Хайр сэтгэл ба дур хүсэл

Ертөнцийг газар дэлхий юм уу, наран дээрээс ажиглаж харахад өөр өөр үр дүн гарах болно. Бүх хүмүүс Нар гарлаа, нар шингэлээ гэж ярьцгаадаг. Тийм ээ энэ зөв, гэвч бас худлаа. Газрын гадарга дээрээс харахад энэ бол зөв. Өөрөөр хэлбэл дэлхий төвт системийн үүднээс энэ нь худлаа билээ. Хүн болгон амьдралыг газар дэлхийн хүрээнд авч үздэг, энэ нь ч зөв. Тэд мөнгө олох хэрэгтэй, цэнгэл зугааг эдлэх хэрэгтэй хэмээцгээдэг. Харин амьдралыг Тэнгэрлэг хүрээнээс харсансан бол юм бүхнийг өөрөөр авч үздэг болно. Энэ нь хайр сэтгэл, дур хүслийн асуудлын мөн чанарыг өөрөөр төсөөлөх боломж өгдөг юм. Эхлээд харахад хайрыг дур хүслээс салгахад бэрх мэт санагддаг. Хүнээр дамжин энерги хэлбэрээр илэрч буй бүх зүйл үндсэндээ нэгэн хэлбэрт энерги мөн бөгөөд харин дайран гарч буй дамжуулагчаасаа шалтгаалан янз бүрийн үр дагавартай байдаг байна. Цахилгаан гүйдэл бол мөн чанар нь хараахан танигдаагүй байгаа энерги болох бөгөөд өөрөө гэрэл биш атлаа чийдэнгийн гэрэл болж илэрнэ. Халаагчаар дамжихдаа дулаан, соронзоноор дайрч гараад цахилгаан соронзон үзэгдэл, сэнсээр дамжин илрэхэдээ хөдөлгөөн болж хувирдаг. Яг үүн лугаа хүний ямар эрхтнийг дайрч гарч байгаагаасаа шалтгаалаад янз янзын шинж чанартай болдог өвөрмөц сансрын хүчин байдаг байна. Энэ хүчин тархиар дамжихдаа ухаан, эргэцүүлэл болж, наран сүлжээ буюу харааны төвөөр гарахдаа сэрэл мэдрэмж, эцэстээ бэлэг эрхтнээр дамжин эсрэг хүйстэнд татагдах шохоорхол болж хувирдаг боловч, энэ нь ямагт нэг л энерги юм.
Тэгэхээр бэлгийн энерги дээрээс ирдэг бөгөөд бэлэгсээр гарахдаа мэдрэмж, дуршил, ойртох хүсэл төрүүлнэ. Эдгээр үзэгдлүүдэд ямар ч хайр байхгүй байж болно. Амьтдын хувьд тийм л билээ. Жилийн тодорхой улирлуудад тэд нийлдэг ч хайрлаж, дурласнаараа үүнийг хийдэг гэж үү. Амьтад бие биеээ тасар татан хаяж, шавьжнууд жишээлбэл зарим төрлийн аалзнуудын эмэгчин нь эрэгчнээ идэцгээдэг билээ. Хайрласандаа тэр үү, үгүй энэ бол цэвэр дуршил юм. Хайрын сэтгэл нь тэр энерги зүрх, тархи, сэтгэл, сүлд тэнгэр зэрэг хүний бусад төвүүдийг зэрэг хөндөж буй нөхцөлд эхэлдэг. Яг л энэ үеэс шохоорхол буюу энэхүү хэн нэгэнтэй ойртох хүсэл нь бодол санаа, сэрэл мэдрэмж, гоо зүйн таашаалаар баяждаг. Энэ тохиолдолд өрөөлийг үл хайхарч өөрийнхөө дурыг л хангах гэсэн аминчхан хандлага гарахгүй. Хайр дур хүсэл байдаг юм гэхэд, өргөжин тэлсэн ухаалаг шинэчлэгдэн боловсорсон дуршил билээ. Хайр нь тоочин хэлж, ангилж, төрөлжүүлэх ч боломжгүй тийм олон шат илрэлүүдтэй байдаг.

Жишээлбэл ямар нэг эр хүн залуу сайхан эмэгтэйг хайрладаг боловч, эмэгтэй нь бие махбодийн талаар түүнийг татдаггүй байх нь бий. Энэ бүхнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь зөвхөн дуршил биш төдийгүй хайр бөгөөд хайрын дээд шат болно. Харин энэ хайранд бага зэргийн дур хүсэл орсон байж болох бөгөөд, учир нь яагаад энэ эрэгтэй өөр нэгэн хөгшин муухай царайтай эмэгтэйтэй харьцахгүй байгаа вэ гэсэн асуулт тавьж болох юм. Тиймээ хэрэв шинжилж эхэлбэл, ядаж багахан хэмжээний дуршил илэрнэ.
Дуршил хайр зөвхөн түвшний тухай асуудал биш. Хэрэв зөвхөн бие махбодийн бүдүүлэг сэрэл мэдрэмж дээр гацчихгүй бол энэ дээд түвшний хайрын илрэлүүд таныг хэрхэн эзэмдэн авч буйг мэдэж болно. Гэвч хүслээ хангачихаад бие биеээ хаяж оддогоор барахгүй бие биедээ дайсан болцгоодог хичнээн хүмүүс бий билээ дээ. Тэдний хувьд хөвчрөн хуралдсан хүслээсээ хурдхан шиг салах л чухал бөгөөд үүнийхээ дараа хэсэг хугацаа өнгөрөөд энэ энерги дахин хуримтлагдангуут ахиад л найланхай нялуун болцгоодог нь адгуусны тачаалаа шинээр хангах ганцхан зорилготой байдаг мэт.
Энд чинь ямар юмны хайр сэтгэл байхав дээ, хэрэгцээ хүсэл гэж бий, энэ бол хэвийн ялангуяа залуу цагт бол жирийн үзэгдэл. Бүгдийг урьдчилан харагч байгаль эх үүнийг үе удмаа залгуулахад зайлшгүй гэж үзжээ. Хэрэв эрэгтэй эмэгтэйчүүд бие биедээ хүйтэн хөндий эдгээр зөн совин (инстект) импульсээс чөлөөтэй ангид байсан бол хүн төрөлхтөн сөнөчихсөн байгаа. Тэгэхлээр байгаль адгуусан амьтдыг ойртон нийлэхэд түлхэц болж өгдөг юм байна. Гэвч хайр бол түүнээс тэс өөр зүйл билээ. Дуршил бол хүнийг зөвхөн өөрийн хүслийг хангахыг эрэлхийлэхэд түлхдэг, цэвэр аминч хандлага агаад өрөөлийн тухай боддоггүй ганц л өөрийн тааллыг гүйцэлдүүлэхийг чармайдгаараа балмад юм.
Тэгвэл жинхэнэ хайр, өрөөлийн жаргалыг юуны түрүүнд тавьж, бусдад тусалж, авъяас чадварыг нь хөгжүүлж цэцэглүүлэхийн төлөө өөрийн цаг хугацаа хүч чармайлт мөнгө төгрөгөө золиослох дээр тогтдог юм.
Бэлгийн амьдрал нь хүн гэдэг амьтан өрөөлийн сайн сайхны төлөө өөрөөсөө таслан өгөх чадалтай болох үед буюу хайр сэтгэл дуршлын дээр ялан мандахад л сая эхлэх учиртай. Та өөрийн гэсэн аль ч бай зүйлээсээ хагацах чадваргүй бол энэ бол хайр сэтгэл биш. Эр хүн бүсгүй хүний хойноос хөөцөлдөхдөө түүнд учруулж болохоор гамшгийнхаа тухай боддог билүү. Үгүй, тэр өөрийн адгуусны цангааг тайлахын тулд хүүхнийг алахад ч бэлэн байдаг.
Дур хүсэлд байдаг ганц сайн зүйл нь гэвэл удам залгуулахад чиглэгдсэн байдаг. Хэрэв дур хүслийг зугаалж цэнгэхэд чиглүүлбэл үр дүн нь бузар шавхай юм. Өнөө цагт энэ хүрээнд сэтгэлд багтамгүй зүйлс их хийгдсэн. Мэдээж хэрэг дуршил өдөөдөг үрлэн эм, бэлгэвч болоод маш олон тооны бүтээгдхүүн зарагдаж байгаа, би тэдгээрийг нэрлэхийг хүсэхгүй байна. Энд үр удам залгуулах тухай биш, гагцхүү дураа хангах л асуудал яригддаг. Би эдгээр зүйлс байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудлыг авч үзэхгүй. Яагаад гэвэл хүний дорд байгалийн адгуусны шинж чанар хэвээр байгаа бөгөөд хэрэв гарч ирэхэд нь саад хийвэл улам их жигшим үзэгдлүүдийг төрүүлж болох юм. Тэгэхээр би үүнийг авч үзэхийг хүсэхгүй байна. Харин ганцхан энэ энергийг хянаж зөв зорилгод, билэг оюуны үйлсэд зарцуулж ашиглахад хүмүүсийг сургахын оронд тэднийг шунал тачаалдаа живүүлэхэд хөтлөн, элдэв төрлийн бүтээгдхүүнрүү нүүж байгаад би харамсаж байнаа. Хайр дур хоёрын гадаад илрэл нь бараг ялгаагүй, тэр л дохио зангаа, тэр л тэврэлт үнсэлт бий. Ялгаа нь энергийн урсаж буй чиглэлд оршдог. Хэрэв таныг зөвхөн дур удирдан буй тохиолдолд та өрөөлийн тухай анхаарал тавихгүй, хэрэв та хайрлаж байгаа бол түүнийгээ хэрхэн жаргалтай болгох вэ гэж бодно. Тэгэхлээр дур ба хайр гаднах илрэлээрээ нэг их ялгаагүй ч үл үзэгдэх сэтгэлийн, оюун билгийн хүрээнд л зөвхөн ялгаа нь гарна. Яаж тэр вэ? Чухам үүнийг л би та нарыг ойлгоосой хэмээн хүснэм.
Хүн төрөлхтний бүх л зовлонгийн эх үүсвэр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дурлалцах дорд хэлбэрт байдаг. Тиймээс нийгмийн чанартай тахал, өвчнүүд нь хайрыг адгуус мэт муйхар, гоо сайхны таашаалгүй аймшигтай гүйцэтгэдэгээс үүдэлтэй.
Хэрэв таны хайр сэтгэлд мөнх амьдрал, мөнх хутаг, цэвэр ариун байдал, гэрэл гэгээ агуулагдсан бол өөрийн чинь хайраа өгсөн хүн, таны хүчинд өөдлөн хөгжиж буй аваас энэ бол үнэхээр хайр буюу. Харин хайрлуулсан хүн чинь сэтгэлийн дарамтанд орсон байвал та өөрийн мэдрэмжийн чанар чансаа хир билээ гэдэг асуулт өөртөө тавьж Би энэ амьтныг сүйтгэчихэж, урьд хичнээн сайхан байлаа, одоо эвдэрхий балгас мэт болжээ гэж бодох ёстой. Та хэтэрхий бардам байх хэрэггүй, өөрийн алдааг засах аргыг эрэн хайх ёстой. Таны хайр сэтгэл хүнийг өөдлүүлэх ёстой агаад, өөрийнхөө дотны хүнийг, хайрын чинь хүчээр цэцэглэн буйг харсан цагт л та аз жаргалтай байж болох юм. Чингээд түүндээ туслан, сахин хамгаалж чадсныхаа төлөө өөртөө талархаарай.
Гэвч хүмүүс ингэдэггүй бөгөөд хайртай, хайртай л гэж яриад байдаг. Тийм ээ, би таны хайрлаж буйг мэднэ, гэвч та тэр хүнээ саванд хийлгэн чанаж идүүлдэг тахианы дэгдээхэй адил санадаг. Та түүнийг хайрлаж байгаа ч залгиж орхино. Ингээд л гүйцээ. Үгүй ээ, хайр хэзээ ч бусдыг залгиж, эвдэн сүйтгэх ёсгүй. Миний ойлгож буй хайр нь одоогийн боловсорч гэгээрээгүй олон нийт, залуучуудын төсөөлдгөөс тэс өөр болохыг та бүхэн харж байна. Хүмүүс хайрлаж чаддаггүй. Олон хүн ариун нандин, гэгээн хайрыг энэ бол боломжгүй зүйл гэж бодоод түүнд итгэж, түүн рүү тэмүүлэх ямар ч оролдлого хийхгүй гэж шийдэцгээсэн байдаг. Үгүй ээ, энэ бол болох л зүйл.
Яагаад бодит байдал миний та нарт хэлж байгаатай адилгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарах хэрэг гардаг вэ? Би дур хүсэл бол бодит байдал гэдгийг эсэргүүцэхгүй. Гэвч яагаад хүн заавал энэхүү доод бүдүүлэг бодит байдал дээр гацах ёстой юм бэ? Бүр илүү өндөр, өөр түвшний бодит байдал байдаг шүү дээ. Тэд өөрсдийг нь өдөөж байх гэгээлэг болгоныг үл огоорон, үл хайхарч адгуусны хэмжээнд ортлоо доош унан, дараа нь бүр балран сэтгэлийн өвчинд сэглүүлдэг. Энэ аргагүй. Тэдний хайр зөвхөн хэдхэн минутын хооронд сайхан байсан дараа нь үнс хог л үлдээжээ. Тэд маш сайхан байсан гэдэг. Тийм ээ, байсан гэвч цааш байхгүй болсон, тэр нь багахан хугацаанд үргэлжлээд алт нь хар тугалга болон хувирчээ. Гэтэл тэнгэрлэг хайр мөнхөд алт хэвээрээ үлддэг, түүнийг юу ч устгаж дийлдэггүй билээ.
Та өөртөө дорд зуршил агуулж байгаа бол түүнийгээ хангах шаардлагатай гэлээ ч энэ таныг сайжрах боломжинд итгэх итгэлд чинь саад болох учиргүй. Та өөрөө тэнгэрлэг дээдийн ялгуулсан эрмэлзлүүдийг хөгжүүлбэл талаар нэг тарааж орхисон хайрын дусал төдийхнөөр хооллож түүнийг олж авахын тулд өчнөөн урам хугаран гонсойж, зовлон туулах ёстой байсан бол одоо та сансрын хайрын далайд сэлэх болно. Сансрын хайрын энэхүү далайд та дураараа цэнгэж болох ба танд бусдаас хайрын дусал хулгайлах гэж явах шаардлагагүй болно.

Тийм шүү, хориотой, гэм хортой гэж мэдэх тусам чивэлт хүний сэтгэл нь улам хангалуун болдог. Тийм үү, үгүй юу гэдгийг би авч хэлэлцэхийг хүсэхгүй байна. Гагцхүү сексийг /эр эмийн харьцааг/ гутааснаар энэ асуудлыг нэг тийш болгон шийдвэрлэж хэзээ ч чадахгүй. Түүний оронд асуудалд өөрөөр хандвал та бүхэнд тус өөрөө ирнэ. Эрчүүд ба эмэгтэйчүүдийн энэ асуудалд хандах харьцааны хэлбэр янз, өөрсдийгөө хэрхэн тусгаж байгаад л дур хүслийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц шийд оршино. Хамаг замбараагүй самуун явдлын шалтгаан нь эрчүүд эмэгтэйчүүдийг, хүүхнүүд эрчүүдийг яаж ойлгож хүлээж авахаа мэддэггүйд байдаг. Хэрэв эр хүн бүсгүй хүнийг эмэгчин амьтан төдий садар самуун эм, дур хүслээ хангах объект төдий ойлгодог бол үүгээрээ өөрийн зан байдлыг тодорхойлж, хамаг шунал тачаалаа дураар нь тавих болно. Хэрэв эмэгтэй хүнийг тэр ариун нандин шүтээн шиг үздэг бол, түүний сэрэл мэдрэмж зан авир ч өөрчлөгдөнө. Тийм ээ, юмс үзэгдэл нь тэдгээрийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалан янз янз, өөр өөр болдог. Хайр дурлалынхаа хэлбэрийг болоод хайрласан хүнээ ойлгох арга маягийг өөрчлөлгүйгээр, хайр дурлалын хэлбэрийг хувьсгаж болно гэж сэтгэцгээдэг. Үгүй ингэх боломжгүй, харин та нөгөө хүний хүртэж ойлгох арга барилыг өөрчилснөөрөө эргээд өөртөө, өөрийнхөө дур зуршилдаа, сэрэл мэдрэмж, хайр дурлалынхаа илэрхийлэлд нөлөөлдөг. Энэ үзэл бол бүхэл бүтэн гүн ухааныг агуулж байдаг юм.
Харин одоо хүмүүс бусдыг өөртөө татаж заншсан арга дээр тогтож ярья. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ерөөсөө хүн гэдэг амьтан бардам ихэмсэг занг нь хөгжөөн хөөргөж, цаасан малгай өмсгөн магтаж зусардан, товчоор хэлэхэд бие хүнийг нь хөндөх ёстой, тэгэхгүй бол бид юу ч олж долоохгүй. Эрэгтэй эмэгтэй хүний аль аль нь энэ асуудлыг яаж барьж авахаа мэддэг агаад, дохио зангаа, үг яриа, бэлэг сэлтээр нөгөө хүндээ чухамхүү бие хүний нь хувьд хандаж харьцдаг. Харин хайрласан хүмүүсийнхээ хамгийн тэнгэрлэг, туйлын сайхан, гэрэл гэгээт, төгс төгөлдөр шинж чанарыг сэргээн, инээмсэглэл, үг, харцаараа тэжээн бадраах тухай ярихад хүрэх юм бол ч. Даанч тэд юу ч чаддаггүй. Тэгвэл өөрсдийнхөө дорд хэрэгцээг хангахад туслах бүхнийг өдөөж, тайлахдаа маш сурамгай билээ. Тийм шүү, хүний хайр одоохондоо адгуусны зөн совин тачаангуй хэлбэрээр илэрч буй бөгөөд гайхамшигтай яруу сайхан, утга уянгын элемент тунчиг ховорхон баригдахаар байгаа юм. Одоо миний ярих зүйл танд хачин санагдаж болох юм. Би та бүхнийг намайг ойлгоно гэдэгт эргэлзэж байгаа боловч ямар ч байсан ярья. Хайртай хүнээ тэврээд Хайрт Баяраа минь, Хайрт Болдоо минь гэж түүндээ хэлж байгаа эмэгтэйг төсөөлж үзье. Залуугийн аминч хувь хүний чанар нь баярлан, хөөрч Ай яа энэ хүүхэн над мөн их дурлажээ гэж санахаар, тийм өнгөөр энэ үгийг хэлүүлэхийг хүсч байгааг таахад төвөггүй. Энэ замаар эмэгтэй өөрийн бүх энергийг түүний аминчхан хувь хүнийх нь ёроолгүй ангал уруу юүлж байдаг. Тэгвэл тэд хайрын мөн чанарт суралцсансан бол эмэгтэй хайртай хүнээ тэврэхдээ Миний хайрын бурхан гэж хэлнэ. Хайртай залуу нь ч бүсгүйнхээ тэнгэр хүртэл оргилон өргөгдөгч энергийн дамжуулагч болсондоо аз жаргал эдэлнэ. Хэрэв залуу эр хайртай бүсгүйгээ үнсэж байхдаа түүнийгээ Шүтээн ээж, Дарь эхийн хувилгаан гэж дээдлэх юм бол дурласан хос бие биендээ хичнээн ариун нандинаар хандах вэ?

Бие биенээ зөв нүдээр харах асуудал илүү тод ойлгомжтой, болж ирвэл та хурьцлын асуудлыг хамаагүй илүү шийдэж чадна. Өөрийн хувийн аминч зуршлыг зөнгөөр нь тавьсан хүн өөрийн бэлгийн дур хүслийг захирах жолоогүй болдог. Энэ нь хүний бүх эрхтэн өөрөөс нь үл хамааран ажиллаж, хүн өөрөө зогсоож удаашруулж яагаад ч чадахгүй болсонтой зүйрлэж болох хэрэг юм.
Хайр сэтгэл бол нээлттэй, бүх агуу зүйлсийн дотроос хамгийн том нь боловч бид хайрыг маш муу мэддэг, түүнийг эрэгцүүлэн ойлгохыг оролдохгүйгээр түүнд автацгааж байдаг. Тиймээс ч бид ямагт замаасаа хазайж аз жаргалгүй болцгоодог. Хайр дурлалын асуудал ойлгогдон шийдэгдээгүй нөхцөлд, шинжлэх ухааны хамгийн гайхамшигт нээлт байгаад ч хүн төрөлхтөн золгүй явдлуудаас ангижирч чадахгүй.

Дүгнэлт Дэлхийн ДОХ-ын эсрэгт өдөрт хандан энэ бүгдийг бичсэн бөгөөд бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсон бэлгийн амьдралыг зөвөөр удирдан чиглүүлэхэд энэхүү сэдэв туслах байхаа. Бидний амьдралд үй түмэн зөрөлдөөнтэй ойлголтууд байдаг. Би мөн ганц нэг жишээг дурьдмаар байна.

1. Бидний ихэнх нь нууц амрагтай байхыг хүлээн зөвшөөрдөг. Магад нэгэн өдөр миний дутагдаж буй орон зайг эхнэр, нөхрөөс минь өөр хэн нэгэн нөхөхөөр оролдвол хүлээн авахад болохгүй нь юу байхав гэж бодож байгаа хүн ч байгаа. Гэвч хүн та Би өөрийнхөө эхнэрийг (нөхрийг) өөр хүнтэй хуваалцахыг хүлээн зөвшөөрөх үү хэмээн өөрөөсөө асуугаад үз. Хариулт нь ямар байгааг та мэдэж байгаа. Тэгвэл би ч мөн адил өөртөө шударга хандах хэрэгтэй бус уу?
2. Таны олон жил хүсч, харж мөрөөдөж ирсэн эмэгтэй тань таньтай уулзахыг, бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрчээ. Гэхтээ та түүнийг ДОХ-ын халдвартай гэдгийг нь санамсаргүй мэдчихэж. Ийм тохиолдолд та бэлгэвч найдвартай хэмээн итгэж, хүсэн хүлээж байсан зүйлээ хүртэхэд бэлэн гэж үү? Хариулт нь таных.
3. Өнөөгийн нийгэмд охин шигээ, хүү шигээ хүнтэй харилцдаг, өөрийн давуу талдаа дулдуйдан бэлгийн харилцаанд орохын тулд элдэв арга хэрэглэж байгаа олон хүн бий, харин тэд өөрийнх нь булбарай, энхрий охин, хүүг хэн нэг нь мөн адил тэгж уруу татахыг хүлээн зөвшөөрөх бол уу?
4. АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон сонгуульд өрсөлдөхдөө унах болсон шалтгаан нь Моника хэмээх бүсгүйтэй орооцолдсон явдал байсан. Хүмүүс үүнийг зүй бус байж боломгүй хэрэг гэж үзсэн. Үнэхээр байж боломгүй зүйл. Гэхдээ зөв, байх ёстой, хүслэнт хэм хэмжээ гэдэг зүйл зөвхөн удирдагчдад, тэр тусмаа хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд байдаг хэм хэмжүүр биш. Энэ нь миний ч амьдралд байх ёстой хэм хэмжүүр. Хэрэв би Жон Кеннидигийн буруу гэж бодож байгаа бол миний түүнтэй адил үйлдэл ч гэсэн буруу гэсэн үг. Та үүнийг юу гэж дүгнэж байна?

Энэ эрин үе дэлхийд урьд хожид байгаагүй хамгийн их сексээр амьсгалж байгай нийгэм болоод байна.

Мөн энэ саналыг зөвхөн ДОХ-той холбоотой учраас бичсэн биш юмаа, энэ нийгэм чинь охин шигээ бүсгүйтэй нохой мэт явалддаг, ах нь дүүгээ шүлэнгэтэн хардаг, дарга нь ажилтанаа эрх чадлаараа дарамталан хүчирхийлдэг, сурагч нь багшаа өдөөн хатгадаг эх захаа алдсан тийм завхай, ёс суртахуун, үнэ цэнээ алдсан нийгэм болоод байна.
Та ийм нийгэмд амьдрахыг хүсч байна гэж үү? Таны үр хүүхэд ийм нийгэмд өсөж, өндийгөөсэй, энэ олон асуудалтай тулан сөгдөөсэй гэж хүсч байна гэж үү? Үгүй бол таныг бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна.

Эцэст нь хэлэхэд нийгмийн тахал болсон ДОХ-ын аюул бол эмх журамгүй, ухаан болчимгүй байсны, дур хүслээ хангахад улайран завхайрсны үр төлөөс, шийтгэл хэмээн дүгнэж байна. Бид өөрсдийн сэтгэл зүрхийг тэнгэрлэг, ариун нандин хайр өөд хөтлөх учиртай.

Та энэ талаар саналаа дараах майлээр илгээж болно.

Таныг хүндэтгэсэн Тайван.

/Оюуны Эрэл Оюутны Холбоо, http//www.leader.mn ,taiү[email protected]/

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button