Баруунтан, зүүнтэн болж тоглосоор намаа задалчих юм биш биз

Хувьсгалт намд таагүй ханддаг иргэд энэ намыг заадас болгоноороо дэлбэ үсэрч нэг мөсөн амь тавих болно гэж горьдон их зүйлийг хүсэн хүлээж байгаа аж. Энэ нам хэдэн заадастай вэ? Үүнд хариулахад амархан гэнэ. Ө.Энхтүвшингийн санаачилж удирдсан Уламжлал, шинэчлэл, ардчилал, шударга ёсны төлөө жигүүр, онц их хурлын төлөө хөдөлгөөн, намаа аврах хөдөлгөөн, Байгаль орчны сайд асан У.Барсболдын удирддаг Улаан сарнай бүлэг гээд эрх ашиг нь хохирсон гэж үздэг, үзэл бодлын нэлээд зөрөөтэй олон заадас байгаа аж. Үүн дээр жигүүрийг буудчих юмсан гэж хэлдэг Ц.Нямдоржийн бүлэг, нийслэлийнхээс голдуу бүрддэг Ерөнхий сайд М.Энхболдын бүлэг, мөн Н.Багабанди, Даш-Ёндон нарыг хүрээлж байдаг хууччуулын бүлэг бас нэмэгдэх ажээ. Энэ олон бүлэг, фракцийн эрх ашгийг нэгтгэж, тэдний хүсэл, ашиг сонирхолд тэгш үйлчилнэ гэдэг ёстой нөгөө таван нохойг тууж болдоггүй гэдгийг үлгэр бололтой. Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, хурц догшин зантай, намаа хамгаална гэж элдэв зүйл санаачилж явдаг У.Хүрэлсүх Ө.Энхтүвшингийн жигүүртэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана хэмээн зүүний жигүүр байгуулаад байгаа гэнэ. Тэднийг хямрахад хүргэсэн зүйл нь хүсэл сэтгэлээрээ биш албан тушаал, эрх дархын төлөөх сэтгэл голлож байгаа юм. Жигүүр, хөдөлгөөн санаачлагчдын ихэнх нь улс төрийн ажлын амтат сүүнээс хөхөөд түүнээ алдсан хүмүүс. Иймээс тэр гайхамшигт амтыг дахин мадрэхийг тэсч ядан хүлээж байгаа. Харин тэрхүү сүүг амтлан таашааж аз жаргал эдлэх амны хишиг өөрт нь байгаа эсэхийг тэд эргэцүүлээгүй бизээ. Намд гомдогчдын ерөөлт түр орон зай, оромж бол жигүүр, хөдөлгөөн гэх бүлэглэлүүдийн цуглардаг газар ажээ. Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүн болсноос хойш биднийг хаяад, юманд оролцохгүй чимээгүй боллоо гэх гомдол байгаа аж. Болохгүй байгааг мэддэг боловч, тэр болохгүйг яаж засч сайжруулахыг огтоос мэддэггүй тэр тухайд ухаанд нь ухна үхсэн зөвхөн шүүмжлэлээр гоншигнон байж шар өдөр, бор хоногийг бардаг тэд бол хөөрхийлөлтэй хүмүүс юм. Эргэн тойрныхоо бүх зүйлээс бухимдал гутрал авч байдаг, өарөө болохоор шаналж зовиурласан сүрхий буурьтай царайгаар хэлбэрдэж явдаг, тийм л уй гунигийн савнууд болж байгаа зүйлийг бусниулахдаа сүрхий эрч хүчтэй болдог байна. Хувьсгалт намын дотор иргэний хөдөлгөөнийхөнтэй хавсарсан бүр аюултай бүлэг бий. Тийм хэв маягийн хүмүүс одоо энэ намыг чадвал булшилж, эс чадвал тарааж бутраахыг хэзээнээс санаархаж байгаа гэнээ. Гэтэл харин хэзээнээс сөргөлдөж дайсагнаж ирсэн боловч Хувьсгалт нам тарж бутрах нь нийт улс төр, улс үндэстний хувь заяанд ашиггүй юм гэж АН-ын лидерүүд үзэж байна. Манай улс төрийн намуудын төлөвшил гүйцээгүй байна. Намууд нялх нялзрайгаас болж төрийн үйл хэрэг төвөгтэй байдалд орж байна. Иймээс хувьсгалт нам өөр дотроо учраа олж байвал зүгээрсэн гэж АН-ын гол лидерийн нэг Э.Бат-Үүл хэлж байлаа. Жинхэнэ ардчилал шударга ёсыг хатуу барьдаг тул юмыг олон талаас нь боддог чанар эрхэм Бат-Үүлд ажиглагддаг. Намууд ингэж хөлөө гэдсэндээ хийлцэж бужигнаж байх зуурт иргэдийн хөдөлгөөний нэр барьсан гэж, тэрсүүд нар гол хоёр намыг дайсагналцуулах үзэлд олон нийтийг сургаж, дасгаж байгаа ажээ. Үүний нэгэн жишээ бол өнгөрсөн 11 дүгээр сарын эхээр Их хуралдай гэгчийг зохион байгуулагчид намуудыг тарааж, төрийн хамраас цус гаргах тухай уриалж байсан явдал юм. Тэд байсгээд л цусны тухай улангасч хашгирч байсан нь нэгийг бодогдуулж байсан бизээ. Түүх давтагддаг гэдэг үүднээс өнөөгийн явдлыг түүхийн омши жишээ баримтаар жишээлэн тайлбарлахыг хүсэгчид олон байдаг. Тэд ихэнхдээ онож хэлдэг билээ. Хувьсгалт намд одоо болох гээд байгаа үйл явдал 1930-аад оны эхээр болсон МАХН-ын ҮIII дугаар их хурлыг санагдуулж байгаа ажээ. Энэ хурлын үеэр тус намын доторхи баруунтан, зүүнтэн гэгчид хоёр талцан үзэлцэж. Энэ нь аажимдаа ирээдүйн хэлмэгдүүллийн гол дэвсгэр болсон билээ. Тэдний хэрүүл маргаан, мэтгэлцээн нэг үе оргилдоо хүрэн галаар тургин дүрэлзэж, заримдаа аяс зөөлөн болон намжиж байжээ. Гэвч аж ахуйг хамтралжуулах зэргээр алдаатай бодлого явуулж, ард түмнийг үгүйрүүлсэн Шижээ, Бадрах нарыг буруутган цааш харуулсан. Энэ бол гашуун гунигтай түүх. Шинэ эргэлтийн бодлогыг тодорхойлогч П.Гэндэн ч хожмоо эдний араас золиос болсон. Өнөөгийн ардчиллын төвшинд хүрсэн бид арай буудалцахгүй ч, саналын зөрүү зэргийн зүйл мэтгэн цэцэрхэж, түнжин хагарч, намынхаа хүч чадлыг сулруулах нь хаашаа байх болоо. Нам нь эв нэгдэлтэй, хүчтэй байвал гүшүүд, дэмжигчид, лидер оройлогчид нь хийморьтой эрч хүчтэй гялалзаж байдаг нь тодорхой харагдаж байна. Намын дарга М.Энхболд нам дотроо үүсээд байгаа энэхүү сөргөлдөөнийг эвтэйхэн зохицуулж гарах улс төрийн туршлага сууж байх шиг байна. Ардчилсан намыг дууриан дор дороо лидер царай гаргаж омог бардам сэтгэлээр асуудлыг шийдэх гэвэл модны мөчир дээр суугаад өөрөө хөрөөдөхийн үлгэр болж, жинхэнэ задрал эхэлж магад. Гэхдээ энэ нь ямар ч хүнд нөхцөлд учраа олдог нь бусдаас давуутайн шинж.

Ш.Цэрэнпил ӨМ-ын тоймч

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button