Сумдыг цөөлж нэгтгэх үү

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргааны удирдлага, иргэдийн төлөөлөгчид болон малчид оролцсон бөгөөд тэд тавьсан илтгэлийн дагуу үг хэлж, санал бодлоо чөлвөтэй хуваалцлаа. Тэдний ярилцах голд сэдэв бол мэдээж, засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийн тухай. Ингэхэд заавал өөрчилж шинэчлэх шаардлага байгаа гэж үү. Засгийн газраас хийсэн судалгаагаар засаг захиргааны одоогийн нэгжүүд нэг бол томдож эс бөгөөс багадаад байгаа нь харагдав. Дундговь, Орхон, Говь-Сүмбэр гэсэн аймгуудын дотор аймаг, сумын дотор сум байна гэсэн шүүмжлэл ч гарч байгаа. Үндсэн хуулийн зарчмаар бол Дархан-Уул аймаг гэж байх ёсгүй гэх хатуухан байр суурьтай хүн ч байна.
Үүнтэй холбогдуулан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын зарим гишүүд санаачилж нэгдсэн чуулганд өргөн бариад анхны хэлэлцүүлэгт орох гэж байгаа билээ. Хууль санаачлагчдын төлөвлөснөөр Дархан, Эрдэнэтийн хот гэсэн статусыг буцааж батлахаас эхлээд аймгийн төвдөө ойр сумуудыг нэгтгэх гэсэн өөрчлнлтүүд байгаа. Дархан-Уул аймгийн иргэд гэхэд л бараг гурван аймгийн хүн амтай тэнцэнэ. Гэтэл тус аймагт нэг аймгийн хэмжээнд л төсөв баталж өгнө. Гэвч сумд нийлж, олон хоттой болох нь хэмээн болгоомжилж эсэргүүцсэн хэсэг ч байна. Үүнээс эхлээд бага гэлтгүй санаа зовоох олон асуудал гарч байгаа. Үнэхээр л Хонгор сумын төв Дархан хот гэж хэлэхээсээ ичээд байгаа юм уу хаашаа юм. Нийслэл хот руугаа нүүдэллэх болсон өнөө үед жижиг нэгжүүдэд оршин сууж байгаа иргэд амьдрахад бэрх болж байгааг дээрхи уулзалтад оролцогч тэмдэглэж байсан. Тэгэхээр манай улсын 329 сумыг цөөлж, 200 гаруй болгоход болохгүй гэх газаргүй гэж судалгааг хийсэн мэргэжилтэн хэлж байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн нөгөө Засгийн газраас хэрэгжүүлж буй сумдыг гэрэл, цахилгаантай болгосон нь эзэнгүй болж үлдэх үү гэсэн асуулт урган гарч байгаа. Энэ бүхний жин данг тааруулан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд хандахгүй бол байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэдэг болж магадгүй. Иргэдэд ойлгуулж, ач холбогдлыг мэдрүүлэхэд сум, багийн дарга нараас шалтгаалах зүйл их байгаа учир ийнхүү тэднийг урьж авчран санал бодлыг нь сонсож, ярилцаж байгаа нь энэ ажээ. Уг арга хэмжээг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Томас Шрапел нар үг хэллээ. Уулзалт ярилцлагад оролцсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Дондог Төвлөрлийг сааруулж орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, УИХ-ын гишүүн С.Ламбаа Нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхэд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл зайлшгүй болох нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржав Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх хэрэгцээ шаардлага, ЗГХЭГ-ын хэлтсийн дарга Н.Оргодол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн талаар зарим аймагт хийсэн судалгаа, иргэдээс авсан асуулгын дүнгийн тухай, Удирдлагын академийн багш, судлаач 3. Батцэнгэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах аргазүйн судалгаа, Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн С.Давааням Хүн амын нутагшил, суурьшлын зохистой байршил сэдэвт илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлсэн юм. Эдгээр илтгэлүүд нарийн судалгаан дээр суурилсан, цаг зав хүч хөдөлмөр зарсны үр дүнд чамбай боловсруулагдсаныг уулзалтад оролцогсод үнэлж байлаа. Тухайлбал, Н. Оргодолын илтгэлд дурдагдсан зарим судалгааны үзүүлэлт хүмүүсийн анхаарлыг багагүй татсан. Хоорондоо 30 км хүртэл зайтай болон 2000 хүртэл хүн амтай сумдыг нэгтгэвэл зах зээлийн багтаамж ихэсч, үйлдвэрлэл үйлчилгээ шинээр эрхлэх боломж нэмэгдэж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний байгууллагын бүтэц орон тоо, үйлчилгээг чанартай хүргэх түвшинд хүрнэ гэсэн судалгаа дүгнэлтийг та хэрхэн үзэж байна вэ гэсэн асуултад санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 58.2 хувь нь дэмжинэ, 26.2 хувь нь дэмжихгүй, 15.6 хувь нь мэдэхгүй гэж хариулсныг Н. Оргодол илтгэлдээ тодорхой дурдсан байна.

С.Бурмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button