Оросууд эргэн ирэхийн учир юунд юм бол оо

Монголыг ийнхүү эргүүлдэх болсны учир юунд байна. Ах дүүгийн харилцаатай гэгдэж байсан тэртээх 70 жилийн туршид ЗХУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүнүүд тоотой хоёр, гуравхан ирсэн байдаг. Манай эрх баригчид л жилд хэдэнтээ очиж цагаа тааруулж, чин үнэнчээ илэрхийлж байсныг эс тооцвол нааш зүглэх хүн олддоггүй байсан гэлтэй. Юманд учир суманд занги гэгчээр энэ жил чухам юу болоод байна вэ.
Урд хөршийн хурдан хөгжил хийгээд ойр орчим дахь нөлөөлөл нь эрс нэмэгдэж байгаагаас жийрхэж, алсдаа хэрэг болох завсрын бамбай эсвэл полигон эрэлхийлэх замдаа гарав уу ах нар маань. Алсын АНУ Монголын гурав дахь хөрш болох аяс юм бодогдуулав уу.
Өөрийнх нь Сибирь, Алс Дорнодын их баялаг нь хөрсөн дороо хөндөгдөөгүй шахам байхад манайх руу ийнхүү сандчин давхихийн учир юунд бол оо.
Эхнэрээ хөсөр хаяад одсон эр лугаа 20 шахам жилийн тэртээд Монголыг чухамхүү элгээр нь мөлхүүлээд хаясандаа гүнээ гэмшиж эргэж ирж байгаа юм болов уу. Гэсэн атлаа Монголын хөгжилд үнэхээр нэмэр болох том төслүүд /Орос Хятадыг холбох нефть, хийн хоолой хийгээд өндөр хүчдлийн шугам, авто зам зэрэг/ манайхыг тойроод оддог нь хачирхалтай.
Одоогийн Оросын бизнесмэнүүд бол 20 жилийн тэртээх ширээ дэрлэсэн архичин коммунистууд огт биш. Овсгоо, сүйхээтэй, оготонын нүхээр ороод гарахаар шижигнэсэн залуу новые русские-нууд. Салан задгай, орд баялгийнхаа хаана, юу байгааг сайн мэдэхгүй, түүнийхээ багцаа хэмжээг тооцох чадвар дульхан бас тэгээд авах авилга хахууль нь хямд төсөр Монголд орж ирэхээр гар нь загтнаад байгаа юм биш үү. Монголыг бүхэлд нь бужигнуулж буй Алтан дорнодын-хноос хол давж гарахаар мэргэшсэн, суусан газраасаа шороо атгадаг олигархи оросууд байгаа даа мэдээж.
Олз ашиг хайсан бизнесийн бүлэглэлүүд засаг төрд ноёлж, төрийн дархлаа сульдаж, улс орноо гэх халуун эх орончдоор хомсдож, гачигдаж байгаа ороо бусгаа энэ цаг үетэй давхцдаг нь юу ч билээ. Аль эсвэл зориуд сонгон чоно борооноор гэгч болж байгаа юм болов уу.
Монголын төмөр зам, Эрдэнэт, шатах тослох материал, цахилгаан эрчим хүч зэрэг олон зүйлээр бүрэн хараат манийгаа оросууд ханцуй дотроо бараны гэж гоочлох агаад энэ нь сайнаар бол гэнэн хонгор, саараар бол халаасных хялбархан ардууд ч юм билүү бид. Хонь малтай зүйрлэсэн хоч нэр өгч байхыг бодоход. Дээрхээс үүдсэн Монголия не заграница яйцо не курицы гэх шоглох, басамжлахын завсрын яриа өнөө хэр амь бөхтэй хэвээр.
ЗХУ/Оросыг 70 жил бараадаад Монгол хоцрогдсон хэвээр шахам үлдэхэд, капиталист Америк, Японоор чиг авсан Солонгос, Зүүн өмнөд Азийн орнууд богино хугацаанд /30 гаруй жилд/ үсрэлт хийж, Азийн барууд болсон хачин агаад этгээд туршлага бий. Малайз,Тай-чуудаас лав монголчууд маанаг байгаагүй, ЗХУ-Орос менежмент л буруу байснаас 90 гаруй жил өнөө хүртэл ингэж хоосон ядуу үйлээ үзэж зовж байх шиг. Гэхдээ капиталисжиж буй Орос оронтой түншлэх нь урдын ЗХУ-аас огт өөр байх нь гарцаагүй л дээ.
Монголын ирээдүйтэй том уурхай, баялгийн салбарт хойд ахтай бэл нийлүүлж, хөрөнгө хоршиход юу нь муу байхав. Yнэхээр эрх тэгш агаад, хоёр талдаа л ашиг орлого нь жигд байх аваас…
Чингэхдээ, Монгол Улсыг Өрнөд-Дорнодтой холбох авто, төмөр замын хэвтээ, босоо тэнхлэг гэх мэт дэд бүтцийн ч юм уу зэс, цайрын эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийн том төслүүд дээр хоёр хөрш маань бэл нийлүүлэн ханцуй шамлан орж ирвэл маньд төдийгүй ОХУ, Хятадад өөрсдөд нь хожмын өдөр илүү хэрэгтэй баймаар даа.
Монголд хөрөнгө бэл оруулж нэвтрэн ирэхээсээ өмнө оросын тал гаалийн өндөр татвар, виз, чирэгдэл, хүнд суртлыг багасгах тохиролцоонуудад хүрч иймэрхүү асуудлуудаа эхлээд шийдвэл урагшлах зам улам тодорхой болох агаад өлзийтэй баймаар.
Энд хайхралгүй орхиж боломгүй нэг зүйл гэвэл, манай Ерөнхийлөгчийг Москвад очихын урдхан бидний мах цусны тасархай гэгдэг Агийн Буриадын тойргийг хажуугийн Эрхүү мужид урвуулан нэгтгэдэг нь бас юу ч билээ. Ирэх онд буюу хэдэн сарын дараа Агийн Буриадын зэргэлдээх бас нэг буриадын өөртөө засах Уст ордын тойрог Чита мужид уусан газрын зургаас мөнхөд арчигдах цондон нүүрлээд байгаа билээ.
Монголын хойд хил орчмын уугуул үндэстний нэр хаяг гээгдэн алга болсоор. Монгол-Буриадын автономит улс нэрийнхээ монгол гэсэн эхний овог 1950-иад онд алга болж, яван явсаар эцэс сүүлдээ өнөөдөр Буриад хэмээх нэр алдар ч гээгдэхэд хүрээд байна уу даа, хөөрхийс.
Төрийн тэргүүн маань дороо суурьтай, дотроо бодолтой Москвад буухгүй бол ч урдын гэнэн хонгор зангаараа ахаа гэж яаран тэврэлдэх юу л бол.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button