Засаг дарга хүсэлт гаргаж, яам зөвшөөрөл олгоод л…

Өмнөговь аймгийн Засаг дарга М.Ядмаа БОЯ-нд албан бичиг ирүүлжээ. Уг бичигт Манай аймгийн Ханбогд, Хүрмэн, Баяндалай сумдад гар аргаар алт олборлогчид олширч энэ хэрээр байгаль орчин дахин нөхөн сэргээгдэх аргагүй болтлоо сүйдэж байна. Тухайлбал, дээрх сумдын нутагт байх 60 гаруй худгийн дэргэд мөнгөн усны тээрэм ажиллуулснаас болж тэр хавийн хүн, мал хордож байна. Yүнийг орон нутгийн зүгээс зохицуулах гэхээр хүмүүсийн амьжиргаа, амьдралыг залгуулдаг зүйл нь энэ болсон тул шууд зогсоож болохгүй юм. Иймд энэ замбараагүй байдлыг нэгдсэн зохион байгуулалтад оруулахын тулд орон нутгийн удирдлага нэг газар төвлөрүүлсэн юм. Одоо дээр дурдсан 60 гаруй худгийн дэргэд байгаа 3000 тонн орчим шлам (алтны хольцтой шороо)-ыг ашиглуулмаар байна. Мөн мөнгөн усыг маш хортой хэмээн дэлхий нийтээрээ татгалзсан тул цианы хүчлийг хэрэглэхийг зөвшөөрнө үү гэжээ.

БОЯ уг албан бичгийн хариуд 3000 тн шлам болон цианы хүчил хэрэглэх зөвшөөрлийг өнгөрсөн есдүгээр сард өгчээ. Тэгэхдээ он дуусахаас өмнө буюу 12 сар хүртэл үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон байна. Yнэндээ иймэрхүү явдал ганц энэ аймагт биш бүр Монгол даяар нүүрлэчихээд байгаа. Саяхан Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд байх Цагаан цахир гоулд ХХК-ийн ашиглаад хаясан амоны хүчлээс болж 40 гаруй мал хордож үхсэн баримт бий. Энэ бол аймшигтай зүйл. Эрүүл газаргүй, эрүүл хөрсгүй боллоо гэсэн эмзэглэл сүүлдээ эрүүл хүнгүй болоход хүргэхвий гэсэн эмзэглэлийг төрүүлж байна.

Энэ бүхэн юунаас болов. Төр иргэдээ 1990-ээд оны шилжилтийн үеийн эдийн засгийн ядуурлаас гаргах гарц гэсэндээ газар дорхи баялгаа лиценз нэрийн дор бусдад эзэмшүүлж ашиглуулахаар болсон. Хөгжлийн гарц үүнээс өөрөөр харагдаагүй юм байлгүй. Түшээд баялгаа лиценз болгон баруун солгойгүй цацах шиг болов. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн талаас илүү хувь нь одоогоор лиценз нэрээр хэн нэгний эзэмшилд орчихоод байгаа гэдгийг албаны хүмүүс хүлээн зөвшөөрдөг юм билээ.

АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын албанаас энэ оны эхний есөн сарын байдлаар 5647 лицензийг олгосон, хүчин төгөлдөр байгаа гэж мэдээлж байна лээ. Энэ бол их тоо. Yнэндээ бол төрийн түшээдийн анх ярьж байсан шиг ард түмнээ ядуурлаас бүрэн гаргахад энэхүү лицензийн тоо хангалттай мэт. Гэвч ядуурал арилсангүй. Хүн амын 36 хувь нь нэн ядуу гэсэн статистик тоо байна. Цаашид нэмэгдэх хандлагатай гэдгийг албаныхан ч үгүйсгээгүй. Гэтэл газар доорхи баялгаа лиценз болгоод худалдчихвал гэж түрүүлж овсгоо гаргасан, түүнийг нь хэрэгжүүлсэн, бодит ажил болгосон эрхмүүд үүнийг чадварлаг ашиглаж өөрсдөдөө ашигтай бизнес болгож чаджээ. Иймэрхүү замаар хөлжсөн, хөлжиж байгаа бас хөлжих гэж арга эвээ арай ядан олох гэж яваа эрхмүүд энэ төрд олон бий.

Уг нь ямар ч улсад үндэсний аюулгүй байдал гэж баймаар. Гэтэл манайх баялгаа дуусахгүй, барагдахгүй юм шиг хэн дуртайд нь олгов. Yр дагавар нь энэ. Нутгийн иргэдийнхээ амьдралыг бодсон Засаг дарга химийн бодис хэрэглэх зөвшөөрөл яамнаас гуйж, яам нь өгч байдаг. Хэнийг ч буруутгамаар юм.

Бас нэг зүйл гэвэл лиценз авсан аж ахуйн нэгжүүд (том жижиг гэлтгүй) газрыг хайр найргүй сэндийчэн бусниулж байна. Yүнийг дагаад гар аргаар алт олборлогчид буюу нинжа нэртэй бүлэг арми бий болов. Тэдний амьдрал архидалт, янхандалт, мансуурал, мөрийтэй тоглоом гээд бүхэлдээ гэмт хэргийн ертөнц. Бас эцэг, эхийгээ дагаж амьдрал ахуйд нь нэмэр болох гэсэн хүүхдүүд ийм орчинд хүмүүжиж бас эрүүл мэндээрээ хохирч байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргасан судалгаагаар манай улсад 5-17 насны 68000 орчим хүүхэд хөдөлмөр эрхэлдэг бөгөөд үүний 30-аад мянга нь алт ухдаг гэсэн судалгаа гаргажээ. Тэдний ирээдүйг төсөөлөхөд ч бэрх. Гэтэл саяхан хачирхалтай яриа сонсов. Заамарт алт ухдаг байсан хүн түүний мэдэхээр хоёрхон сарын дотор 3-4 хүн нүхэнд ороод дарагдаж үхсэн гэнэ. Гэвч цогцсыг нь хэн ч ухаж гаргаагүй юм байх.

Харин ч нинжа нар битүүхэндээ үүнд баярлаж газраа тахичихлаа, одоо ч бурзайж өгнө биз хэмээсэн гэх. Итгэхэд бэрх. Гэхдээ энэ бол бодит үнэн гэнэ. Ер нь бид хөгжил рүү биш хүй нэгдлийн үе рүү эргээд ухраад байна уу даа. Гэтэл бас уул уурхайн үйлдвэрүүд бага нөөцтэй газар хайгуул ашиглалтын лицензийн зөвшөөрөл авснаас өөрсдөдөө ашигтай ажиллахын тулд химийн бодисыг ихээр хэрэглэх болсон гэнэ. Ашгийн төлөө улайрсандаа тэр шүү дээ.

Одоогоор БОЯ-наас цианы хүчил хэрэглэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан зургаан компани байдаг юм билээ. Хамгийн хачирхалтай нь дээрх компаниудын уул уурхайн олборлолтдоо ашигладаг цианы хүчил гээчийг Монголд оруулж ирэх зөвшөөрөл авсан ганц ч аж ахуй нэгж энэ улсад лав байдаггүйг улсын бүртгэлийн алба нотолж байна. Албаны хүмүүс байгалиа бодвол эдгээр уурхайг зогсоомоор ч юм шиг, үйлдвэрлэл эрхэлж буй компаниудаа (үнэндээ бол дотоодын хөрөнгө оруулалттай нь уул уурхайн компаниуд олонхи нь байдаг гэсэн шүү) бодвол цуцалмааргүй ч юм шиг. Замбараагүй олгосон лицензийн энэ олон сөрөг үр дагаврыг яалтай ч билээ хэмээн ярьж байна. Уг нь төр, засаг газар доорхи баялгаа хөгжлийн гарц гээд тодорхойлсон юм бол түүнийг яаж олгох вэ гэдгээ бодолцмоор байсан юм шиг.

Манайхаас бусад тухайлбал, АНУ газар доорхи алт, нефть гээд хэд хэдэн төрлийн ашигт малтмалын нөөцөөр дэлхийд нэгд бичигддэг гэдэг. Гэтэл тэд баялгаа ухаж идэх болоогүй гэсэн ганц л зарчмыг баримталдаг аж. Мөн Чех улсад 100 мянган тн-ын нөөцтэй алтны шороон орд газар ганцаар тогтохгүй бий. Гэвч тэдний Засгийн газар байгаль орчноо сүйдэлчихнэ, бид эргээд хуучин хэвд нь оруулж чадахгүй гэсэндээ ашигладаггүй юм гэсэн. Магадгүй өндөр хөгжилтэй орнуудтай өөрийнхөө ядуу буурай улсыг харьцуулахдаа ч яахав гэж бодож болох. Гэхдээ энэ бодмоор л зүйл. Яахав, Оюутолгой, Тавантолгой, Бороо гоулд гээд асар их нөөцтэй газраа байг. Харин 1000-5000 тн-ын нөөцтэй жижиг орд газруудад яагаад лиценз нэрээр зөвшөөрөл өгч эх орноо үгүй хийх эрх олгочихоод байна вэ.

Yүнээс болж нийгэм бүхэлдээ харанхуйд автчихаад байна. Газар доорхи баялгаа ашиглаж чадаж гэмээ нь Монгол Азийн бар байтугай улс болох юм гэнэ. Ард түмний цээжинд омогшил, бардамнал төрсөн. Лиценз нэрээр бид эх орноо худалдаад, хулгайд алдаад, танихын аргагүй болтол сэндийчүүлээд дууслаа. Асч байсан омогшил бардамнал үгүй болж ард түмэн битүүхэн айдаст автав. Одоо хэнд, юунд итгэж амьдрах болж байна аа, энэ ард түмэн чинь. Магадгүй дахиад нэг Засаг дарга иймэрхүү зөвшөөрөл хүсч яам нь олгоод. Төрийн түшээдийн эрх ашигтай нийцүүлж бий болгосон энэ гайг ард түмэн нь дахиад ямар үнээр үүрэх юм бол.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button