Эрхэм гишүүд 250 саяыг халааслалаа

Ирэх онд монголчууд хэдий хэрийн орлого олж, түүнийгээ юунд зарахыг эрхэм гишүүд өчигдөр эцсийн удаа шүүв. Эцсийн удаа хэмээн тодотгохын учир нь Төсвийн тухай хуулийг дөрвөнтөө хэлэлцэж батлах хуультай.

Дөрөвдэхээ хэлэлцэхдээ мордохын хазгай гэгчээр хууль зөрчөөд эхлэв. Тодруулбал гишүүдийн гарт ирсэн хуулийн төсөл байнгын хорооны хурлаар дамжаагүй байв. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар байнгын хороогоор хэлэлцэж чуулганы нэгдсэн хуралдаанд төслийг бэлтгэдэг. Гэтэл Сангийн яамны бэлтгэсэн төсөв шууд л гишүүдийн ширээн дээр иржээ. Ийнхүү байнгын хорооны гишүүд хуулийн эцсийн хувилбартай танилцаагүй нь чуулганы танхимд маргаан дэгдээлээ.

Хүүхдийн мөнгө хаачсан бэ?

Парламентаар ирэх оны Үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад МАХН-ын бүлэг хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгох санал гаргасан нь серөг хүчний ч дэмжлэгийг олсон билээ. Үндсэн чиглэлд туссан энэхүү мөнгө ирэх оны төсөвт алга байна гэж эрхэм гишүүн Н.Батбаяр чуулганы танхимд мэдэгдэв. Тэрээр хүүхдэд өгөх 104 тэрбум төгрөг хаана байгааг Сангийн сайдаас лавлаад төрийн бодлогод хоноцын сэтгэхүйгээр хандахгүй байхыг МАХН-ын гишүүдээс хүсэв. Сангийн сайд Н.Баяртсайхан хөгжлийн санд хүүхдийн мөнгө яваа гэж хариулсан ч төсвийн орлого, зарлагын хаана нь ч хүүхдийн мөнгөний томьёолол алга байна гэж Р.Амаржаргал гишүүн хэллээ. Сангийн яамны газрын дарга Н.Батжаргал, хүүхдийн мөнгө Сангийн сайдын багцад байгаа гэв. Ирэх жил Сангийн сайд Н.Баяртсайхан 377.2 тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болж буй бөгөөд Газрын даргын хэлснээс үзвэл үүний 104 тэрбум нь хүүхдийн 100 мянгад зарцуулагдах аж. Үүнийг Н.Батбаяр гишүүн эрс үгүйсгээд Сангийн сайдын багц өөр зүйлд зарахаар төсөвлөгдсөн гэв.

Харин Ерөнхий сайдын хэлснээр Сангийн сайдын багцад 104 тэрбум бус 52 тэрбум төгрөг л суужээ. Улсын төсвийн төслийг анх оруулж ирэх үед Сангийн сайдын төсев 309 тэрбум байсан бөгөөд үүнд хүүхдийн мөнгийг 5000 төгрөг болгох гүйцэтгэх засаглалын санал суусан байжээ. Парламентын гишүүд хүүхдийн мөнгийг 100 мянга болгон нэмэх санаачлага гаргаснаар 377 тэрбум болж өесөн гэнэ.

Ийнхүү Ерөнхий сайд, Сангийн сайд болон Сангийн яамны газрын дарга нар чуулганы танхимд өөр, өөр зүйл ярьсан нь гишүүдэд эргэлзээ төрүүлж завсарлага авахад хүргэв. УИХ-ын дарга Төсвийн байнгын хороо болон Төсвийн хуулийн ажлын хэегийг хуралдахыг хүссэн бөгөөд харин ажлын хэсэг Ерөнхий сайдын өрөөнд цуглаж хэл амаа ололцжээ. Тэдний хэлж буйгаар Сангийн сайдын багцад буй мөнгөнөөс хүүхдэд олгох мөнгийг салган бичих болсон гэнэ.

250 сая бууриа сэлгэжээ

Төсвийн тухай хуулийг парламент арванхоёрдугаар сарын 1-ний дотор батлах хуультай. Шахаа-нд орсон гишүүд, ялангуяа эрхэм спикер Төсвийн хуулийг баталж л байвал юугаач өгөхөөс буцахгүй тиим л дүр төрхтэй байлаа, өчигдөр.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн тухай дээр өгүүлсэн. Тэгвэл мөн хуулийн бас нэгэн заалтыг зөрчиж Тусгай сангийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг батлав. Тодруулбал парламентын чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэх хугацаа долоон хоног. Гэтэл лхагва гаригт санаачилсан хуулиа өчигдөр ёсчлов.

Цаг хугацаа хэмээх мангаа-наас өрсөн баталсан Төсвийн тухай хуульд эрхэм гишүүдийн тойрогтоо зарах 250 сая төгрөг бууриа сэлгэн суужээ. Монгол Улсын Шадар сайдын төсөвт суун орон нутгийн удирдлагын саналаар хөрөнгө оруулалтад зарцуулагдахаар тайлбарлагдаж байсан энэ их мөнгө Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт суужээ. Өөрөөр хэлбэл гишүүдийн 250 сая төгрөг яамдын сайд нарын халаасан-д оржээ. Гишүүд тойрогтоо зарах саналаа сайдад ирүүлэхийг ил тод мэдэгдэв. Өчигдрийн байдлаар Э.Бат-Үүл, М.Энхсайхан нарын 18 гишүүн чухам юунд зарах тухай жагсаалтаа ирүүлээгүй гэж Сангийн яамны ажилтан хэлэв.

Юутай ч монголчууд ирэх онд Нэг наяд 293 тэрбум 327 сая төгрөгийн орлого олж, нэг наяд 420 тэрбум 319 сая төгрөгийг зарах ажээ.

С.МӨНХЖАРГАЛ
Ардын эрх 2006-12-01

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button