Эрх чөлөөтэй байхын тулд хуульд захирагдах ёстой

Yе үеийн ахмад болон залуу хуульчдыг эгнээндээ нэгтгэсэн Хууль зүйн албаныхан өчигдөр ойн баяраа нижгэр тэмдэглэсэн бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төр засгийн удирдлагууд хүрэлцэн ирж баяр хүргэн, амжилт хүссэн юм. ХЗДХ-ийн сайд Д.Одбаяр баярын хурлын илтгэлдээ, Хууль зүйн алба нь өөрийн үүсэл хөгжлийнхөө түүхэнд эх орондоо эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, улс орноо хөгжүүлэх эрхзүйн үндэс бий болгох үйлсэд ард түмэн, төр засагтаа зохих ёсоор үнэлэгдсэн нэр хүнд бүхий алба болон хөгжиж байгааг онцлоод эрх зүйн шинэтгэлийн нэгдүгээр үе дуусч хоёр дахь үе эхлээд байгааг тэмдэглэн хэлсэн билээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялж, Ардын засаг тогтсон үеэс Хууль зүйн албаны түүхэн замналыг тоолдог. Манай анхны таван яамны нэг болох тус яам анх Шүүх яам нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1959 онд Шүүх яам татан буулгаж Хууль цаазын хороог байгуулсан аж. Түүнээс хойш Хууль зүй, арбитрийн яам, Хууль зүйн яам болон өөрчилж, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн яам хэмээх энэ бүтцээр ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ дүгнэн, алдаа оноогоо цэгнэсэн хууль зүйн салбарынхны хувьд энэ өдөр олон баярт үйл явдлаар дүүрэн байсан гэж хэлж болно. Ялангуяа төрийнхөө хишгийг хүртэж, одон медалиар энгэрээ мялаасан хүн олон байлаа. Энэ өдөр 138 хүн төрийн одон медаль хүртсэн бол 125 хүнийг салбарын шагналаар шагнаж урамшуулсан. Тухайлбал, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Зина, тус газрын Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн М.Төрбаяр нарыг Алтан гадас одонгоор, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол, тэмдгээр ЦЕГ-ын дарга, хурандаа М.Ганболд, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Найманжин нарын 34 хүн, Цагдаагийн алдар хүндэт тэмдгээр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нарын гурван хүн, мөн тус яамны Хүндэт жуух бичгээр 20 гаруй хүнийг тус тус шагналаа. Монгол Улсад хууль зүйн алба байгуулагдсаны 85 жилийн ойн арга хэмжээнд БНУУ-ын Цагаачлалын албаны дарга Жужанна Вег тэргүүтэй, ОХУ-ын Дотоод хэргийн яамны их сургуулийн орлогч дарга Б.Н.Барикаев тэргүүтэй хөрш орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Ойн баярын үеэр ХЗДХЯ, Хууль Зүйн үндэсний төв, нээлттэй Академитай хамтран хуулийн салбарын эрдэмтэд залуу судлаачид, оюутан залуусыг оролцуулсан цуврал арга хэмжээг зохион явуулсан байна. Мөн залуу судлаач-багш нарын эрдэм шинжилгээний хурал, онол практикийн бага хурлыг хийсэн гээд үр өгөөжтэй олон сайхан арга хэмжээ болж өндөрлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button