Цоорхой хуулийн гайгаар албан тушаалаасаа огцорчээ

Тэртээ социалист нийгмийн үеэс yг орд газрыг өргөн далайцтайгаар ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орныхоо эдийн засаг ард иргэдийн амьдрал ахуйг өөд нь татах гэж манай үе үеийн удирдагчид хичээж ирсэн хэдий ч тэр үеийн цагийн байдал ялангуяа, гадаад нөхцөл байдлаас уялдан амжилтанд хүрэхгүй явсаар өнөөгийн цаг үетэй золгожээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн дурсан хэлснээр бол Таван толгойн нүүрсний орд газрыг хамтран ашиглах саналыг хориод жилийн өмнөөс ах дүү социалист гэгдэж байсан долоон оронд тавиад таваас нь татгалзсан, нэгээс нь түдгэлзсэн, үлдсэн ганц нь Румын улсаас дэмжлэг авснаар дээрх санал хэрэгжээгүй орхигдоод 1990-ээд оны эхээр хойд Солонгосын удирдагч Ким Ир Сенийг Монгол улсад айлчлах үед дахин хамтран ашиглах санал тавигдаад хэрэгжээгүй хоцорчээ. Хожмоо энэ орд газрыг эзэмших эрхийг Rio Tinto, BHP зэрэг дэлхийн уул уурхайн томоохон компаниуд авсан хэдий ч эдийн засгийн ашиггүй, зам тээвэр дэд бүтэц хөгжөөгүй гэсэн шалтгаанаар лицензээ буцаан өгч, нэг хэсэг эзэнгүй хэвтэж байсан, Таван толгойн лицензийг Монголын Энержи Ресурс компани эзэмших болсон билээ. Гэтэл тун удалгүй дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ огцом өссөнөөр барахгүй гол хэрэглэгч нь Азийн хөгжингүй орнууд тэр дундаа манай өмнөд хөрш БНХАУ болж хувирсан юм. Энэ тохиолдолд зам харилцаа муутай гэж ад үзэгдэж байсан Таван толгой маань харин ч үндсэн зах зээлийнхээ хаяанд хамгийн ойрхон нүүрсний орд газар болж таарсан байна. Таван толгой дэлхийн хэмжээнд үнэд орох болсон өөр нэг хүндэтгэх шалтгаан нь уг ордоос 90-хэн км-ын зайд буюу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас Канадын Айвенхо майнз компани хайгуул хийж нөөц ашиглалтын боломжоороо дэлхийд нэг хоёрт жагсахуйц томоохон алт, зэсийн орд газар олдож улмаар дэд бүтцээ хамтран бий болгох эдийн засгийн хэмнэлттэй таатай боломж бүрдсэн юм. Тухайн үед ах дүү социалист гэгдэж байсан орнууд Тавантолгойг ашиглахаас татгалзсан нэг том шалтгаан нь бүс нутгийн дэд бүтцээ хамтдаа хийчих өөр томоохон орд газар ойр орчимд нь байхгүйтэй холбон тайлбарлаж байсан билээ. Тэгвэл одоо энэ бүхэн нэгэнт бүрдэж дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монголын Таван толгойн орд газрыг ашиглахад хамтран оролцох саналаа ар араасаа тавих болсон байна. Үүнийг дагаад манай дотоодод ч үйл явдал хурцаар өрнөж эхэллээ. Уул уурхайнхаа баялгыг үр ашигтай ашиглах тал дээр бараг иргэн бүр санаа тавьж төр засагтаа үгээ, санал бодлоо хүргэж байгаа. Доороос гарсан энэхүү санал санаачлагууд янз бүрийн арга хэлбэрээр, түүний дотор хэт туйлширсан дуу хоолой сонсогдож байгаа ч бүхэлдээ үр дүнгээ өгч эрх баригчид энэ асуудалд анхаарлаа хандуулаад байна. УИХ-аас өнөө цаг үед тохирохоо байсан Ашигт малтмалын тухай хуулиа эргэн харж, шинээр баталлаа. Байгаль орчны асуудал ч олны анхаарлын төвд гарч ирсэн байна. Энэ бүхний хажуугаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Таван толгой, Оюу толгойн алт, зэс, нүүрсний томоохон орд газруудыг сонирхон олонтаа сурвалжилсан. Энэ хүрээнд бидний хэсэг нөхөд өнгөрөгч энэ зун Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд очиж ажилласан билээ. Энэ бүс нутгаар явж байхад сэтгэл эмзэглүүлсэн зүйл маш их ажиглагдаж байлаа. Тухайлбал, Тавантолгойн орд газарт ашиглалт явуулж буй Таван толгой ХХК туйлын хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой байсан юм. Уурхайн хажууханд байх тус компанийн захиргааны байраар ороход эзгүй ерөнхий нягтлан бодох гээд нэг авгай сууж байсан юм. Зун цаг тэгээд ч уурхай байгуулагдсаныхаа 40 жилийн ойг өнөө маргаащгүй тэмдэглэнэ гэж байгаа айл аргагүй, гадуур дотуур ажил ихтэй байгаа биз гээд анзаарсангүй. Нягтлан авгай ч ажил төрлөө мэддэг нь аргагүй товч тодорхой танилцуулж билээ. Түүний яриагаар бол бүх юм жин тан, уурхай улсдаа ч аймагтаа ч, ажилчиддаа үр өгөөжтэй мундаг үйл ажиллагаатай гэнэ. Уурхайн гүйцэтгэх захирал Нэмэхбатыг сураглахад тэрээр эмнэлэгт хэвтэж сувилуулж байгаа гэв. Залуу хүн өдөр шөнөгүй ажиллаад бие нь чилээрхээ юм болов уу гэж бодлоо. Ингээд манай сэтгүүлчдийн бяцхан баг сумын төв орж хоноглоод уурхайн ерөнхий инженер Зоригтбаатарт ирсэн учраа танилцуулж уурхайтай танилцлаа. Хожим учрыг мэдвэл Зоригтбаатарыг 2005 оны наймдугаар сард Таван толгой ХХК-ын Төлөөлөн Удирдах зөвлөл хууль бусаар албан тушаал бууруулж, ерөнхий инженер болгоод оронд нь одоогийн гүйцэтгэх захирал Нэмэхбатыг томилсон байна. Хуучин даргыг тушаал буулгасан цаад шалтгаан нь Таван толгой ХХК Хятадын Пүүшин компанитай худалдаа хийсэнтэй шууд холбоотой байна. Хятадын компани Таван толгой ХХК-аас нэг тонн нүүрсийг 34 ам.доллараар авах гэрээ хийсэн бөгөөд найман долларыг нь Таван толгой ХХК-д тушаагаад үлдэх 26 ам.долларыг нь хятадууд өөрснөө нүүрсээ ухаж тээвэрлэх зардалд шингэнэ гэжээ. Нэг үгээр хэлбэл хятадын Пүүшин компани нь Таван толгойн ХХК-ын нүүрсний орд газрыг хятад ажилчдаараа, хятадын техникээ ашиглан ухаж олборлоод хятад жолооч нараараа нутаг руугаа тээвэрлэх гэрээ хийжээ. Ингэснээр үнэн хэрэгтээ Таван толгой ХХК нь хамаг ажлаа Пүүшин компанид түрээсэлчихээд өөрснөө ачсан нүүрснийхээ тонн тутмаас найман ам.доллар хураагаад сууж байдаг касс маягийн юм болж хувирчээ. Тэгэхээр тус компаний конторт мөнгөө хураадаг нэг ерөнхий нягтлангаас өөр хүн ажиллах шаардлагагүй болсон нь ойлгомжтой. Бодит байдал дээр судлан тооцоо хийхэд нэг тонн нүүрсийг ил аргаар ухаж ачихад дээд тал нь дөрвөн ам.доллар, нэг тонн нүүрсийг хятад руу тээвэрлэхэд дээд тал нь долоон доллар гээд бодоод үзэхлээр цаана нь 16 доллар сох дутаж байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хятадын Пүүшин компани тус уурхайгаас нэг сая тонн нүүрс ухаж зөөсөн гэж үзвэл монголын баялгаас нийтдээ 16 сая ам.доллар тэр чигээрээ алга болжээ. Энэ их мөнгөний ард монголчуудын баялгийг цөлмөж байгаа хятадын Пүүшин компани болон Таван толгой ХХК-ийн өнөөгийн гүйцэтгэх захирал Нэмэхбат, тус уурхайн ТУЗ-ын гишүүд болох Өмнөговь аймгийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой авлига нуугдаж байгаа нь ойлгомжтой юм. Зоригтбаатар анхнаасаа л Таван толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал байхдаа компанийхаа ТУЗ-ын гишүүдтэй зөрчилдөж нүүрсээ монголчууд өөрсдөө ухаж, тээвэрлэнэ хятадууд мөнгөө төлөөд нүүрсээ аваг гэж зүтгүүлж байснаас албан тушаалаасаа хууль бусаар огцорч, тушаал буусан байдаг. Ийнхүү Монгол Улсын болон ирээдүй хойч үеийн маань нэг томоохон баялаг цоорхой хуулийн гайгаар орон нутгийн эрх мэдэлтнүүдийн гарт орж гадныхны идэш болж байгаа байдлыг төр засаг анхааралдаа авч Таван толгой ХХК-ийн ТУЗ-ын эрх мэдлийг Засгийн газрын мэдэлд авч орон нутаг дахь эрүүл бус аж ахуйн үйл ажиллагааг нэн даруй хязгаарлан зогсоох нь зүйтэй болов уу.

М.Ганзориг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button