СОНГУУЛЬ-2008 Билл Клинтон Америкийн анхны тэргүүн ноёнтой болох уу

Харин хоёр жилийн дараа энэ зай авалт нь Цагаан ордны эзний төлөө өрсөлдөгчид Yхлийн үнсэлт болж болох юм.

Дараагийн Ерөнхийлөгч хэн байх нь хамаагүй. Тэр Ж.Бушийн залгамжлагч байх нь мэдээж. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч сүүлийн найман жилд Ж.Бушийн бусад улс оронтой тогтоосон, бий болгосон харилцаатай тэр л Америк орныг өвлөж авна.

Хэн ч сонгогдсон дүндээ дүн үү

Цагаан ордонд харуул солигдсоны дараа Америкийн гадаад харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ. Бүгд найрамдах болон Ардчилсан намын дийлэнх улстөрчдийн байр суурийг харвал Вашингтон Оростой хүйтэн дайны байдалд буцаж орно хэмээн Америкийн улс төр судлаач Стивен Коэн хэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж магадгүй байгаа Жон Эдвардс, Бүгд найрамдах намын болзошгүй нэр дэвшигч Жон Маккейн нар Москваг хүчтэй шүүмжилж байгаа нь үүний нотолгоо болж буй гэлтэй. Сенатор Маккейн үнэхээр л Бүгд найрамдах намаас Цагаан ордны төлөөх тэмцэлд орох хүчтэй өрсөлдөгчдийн нэгд тооцогдож байна. Тэрээр хоёр жилийн дараа 72 хүрнэ. Ганцхан Р.Рейган л хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөхдөө л түүнээс хөгшин байсан. Ж.Маккейн сонгуульд нэр дэвшүүлэх хороогоо байгуулчихсан байгаа.

Оросыг айлгагч гол хүн гэгддэг сенатор сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд юуны түрүүнд Москва, Вашингтоны хоорондохь харилцаа цантаж, хүйтэрч эхэлнэ хэмээн үзэж байна. Ж.Маккейн Ж.Бушийг Санкт-Петербургт болох Их-8-ын уулзалтад оролцохгүй байхыг уриалж, Путиний дэглэмийг ардчиллын эсрэг хэмээн нэг бус удаа шүүмжилж, саяхан Тбилист айлчилж М.Саакашвилиг дэмжиж байв. Ж.Маккейн бол Вьетнамын дайны ахмад дайчин. Тэрээр Вьетнамд байлдаж байхдаа зургаан жил олзонд байсан бөгөөд коммунизмын эсрэг үзэл ясанд нь хүртэл шингэсэн хэмээн түүнийг мэдэх хүмүүс ярих юм билээ.

Гэвч гагцхүү Маккейн болон Вьетнамын дайны бас нэг ахмад дайчин, Ардчилсан намын сенатч Жон Керри нар Вашингтон, Ханойн харилцааг хэвийн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Керри, Маккейн хоёр ямар сайндаа олзны америкуудыг хорьсоор буй нууц шорон байхгүй гэдгийг нүдээрээ үзэхийн тулд Хошимины бунханы дор байдаг хонгил, агуйн сүлжээг өөрсдийн биеэр шалгаж байхав. Yүний дараа тэд тэр үеийн Ерөнхийлөгч Б.Клинтонд захидал бичиж, Вьетнамтай харилцаагаа хэвийн болгохыг санал болгосон юм. Yүгээр нь ч болжээ.

Торгуулийн дайн хамгийн аюултай нь биш

Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх сонирхлоо илэрхийлсэн бас нэг бүгд найрамдахч бол Нью-Йоркийн мэр асан Рудольф Жулиани юм. Сонгуулийн жилд тэрээр дөнгөж 64 нас хүрнэ. Тэрээр Нью-Йоркийг удирдаж байхдаа гудамжны гэмт хэргийг хазаарлаж, 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа самбаатай байж, аврах ажлыг явуулж чадсан төрийн цорын ганц төлөөлөгч байж чадсанаараа нэрд гарсан ажээ. Руди гурван жилийн өмнө хоёр дахь удаагаа гэрлэсэн ч консерватив үзэл санаанд үнэнч байдаг бүгд найрамдахчуудын дунд алдар хүндтэй нэгэн юм. Гэвч түүнд сул тал бий. Нэгдүгээрт, тэр мафитай холбоотой тухай яриа байдаг. Хоёрт, сүүлчийн сонгуульд Руди Ж.Бушийг хэтэрхий их дэмжиж байсан билээ.

Оросуудтай сөргөлдөх туршлага Жулианид бий. Нью-Йоркийн эрх баригчид олон жилийн турш НYБ дэх Оросын дипломат төлөөлөгчидтэй торгуулийн дайн явуулсан. Оросын дипломат ажилтнуудын автомашинууд зогсоолын дүрэм зөрчлөө хэмээн тавьсан торгууль олон сая долларт хүрсэн юм. Гэвч Руди Ерөнхийлөгчөөр сонгогдвол автомашины буруу тавилтын улмаас үүссэн дайныг өөр фронт руу шилжүүлэхгүй биз.

Хамтын ажиллагаа юу, сөргөлдсөн тэмцэл үү

Хоёр жилийн дараа ардчилагчид ялалт байгуулбал яах вэ. Дээр дурдсан сенатч Ж.Эдвардс энэ оны эхээр Оросын буруу зам гэдэг илтгэл тавьж шуугиан тарьж байсан. Тийшээ яваагүй Орос-ын тухай илтгэлийг тэрээр гадаад бодлогынхоо дүр төрхийг бий болгохын тулд захиалсан гэдэг. Магадгүй сонгууль дөхөхөөр Оросын асуудал гол хөзөр болж болно шүү гэж хамтран зүтгэгчид нь сануулсан байх. Гэвч Ж.Эдвардс Ерөнхийлөгч болбол Кремлийг хатуу шүүмжилсэн хэвээр үлдэх үү. Орос, Америкийн харилцаа ойрын 2-3 жилд хамтын ажиллагаа болон сөргөлдөөний хослол дээр суурилна хэмээн Орос судлаач Чарльз Купчан хэлж байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Америкийн бодлогыг илүү прагматик болгоно. Ж.Бушийн засаг захиргаа Америкийн түүхэнд хамгийн их үзэл сурталжсан удирдлагын нэг байсан. Ирээдүйн Засгийн газар юуны түрүүнд Оростой стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэдгийг сайтар ойлгох байх хэмээн Ч.Купчан нэмж хэллээ.

Америкийг эмэгтэй хүн удирдаж болох уу

Саяхан болтол боломжгүй хэмээн үздэг байсан асуудал өнөөдөр америкуудыг гайхуулахаа больжээ. Эмэгтэйчүүдээс улс орны лидерийн албан тушаалд өрсөлдөх гол хүн нь Хиллари Клинтон юм. Хиллари бол маш эвгүй нэр дэвшигч хэмээн Стивен Коэн үзэж байна. Нью-Йорк мужийн сенатч одоогоор Ерөнхийлөгчийн сэнтийний төлөө өрсөлдөх сонирхлоо албан ёсоор илэрхийлээгүй байна.
Орос улс хатагтай Клинтоноос юу хүлээж болох вэ. Ямар ч байсан тэр Ерөнхийлөгч болбол нөхрийнх нь баримталж байсан Оросын бодлого сэргэнэ хэмээн үзэж байна. Саяхан Хиллари уламжлалт Оросыг хэн алдсан бэ гэдэг асуулт тавьж Ж.Бушийн Оросын талаархи бодлогыг тодруулсан юм. Ж.Буш 2000 онд Цагаан ордон руу явж байхдаа мөн ингэж асууж байсан билээ.

Бүгд найрамдах намаас хэн Хиллариг сөрөн зогсч чадах вэ. Хиллари нэр дэвшвэл нөгөө талаас бас эмэгтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх хэрэгтэй гэж үзэх хүмүүс байна. Энэ тохиолдолд Ж.Бушийн засаг захиргаанд нэр нөлөөгөө үлэмж бэхжүүлж чадсан өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс яригдаж байна. Хар замбага хочит К.Райс хэзээ ч гэрлэж байгаагүй нь нэлээдгүй чухал нөхцөл байдалд тооцогдож байгаа аж. Түүний хувийн амьдрал ихэд бүрхэг. К.Райс чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглож, уран гулгалтаар хичээллэдэг зэрэг мэдээлэл гарахаас тэр энэ залуутай болзлоо, тэр залуутай явж байна гэдэг мэдээлэл огт байдаггүй аж. Тиймээс К.Райс Ерөнхийлөгч болбол хэвлэлийнхэн түүний энэхүү сул тал-ыг дүүртэл бөмбөгдөх нь мэдээж. Тэгэхээр сенатч Хиллари Клинтон Америкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох магадлал тун өндөр байна.

Нэр дэвшиж болзошгүй байгаа хүмүүсийн дотор тэрээр хамгийн их нэр хүндтэй байгаа юм. Хоёр жилийн дараа цагтаа Цагаан ордныг найман жил эзэгнэж байсан Билл Клинтон ордондоо дахин буцаж ирж, АНУ-ын тэргүүн ноёнтон хэмээн албан ёсоор дуудуулж болзошгүй байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button