Од-уудад хандаж хэлэх үг

Нэг нь Од-оор тодрох гэдэг хамгийн амархан хийгээд хачин үзэгдэл гэрлийн долгион шиг хурдан тархаж байгаа нь гайхал төрүүлдэг юм. Монголд байгаа од-уудыг тоолбол тэнгэрийн одтой бараг дүйх биз.
Од-оор тодрогсод дотор дуучид дэндүү олширчээ. Дөнгөж нэг хоёр дуу муруй хазгайхан дуулж тэрнийг нь хэдэн хүн дагаад аялчихвал бас нэг удаа тасалбарыг хүчээр шахаж тайлан тоглолт маягийн юм хийсэн бол тэр хүн од болчихож байна. Од болсноо аль нэг өнгөтэй гоё хувцас өмссөн зурагтайгаа хуудас хэвлүүлж тарааснаар зарлаж амжина. Энэ байдлаар зохиолын дуучид олон одтой болсон доо. Нялх дуучид Од болох нэг сайн арга олсон нь хослон дуулах. Хэн нэг нь арай дөнгүүр бол нөгөөхөө чирч үлгэрлэбэл уулын оргил булаалдахад хүч тамир нь сульдан савж унасан нэгийгээ дамжлах шахам дээр гаргадаг шиг дэм дэмэндээ болж байгаа нь энэ юм л даа.
Тэгэхлээр тэдэнд од гэсэн тодотгол зохино гэж үү. Тэр ч байтугай заримд нь дуучин гэсэн нэр ч хүндэдмээр санагддагийг нуугаад яахав. Эстрадынхан уулаасаа од төрүүлэхийн эхлэлийг тавьсан. Одоо бараг бүгдээрээ од. Тэр одууд бүтээлтэй бүтээлгүй нь хамаагүй нэгэнт л од болчихсон бол тэнгэрийнх шиг харвачихгүй гялалзах гялалзахгүй нь падгүй хэзээ ч хэвээр оршино.
Монголдоо найман настай балчраас наян настнууд мэдэх болсон, олон түмний саналаар Монголын бахархлаар тодорсон Б.Сарантуяа, Т.Ариунаа эстрадынхан дотроо анхдагч гэгдэхээр Чингис хаан хамтлагийн Г.Жаргалсайхан, Харанга хамтлагийн Б.Энхманлай нарыг бол монголын од гэж болохсон. Бас олон одтой нэг том бүлэг бий. Тэр нь хошин урлагийнхан юм байна л даа. Тэд өнөө үед урлагийн тайзны сиймхийг овжин ашиглаж хошин төрөл нэрийн дор хий хоосон маазрал, марзагналаар гэнэн үзэгчдийн толгойг эргүүлж өнөөгийн нийгмийн хүмүүсийн бухимдал, зовлон ч түр зуур мартагнуулснаа гавьяа мэт санаж байдаг бололтой. Тоглолтын зарлалаа хэдэн давхар байшин ч цаанаас нь цухуйхааргүй том хийж өөрсдийнхөө хүүхэд аймаар, хөгшид ичмээр элдэв зургаа тэнд жирийтэл тавиад Энэ тоглолтод хошин урлагийн бүх одод оролцоно гэж заавал бичнэ. Хошин урлагийнхан бүгд од юм гэнэ дээ. Яахаараа тэд од болчихдог юм гэж бодохоор хачин санагдах. Од болоогүй одууд тайзан дээрх марзагнал төдий тоглолтоо олон хүнд үзүүлж хэдэн бор юм саах гэж бүүр ядахдаа зарлалдаа азтай үзэгч хонь хөтөлж харина гэж хүртэл дамшиглана. Маханд дуртай монголчууддаа түлхүүр тааруулж байгаа нь тэр юм байх. Yнэн нь гэвэл хошин урлагийнхан чинь Соёлын төв өргөө, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны тайзнаас хэтрээгүй л амьтад байхгүй юу. Ингэж хэлэхээр тэд Бид Өвөрмонголд очиж тоглосон шүү дээ гэж хэлж мэдэх юм. Тэглээ гээд эднийг Улаанбаатарынхнаас өөр хэн мэдэж байгаа юм бэ. Хошин бүтээлийг цэнгээний урлаг гэдэг нэр аварч байгаа нь тэдний тоглолтыг эрэгцүүлэн бодоход биднийг багад манай аймгийн баазын метр Дамдинсүрэн, шөвгөр Сэрээтэр нарын хэсэг жолооч хаа нэгтээ цуглараад элдэв адал явдлыг давслан хөөрөлдөж байдагтай л адилхан санагдах. Бас тоглолтын зохиолоо өөрсдөө бичдэг гэж томрох аядна. Аргагүй шүү дээ. Элдэв эрээ цээргүй марзагнал төдий юмны төлөө ямар зохиолч тоож зохиолоо өгөв гэж. Тиймээс тэдний уран бүтээлийн зохиол нь ч зохиол биш, тоглолт нь ч жинхэнэ урлаг биш гэж хэлэхэд болно. Yзэгч олны хайртай байсан, одоо байхгүй Г.Доржсамбуу, Дорлигжав, Цэвээнравдан гээд урлагийн хошин төрлийн мастерууд байлаа. Бүхэл бүтэн кино, жүжгийн нэг туслах дүр бүтээхдээ тэдний хэлсэн хэд гуравхан үг нь л зүрх гижигдэж, инээд алдуулдаг. Тэгээд сэтгэлд тэр чигээрээ хоногшдог. Тэгвэл өнөөгийн хошин шогийн жүжигчдийн тоглолт урт унжуу, улиг болсон санааг арав дахин давтсан болоод ч тэр үү. Уур хүргэм.
Тиймээс өөрсдийгөө Од хэмээн өргөмжлөгчдөд хандаж хэлэх үг байна. Дуурь хэмээх их урлагийн тайзнаа дэлхийн алдартай олон дуурийн дүрд хувилж бас ази, европийн урлагт энэ төрлийн эцэг болсон Итали зэрэг орнуудын их театрт урилгаар очиж эх хэлээр нь дуулж харийн үзэгчдийг алмайруулж чадсан Зууны манлай дуучин, ардын жүжигчин Х.Уртнасан, Ц.Пүрэвдорж, Б.Жавзандулам болон олимп дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж явсан алдарт бөх Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Арлын Японд монголыг дуурсгаж дэлхийд танигдсан сумоч, их аварга Д.Дагвадорж зэрэг хүмүүс од гэж нэрлэгдээгүй байхад та нар юу хийсэн юм бэ гэж эхлээд асуумаар. Энэхэн дөрвөн уулын дундаас од болдог нь даанч ичмээр биш үү. Монголчууд аль дөнгүүр содон ололтыг чамгүй олзтой байхыг үнэлэхдээ Од шүүрлээ гэсэн хэлц үгээр орлуулдаг. Тэгвэл түүнийг од боллоо гэж дуулаа юм уу. Тийм бол энэ чинь эндүүрэл шүү. Гялалздаггүй хуурмаг одууд минь ээ. Эрхэмүүд минь ингэж нэрлэгдэхээс өөрсдөө татгалзвал яасан юм бэ? Эцэст нэгэн сэтгүүлчийн Yхсэн элэнцгийн чинь од мичид хэмээн халагласныг энд давтан өчсүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button