор хүн амын эдийн засгийн идэвхитэй бүлэг хүмүүсийг энэ өвчин шууд хамарах магадлалтай байгаа учир Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо нь төлөөллийн байгууллагын үүргийнхээ дагуу ажил олгогчдын нийгмийн өмнө хүлээх үүргийг дээшлүүлэхэд туслах зорилгоор уул уурхай, зам тээвэр, барилгын салбар, арилжааны компаниуд, цэнгээний газруудын ажлын байранд ХДХВ/ ДОХ/ БЗДХ-оос урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг эхлүүлж, өргөжүүлэх төслийг ЭМЯ, Глобаль Сантай хамтран 2006 – 2010 оны хооронд хийж гүйцэтгэхээр боллоо.
ХДХВ/ДОХ нь хөдөлмөрийн салбарын, түүн дотроо ажлын байранд анхаарах асуудал болж байгаа энэ үед ажил олгогчид болон түүний нийгмийн түншүүд дээрх асуудалд анхаарлаа ижил хандуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Учир нь ДОХ-оор өөрийн хийж бүтээх, суралцах, өсөж дэвших, гэр бүлээ авч явах, ирээдүйгээ баталгаатай болгох насны ажилчид өвчилж, аж ахуйн нэгжийн ажиллах чадвар болон туршлага хомсдож, хөрөнгө оруулалт буурч, хөдөлмөрийн хөлс үнэтэй болж, бүтээмж алдагдаж, ажиллах хүчин багасаж, үүнчлэн ХДХВ/ДОХ-оос амьд үлдэхиин тулд гэр бүл хуримтлуулсан хөрөнгөө эмчилгээнд зарцуулж, өвчтэй хүнээ асрахын тулд гэр бүлийн насанд хүрсэн хүмүүс тэндундаа ихэвчлэн эмэгтэйчүүд ажлаа орхих зэрэг ажлын байранд сөрөг нөлөөлөх олон хохирлыг бий болгож байдаг.
Дээрх төслийг хэрэгжүүлснээр бидний хүлээх үр дүн бол ХДХВ/ДОХ өвчний талаарх ойлголт, мэдлэгийг ажил олгогчдын оролцоотойгоор ажлын байранд бий болгож, ХДХВ/ДОХ-ын халдварт нэрвэгдэх магадлалыг бууруулахад чиглэсэн эрсдэлгүй зан үйлийг ажил олгогч эзэд, ажилчдад төлөвшүүлэх, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийгмийн түншүүд хариуцлагатайгаар оролцох оролцоогоо дээшлүүлэх. халдвар авсан ажилчдыг үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангах, ялгаварлан, гадуурхах, гутаан доромжлохоос сэргийлэх, эрүүл ажлын орчин бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн бодлого, хөтөлбөрт тусган ажлын байранд байнга анхаарах үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх чадвартай болох явдал билээ.
Ялангуяа олон ажилтантай аж ахуйн нэгж, компаний ажил олгогчид нийгмийн өмнө хүлээж буй нэг үүргээ Ажлын байранд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх асуудлаар илэрхийлэх нь даяарчлалын энэ эринд их чухал юм.
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооноос ХДХВ/ДОХ-ын талаар мэргэшсэн байгууллагуудтай хамтран компани, аж ахуйн нэгжид үе тэнгийн сургагч бэлтгэн өгснөөр ажлын байранд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх ойлголт, зан үйлийг төлөвшүүлэх сургалтыг ажил олгогч ажилчдад явуулах, аж ахуйн нэгж өөрийн бодлого хөтөлбөртэй болоход зөвлөлгөөн өгөх, мэдээлэл, сурталчилгааны гарын авлагаар хангах зэрэг олон талт үйл ажиллагаагаар ажил олгогч эздийн чадамжийг дээшлүүлэнэ гэж үзэж байгаа юм.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button